У.Хүрэлсүх: Хүнс экспортлогч улс болох зорилт дэвшүүлнэ

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд зохион байгуулж буй "Атрын 60 жил" хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Тэрээр " Атрын I, II аяны үндсэн зорилтууд нь тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэстэй эрчимжүүлэн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар нэвтрүүлэхэд чиглэгдэж байлаа.

Харин Атрын III аяныг улс оронд нийгэм, эдийн засгийн томоохон шилжилт хийгдсэн үед зарлан төр-хувийн хэвшлийн хамтын түншлэл, хичээл зүтгэлийн үр дүнд амжилттай хэрэгжүүлснээр тус салбарын уналтыг зогсоож, сэргээн хөгжүүлэх, импортын хүнсний хараат байдлаас гарах, хүнсний эх булаг болсон газар тариаланд техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж чадсан юм.

Тариаланч хүн бол байгаль, цаг уурын бэрхшээл дор цаг нартай уралдан ажиллаж, аливаа хатуу бэрхийг тэсвэр, тэвчээрээр даван туулж, хүн амыг хүнсээр хангах гэгээн үйлсийн төлөө өөрийн мэдлэг оюун, авьяас билэг, хөрөнгө, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажилладаг баатарлаг үйлстэн юм.

Өнөөдөр дэлхийн зарим улс орон ихээхэн хүнсний хомсдолтой байгаа бол Монгол Улс айл өрх бүрийнхээ мах, гурил, төмс зэрэг нэн тэргүүний хэрэгцээт хүнснийхээ дийлэнх хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь малчид, тариаланчид, ногоочид Та бүхний хөдөлмөрийн үр дүн юм.

Бид цаашид газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой хослуулан эрхлэх, таримал ургамлын үр сорт, техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хөрс хамгаалах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй тэжээллэг хүнсээр тогтвортой хангах, хадгалалт, борлуулалтын найдвартай сүлжээг бий болгох, хөдөөгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тогтворжуулахад чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас бодлогын түвшинд “Хүнс экспортлогч улс” болох зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд уг зорилтыг хангахад та бид дараах чиглэлээр анхаарч ажиллах нь зүйтэй байна. Үүнд:

   - Газар тариалангийн салбарын ирээдүй нь экологижсон, ухаалаг, нарийвчлалтай технологид суурилсан үйлдвэрлэл байх ба салбарын ирээдүйн залгамж халаа болсон хүний нөөц, залуу үеийг бэлтгэхэд онцгой анхаарах;

  - Хөрсний үржил шимийг хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, тариалангийн талбайг хамгаалах хашаа, ойн зурвас байгуулж байгаа санаачилгыг өргөжүүлж урамшуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хоршсон, экологижсон газар тариаланг хөгжүүлэх;

  - Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон таримал ургамлын сорт гаргах, нутагшуулах, шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн уялдааг хангасан, нөөц хэмнэсэн, бүтээмж өндөр үйлдвэр эрхлэлтийг дэмжих;

   - Газар тариалан эрхлэхдээ шинжлэх ухаанд суурилсан, механикжсан, нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөнд үндэслэн эрсдэлээ даатгуулах замаар байгаль, цаг уурын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийг тогтворжуулах;

   - Хүн амыг жилийн турш эрүүл хүнсээр тогтвортой хангах, эрэлтэд тулгуурласан, байгаль, цаг уураас хараат бус, нарийвчлалтай ухаалаг технологийг нэвтрүүлсэн, хамгаалагдсан хөрсний аж ахуй, цахим бүртгэл бүхий борлуулалтын оновчтой бүтцийг бий болгох явдал юм. 

Цаашид газар тариалангийн салбарын ирээдүйг авч явах залуучуудын хөгжилд анхаарах, хөрсний үржил шимийг хамгаалах, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих замаар газар тариалангийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх болно.

  Хөрс эрүүл байвал хүнс эрүүл байна, хүнс эрүүл байвал хүн эрүүл байна.

Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, ажлын амжилт, арвин их ургацтай байхыг хүсье" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)