Нийслэлийн эрх зүйг шинэчлэх төслийг танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсов. Хуралдаанаар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хот 380 жилийн түүхтэй бөгөөд 1994 онд УИХ-аас “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батлан гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 130 гаруй төрлийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна. Тус хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 25 жилийн хугацаанд нийслэлийн үйл ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, тэр хэрээр олон асуудлыг зохицуулах шаардлага тулгарч буй. Тухайлбал, Улаанбаатарын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын түгжрэл ихсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүхий л талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Нөгөөтэйгүүр, 1994 онд баталсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн зүйл, заалт цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах, хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг үүсгэж, эрх зүйн хийдлийг бий болгож буй. Иймд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан, танилцуулж буй. Шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 36 зүйлтэй. Төсөлд нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, эдийн засгийн хувьд бие даан шийдвэр гаргах, тулгамдаж буй асуудлаа эдийн засгийн аргаар буюу хураамж, төлбөр тогтоох замаар шийдвэрлэх боломж бүрдүүлэх, иргэдэд чиглэсэн нийтийн эрх ашигт нийцсэн, тав тухтай оршин суух орчныг бүрдүүлэх зэргээр тодорхой зохицуулалтуудыг тусган өгсөн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэллээ.

Мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ дахь намын бүлэг, хороодын санал, дүгнэлтийг таницуулав. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг төлөөлөгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. Танилцуулгад “Шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн байна. Иймд МАН-ын бүлгээс “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хэлэлцэж, холбогдох байгууллагад уламжлахыг дэмжиж байна” гэжээ. Хууль, эрх зүйн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга, төлөөлөгч Ж.Батсайхан танилцуулав. Тус хорооноос зарим зүйлсийг анхааруулж, зарим асуудлаар санал хураалгах санал гаргав.

Улмаар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, гарсан саналыг нэгтгэж, нэмж тусгах үүргийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үүрэг болгов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)