АМНАТ-ийн зохицуулалтыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл буюу ашигт малтмал ашигласны төлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосон. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг байгуулж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигг малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх" гэснийг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг зохицуулалтыг нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