Философийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

ШУА-ийн Философийн хүрээлэн өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж буй үндсэн зорилго нь хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, хэтийн зорилт болон 2019 онд шинээр гарсан бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах, оюутан залууст эрдэм шинжилгээний ажлын онцлог, ач холбогдлыг сурталчлан таниулахад чиглэжээ.

Өдөрлөгийн үеэр Философийн хүрээлэнгийн салбар бүр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, судалгааны чиглэл болон бүтэц зохион байгуулалтынхаа талаар товч танилцуулахаас гадна хүрээлэнгийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, ном бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна. Мөн хүрээлэнгийн залуу эрдэм шинжилгээний ажилтнууд өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн оюутан залууст өөрсдийн судалгаа шинжилгээний ажлын онцлогийг тусгасан лекц унших ажээ.

Философийн хүрээлэн анх ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн харьяанд “Философи, төр эрхийн тасаг” нэртэйгээр 1967 онд байгуулагдаж эрхлэгчээр нь нэрт эрдэмтэн, академич Ч.Жүгдэр 1967-1971 онд ажиллаж байв. Мөн хүрээлэнд “Буддын судлалын сектор” 1969 онд байгуулагджээ. Эдгээр нэгжийн үндэс суурин дээр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1972 оны долдугаар сарын 15-ны өдрийн 192 дугаар тогтоолоор Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулах шийдвэр гарч тэр дагуу 1974 оны гуравдугаар сард философи, социологи, төр эрхийн хэлтэстэйгээр албан ёсоор байгуулагдаж ажиллажээ. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний анхны ажилтнууд нь Х.Нямбуу, Б.Самбуу, Ш.Түдэв, Д.Тунгалаг, Ц.Төрбилэг, зааварлагч Ю.Санжаагончиг нар байв.

Хүрээлэнгийн анхны захирлаар академич Ч.Жүгдэр ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган, хүрээлэнгийн бэхжилт, хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Түүнээс хойших хугацаанд академич С.Норовсамбуу, доктор (Ph.D) Г.Лодой, доктор (Sc.D) Д.Дашпүрэв, академич Г.Чулуунбаатар, академич Ж.Амарсанаа, доктор (Sc.D)Ш.Ариунаа нар захирлаар ажиллаж иржээ.

ШУА-ийн Философийн хүрээлэн нь Философи, Улс төр, эрхзүй, Социологи нийгмийн сэтгэл зүй, Шашин судлалын салбар болон Баян-Өлгий аймаг дахь салбар гэсэн нийт таван салбар, 45 эрдэм шинжилгээний ажилтантайгаар өрнө дорнын философи, социологи, улс төр судлал, шашин судлал, хууль эрх зүйн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн явуулж байгаа юм байна. Тус хүрээлэн 2000 оны дунд үеэс өдгөө хүртэл 40 гаруй суурь судалгааны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд суурь судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Философийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон гадаад дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ харилцан солилцох замаар олон улсын эрдэм шинжилгээ хурал,симпоуизм зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд ОХУ, БНХАУ, Чех, Польш, Унгар, Турк, зэрэг орнуудын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их дээд сургуулиудтай хамтарч ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)