Лувсанжамбын Мөрдорж МӨНХИЙН ГЭГЭЭ

Цуврал II

Европын уран барилгын хэвээр баригдсан өндөр адар, адрыг нь тулан зогсох хос багана, нүсэр хилэн хөшиг, хөл дор чихрах модон шал, хаа нэгтээ хөгжим, нөгөө талаас бас дуулах чимээ, аялгуунууд нь агаарт нисэж, хоорондоо уусан нэгдэж гайхамшгийг бүтээх шиг, нэг сонсох нь ээ бөглүү бүгдхэн. Тэд энэ харанхуй хүүшилсэн орон зайд хөг аялгуу, хөдөлгөөн, уран бүтээл гэх чинхүү хүслээр гэрэл гэгээ тусган ажилладаг байхдаа гэсэн одолтой Улаанбаатар хотын хамгийн эртний уран барилгын дурсгал дотор хөшигний араас “Хөхөө Намжил” дуурийн бэлтгэлийг ажин зогслоо.

Зохиосон хүн нь үгүй, тоглож байсан дуучид, жүжигчид нь эзгүй атал “амьд” оршин буйн шалтгаан уран бүтээлд л шингэн үлддэг үнэ цэнээр тайлагдах учиртай юм санж. Мөнх амьдрал гэгч бурхан багшийн оноож өгдөг хувь бэлэг биш, эгэл цусан зүрхтний бүтээдэг алдар суу, бүтээл дуурсал л юм байна.

Бодол таслан зааланд настай хүний сөөнгө хоолой дуу өсгөгчөөр хадлаа. “Хувцас хунараа янзал. Өөр өөрсдийн байр суурийг мэдэр. Битгий унжийцгаагаад бай” гэхтэй зэрэгцэн жүжигчид нам жим болов. Тэр олоон жилийн өмнө дэлгэцнээс Хатанбаатар Магсаржавын дүрээд цог заль дүүрэн уухай хашхирч байсан сан. Цэл залуухан найруулагч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг найруулах гээд оролдож байхад өнөөх зохиосон суутан нь хөшигний завсараар яг над шиг ингээд харж зогссон тухай хөгжилтэй дурсамжаар бидний яриа эхэллээ. 

“Энэ театр ч байгуулагдаагүй байхад (1960 онд) анхны дуурийн найруулагч Лхасүрэн гуай, зураач Доржпалам хоёр монгол түмний бахархалт хүний дуурийг анх найруулан тавьсан түүхтэй. Хөгжмийг нь Л.Мөрдорж гуай бичиж, цомнол талаас нь Ч.Чимид, Л.Ванган хоёр ажилласан гэхээр гайхамшиг.”

Болгар улсад хөгжмийн мэргэжил эзэмшиж ирээд бүтээсэн хамгийн анхны дүрүүдийн нэг нь “Хөхөө Намжил” дуурийн Галдангийн дүр байжээ. “Энэ дүрдээ ч дуртай. “Хөхөө Намжил”-ыг олон жил тоглосон учраас зайлшгүй шинэчлэх болсон гэж үзээд 1999 онд өөрийн найруулгаар шинэчлэн тавьсан юм” гэж Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган өгүүллээ. Хөгжим гэдгийг дуу, цаашлаад симфониор төсөөлдөг бидний үеийнхэнд үндэсний дуурийн өв болж үлдэх уг дуурийг хөгжим судлаач Энхбулаг ийн дүгнэсэн юм. 

“Хөхөө Намжил” бол монгол үндэстний үлгэр домгийг үндэсний хөгжмөөр илэрхийлсэн бүтээл. Тэгэхээр үндэсний сонгодог дуурь. Гэхдээ суурь нь өрнө дахины сонгодог хөгжим. Уламжлалт морин хуурын татлага, уламжлалт таван эгшигт хөгөөр дуулагдаж байгаа “Бүүвэйн дуу” бий, хоёрдугаар хэсэгт Хөхөө Намжилын дуулж буй үзэгдлийг сонсохоор өрнө дахины мажор минороор бичигдсэн ч таван эгшигт хөгөөр орсон тохиолдол ч бий.”

