Монголоос 17 улсад 270 хүүхэд үрчлэгджээ

Монгол Улсын хэмжээнд жилдээ 1500-1600 орчим хүүхэд дотоодын хэмжээнд үрчлэгддэг гэсэн тоон мэдээлэл байна. Дотоодын үрчлэлийн асуудал дээр хяналт тавих талаар гэр бүлийн тухай хуульд одоогоор тусгагдаагүй байгаа бөгөөд шинэчилсэн найруулгын төсөлд дотоод үрчлэлийг олон улсын зарчим, стандартад нийцүүлэх асуудлыг тусгаж байгаа юм байна.

Харин хилийн чанадад хүүхэд үрчлэх асуудалд Монгол Улс ямар байр сууринаас ханддаг, гадаадад хүүхэд үрчлэхэд ямар үйл явц өрнөдгийг сонирхлоо.

1999 оноос хойш манай улсаас 270 хүүхэд гадаадад үрчлэгджээ

Монгол улс "Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн оржээ. Үүнээс хойш хилийн чанадад  Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүэх асуудлыг 1999 оны Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль” болон 2001 онд батлагдсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”-аар зохицуулж байна. 

Үрчлүүлэх үйл ажиллагааг холбогдох журмын дагуу Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Гадаадын Иргэн, Харьяатын Газар хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлаар бусад орнуудын үрчлэлийн асуудал хариуцсан, төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн итгэмжлэгдсэн байгууллагатай хамтран ажилладаг.

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль болон Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журмын хүрээнд 1999 оноос хойш 264 хүүхэд гадаад улсад буюу,

АНУ
Герман
БНСУ
Франц
Недерланд
Канад
Итали
Авсртали
Англи
Бельги
Япон
Дани
Испани
Финлянд
Швед
Шинэ Зеланд
ОХУ гэсэн 17 улсад үрчлэгдсэн гэх мэдээг бидэнд өглөө.

Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын харьяатаас гарсан хүүхэд байхгүй

Хүүхэд үрчлэлийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаагаас тодрууллаа.

-Манай улсын хувьд хүүхэд үрчлэх асуудал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Гадаад үрчлэлийн асуудал олон улсын гэрээ конвенцын дагуу явдаг. 1993 онд батлагдсан "Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцид манай улс 1999 онд нэгдэн орсон. Энэ дагуу гадаад үрчлэлийн асуудал Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулинд туссан 1999 онооос гадаад үрчлэлийн асуудал явагдаж эхэлсэн. 2000 онд анхны хүүхэд гадаадад үрчлэгдсэн. Үүнээс хойш 2019 оны байдлаар 17 улсад 270 хүүхэд гадаадын улс оронд үрчлэгдсэн.

Гаагийн конвенцид нэгдсэн улс орнууд өөрийн дотоодын хууль журмаас гадна олон улсын гэрээ конвенцын дагуу явдаг. Манайх 2001 онд Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар гадаадад хүүхэд үрчлэх журам гарсан. Тиймээс олон улсын Гаагийн конвенци, Гэр бүлийн тухай хууль, хоёр сайдын баталсан гадаадын иргэн харьяатад хүүхэд үрчлүүлэх журмын дагуу үрчлэлийг 2000 оноос хийж байна.

-Гадаадад хүүхэд үрчлэх үйл явц хэр нээлттэй байдаг бол?

-Конвенцийн дагуу тухайн оролцогч улсууд буюу хүүхэд үрчлэх гэж байгаа тал үрчлүүлэх гэж байгаа Монгол Улс, тухайн үрчилж авах гэж байгаа гэр бүлийнхээ нөхцөл байдлын үнэлгээ, эрүүл мэнд, санхүү, оршин суугаа газрын  тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг 12 тодорхойлолт бүхий хүсэлтийг тухайн улсын хүүхэд үрчлэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулж хүлээн авдаг. Бид тухайн материалыг манай шаардлагыг хангасан эсэхийг үзэж шалган ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан Үрчлэлийн зөвлөл хүлээн авч хэлэлцдэг. Ингэснээр бид хүүхэд үрчлэх хүсэлт гаргасан гэр бүлийн жагсаалтад бүртгэнэ. Манайд бүртгэлтэй бүтэн өнчин хүүхэд болон хүнд нөхцөлд амьдарч байгаа үрчлүүлэх боломжтой хүүхдүүдийн жагсаалтын дагуу халамжийн төвд амьдарч байгаа болон бүтэн өнчин дотоодод үрчлэгдэх  боломжгүй хүүхдүүдийн судалгаан дээр үндэслэн тухайн улсын иргэний тавьсан хүсэлтийн дагуу санал болгодог. Үүний үндсэн дээр тухайн гэр бүл тэрхүү хүүхдийг үрчлэн авахыг зөвшөөрвөл Үрчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж хүүхэд үрчлүүлэх шийдвэрийг ХНХЯ-н дээр гардаг. Энэ шийдвэрийн дагуу ГИХГ руу Үрчлэлийн зөвлөлийн шийдвэрээ явуулдаг. ГИХГ дээр даргын техникийн зөвлөлөөр орон эцсийн шийдвэр гардаг.

-Үрчлүүлсэн хүүхдийн талаарх мэдээллийг жилд хэдэн удаа ямар хэлбэрээр тухайн талд манайд мэдээлдэг вэ?

-Үрчлэлийн зөвлөлийн журмын дагуу хүүхдийн ээнэгшин дасалт, өсөлт хөгжлийн тайланг заавал ирүүлж байх ёстой. 0-3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл 2 жил тутамд тайлан мэдээллийг тухайн гэр бүл болон эрх бүхий итгэмжлэл авсан байгууллагаараа дамжуулж ХНХЯ болон ГИХГ ирүүлдэг. Одоогийн байдлаар Монгол Улсаас үрчлэгдсэн хүүхдүүдэд хүүхдийн эрхийн зөрчил, элдэв гэр бүлийн зөрчилтэй холбоотой мэдээлэл, тайлан ирээгүй. Тайлан мэдээллээр тухайн гэр бүлүүд үрчилж авсан хүүхдүүд нь яаж хөгжиж, хэрхэн уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргасан, гэр бүлийн аяллаар хэрхэн явсан талаар зурагтай тайлан мэдээллүүдээ хугацаанд нь ирүүлдэг. Журмын дагуу гадаадад суугаа монголын дипломат  төлөөлөгчийн газар тухайн улсад үрчлэгдсэн хүүхдийнхээ нөхцөл байдалд хяналт тавих үүрэгтэй. Үрчилсэн талаас гэрээний дагуу үрчилсэн хүүхдийнхээ эцэг эх, төрсөн эх орных нь талаар мэдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу 2017 онд АНУ-аас 12 хүүхэд ирж Монгол орныхоо нөхцөл байдалтай танилцсан. Энэ жил 4 хүүхэдтэй хоёр гэр бүл, хоёр хүүхэд үрчилж авсан нэг гэр бүл ирж Монгол орны нөхцөл байдлыг танилцуулсан. Жил бүр улс бүрээс л үрчлэгдсэн хүүхдүүд эцэг эхтэйгээ ирж эх оронтойгоо танилцан бидэнтэй уулздаг.

2018 онд бид АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хүүхэд үрчлэл, хүүхэд хамгааллын асуудлаар хүүхэд үрчлэлтэй холбоотой төрийн албан хаагчдыг чадавхжуулах манлайллын хөтөлбөрт хамрагдан АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүдийнхээ нөхцөл байдалтай танилцсан. Тэнд үрчлэгдсэн хүүхдүүд ийн нөхцөл байдлыг харахад хүүхэд гэр бүлийн орчинд аав, ээжийнхээ хайр энэрэлд өсөж торнидог вэ гэдгийг бид нүдээр үзэн танилцаад ирсэн.  

-Тухайн эцэг эх хүүхдийнхээ тайлан мэдээг явуулаагүй тохиолдолд ямар хариуцлага тооцох уу. Мөн үрчлэгдсэн хүүхдэд эрсдэл бүхий асуудал үүсэхэд түүнд хэн хэрхэн арга хэмжээ авч шийдвэрлэх үү?

-Тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар үүнд хяналт тавих үүрэгтэй. Үнэндээ гадаадад үрчлэгдсэн хүүхдүүддээ хяналт тавих, очиж танилцах гэсэн төсөв мөнгө тавигддаггүй. Бид УИХ-д өргөн барьсан байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагат гадаадад үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавьдаг байя. ГИХГ, гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьдаг байя гэсэн асуудлыг оруулсан. Хэрвээ хууль батлагдаад явбал энэ асуудалд илүү нарийвчлан дипломат төлөөлөгчийн газар тайлан мэдээллийг нь хянаад явах боломжтой.

-Үрчлэгдсэн хүүхдийн иргэншлийн асуудлыг хэрхэн шийдэг вэ?

-Хуулиараа үрчлэгдсэн хүүхэд 18 нас хүртлээ хоёр улсын иргэншилтэй байгаа. 18 нас хүрээд хүүхдийн өөрийнх нь хүсэлтийн дагуу харьяатын асуудлыг шийддэг. Одоогийн байдлаар Монгол Улсын харьяатаас гарсан хүүхэд байхгүй. Анх үрчлэгдээд 18 нас хүрсэн хүүхэд өнгөрсөн жил бидэнтэй ирж уулзсан. Тэрээр 21 настай, дээд сургуулиа төгсөөл коллежид багшилж байгаа охин байсан. Тэрээр хоёр улсынхаа харьяатаар байгаа эх орондоо хайртайгаа илэрхийлээд явсан.

-Гадаадаас эцэг эхүүд монголоос өргөж авах хүүхдээ сонгож болдог уу. Би энэ хүүхдийг өргөж авья гээд материалаа бүрдүүлж болдог юм болов уу?

-Боломжгүй. Олон Улсын Гаагийн конвенцын дагуу хэзээ ч үрчилж байгаа аав, ээж хүүхэд сонгож аваад үрчилнэ эгсэн асуудал байхгүй. Конвенцын дагуу тухайн байгууллагаараа дамжуулаад үрчлэлийн асуудал явагдан эрх бүхий байгууллагууд хорондоо харилцдаг.

-Монгол Улсын иргэд гадаадаас хүүхэд үрчилж авсан тохиолдол байдаг уу. Энэ асуудал хэр нээлттэй байдаг бол?

-Монгол Улсын иргэн гадаадаас хүүхэд үрчилж авсан тохиолдол одоогоор байхгүй. Нэг хүсэлт ирсэн. Монгол Улсын иргэн БНХАУ-д бүртгэлтэй монголд үлдсэн хүүхдийн тухай асуудал ирсэн. Тухайн үед конвенцын дагуу ГХЯ, БНХАУын элчинтэй хамтран энэ асуудлыг судлах үүрэг өгсөн байгаа. Монгол Улсын иргэн гадаадаас хүүхэд үрчилж авах асуудал нээлттэй.

-Дотоодын үрчлэл хэрхэн явагдах уу. Жилд ойролцоогоор хэдэн хүүхэд үрчлэгдэж байна?

-Дотоодын үрчлэл Гэр бүлийн тухай хуулиараа тухайн үрчлэхийг хүссэн эцэг эх болон үрчлүүлэхийг хүссэн эцэг эхийн хүсэлт бүхий тодорхойлолтууд аймаг, дүүргийнхээ Засаг даргад гаргана. Аймаг, дүүргийн Засаг дарга тухайн нөхцөл байдлыг үндэслэн Засаг даргын захирамжаар үрчлэгдэн асуудал явагддаг. 2000 оноос хойш дотоодод 37 мянга гаран хүүхэд үрчлэгдсэн гэдэг тоо мэдээлэл байдаг. Жилд 1500-1600 хүүхэд дотоодод үрчлэгддэг гэсэн тоо бий. Бид Гэр бүлийн тухай хуульд дотоодын хүүхэд үрчлэлийн асуудлаар хяналттай болгоё гэж байгаа.

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найрууллагад дотоод үрчлэлд ч гэсэн аймаг, дүүрэгт гадаад үрчлэлд байдаг шиг үрчлэлийн зөвлөл ажиллая. Үрчлэлийн зөвлөлтэй байж тухайн үрчлэх гэж байгаа хүүхдийн эцэг эхэд үнэлгээ хийе, үрчилсний дараа ч гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан хяналт тавьж тайланг авдаг байя , тэр үрчилж авах гэж байгаа эцэг, эхэд хүүхэд хүмүүжлийн талаар сургалт хийдэг байя гээд хуулийн төсөл оруулсан. Ингэснээр илүү нарийвчилсан зохицуулалттай болно гэж үзэж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)