Анх дуурийн хөгжмийг биччихээд тоглох гэсэн чинь эвлэж өгөхгүй, хэлхээ юм болоод байсанд хөгжимчид “Хэлхээ Намжил” гэж нэрлэж байсан хөгжилтэй түүхийг удирдаач Н.Туулайхүү ярьж байна. “Тэгээд сар орчим тоглоод ирсэн чинь сая “Хөхөө Намжил” болж байж билээ гэж дурсдаг. Тэгэхээр үндэсний найрал хөгжмийг Европын хэмжээнд тоглож байсан анхны тохиолдол юм уу даа.” Үүнээс гадна Монгол Улсын нэгэн зууны түүхийг хөгжмийн хэлээрхүүрнэсэн “Жаргал” дуурийг ч хөгжмийн үнэ цэнийг хувьд орхиж болохгүйг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. “Хөхөө Намжил” дуурийг бичсэн 1960 он, тайзнаа дэглэж тоглуулсан 1961 он бол Л.Мөрдоржийн уран бүтээлийн оргил үе байжээ. Энэ он цагт тэр “Алтан өргөө” киноны хөгжмийг бичсэн гэдэг. Берлинд очоод шууд бичих ёстой байсан ч хугацаанаасаа хожимдож, Германы талыг сандаргаад авав. Эцсийн мөчид киноны хөгжмийг хэдхэн хоногт бичиж дуусгаад тоглуулахаар өгсөн гэдэг. Энэ түүх түүний ажиллах арга барил, хэв дадал, авьяас билгийн тухай төсөөллийг бидэнд үлдээжээ.

Удирдаач Н.Туулайхүү энэ үеийг “Германд очоод “Алтан өргөө” киноны хөгжмийг бичээд өгсөн чинь хөгжимчид нь эхлээд алдаж тоглосон юм билээ. Азийнхан бол тавхан эгшигт хөгөөр тоглодог. Үүнийг пинтатоник гэдэг. Европынхон 12 эгшигт хөгөөр хөгжимддөг. Тэрнээсээ болоод алдаж тоглоод, Мөрдорж гуай хөгжимчидтэй нь муудалцаж байсан гэдэг. Сүүлдээ германчууд Азийн пентатоник гэдгийг ойлгоод засаж тоглосон гэдэг” хэмээн дурсан ярилаа. 

“Энэ кино бол киноны үйл явдлыг хөгжмөөр яаж хүчтэй болгох вэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл” гэж хөгжим судлаач Энхбулаг тодорхойллоо. Киноны хөгжмөө Берлинд биччихээд ирснийхээ дараа анх удаа зааланд, амьдаар тоглох болоход тэр үеийн хөгжмийн зохиолчид бүгд ирж суусан гэдэг. Кинон дээрээ дуугардаг шиг зааландаа тэгж дуугарах нь уу гэж шалгасан хэрэг. Засварлагаар бүгд улаа бутарсан гарч ирээд “Энэ өвгөн ч алах нь ээ” гэцгээж байсныг бодоход “Алтан өргөө” киноны хөгжим Л.Мөрдоржийн зүгээс үндэстэндээ үлдээсэн оюун санааны “Мөнхийн гэгээ” байжээ. 

Хөгжим судлаач Р.Ганбаатар багш нэгэн сонин түүхийг бидэнд хуучиллаа. “Сүүлд Дефа кино үйлдвэрийн найрал хөгжмийн концертмейстер нөхөр сонинд ярилцлага өгсөн байдаг юм. “Алтан өргөө”-гийн хөгжмийг Германд очиж бичээд, бэлтгэл энэ тэр нь  бэлэн болоод хуурцагт бичих тоглолтыг хийхээр болжээ. Тэгсэн чинь концертмейстер нь гараа өргөөд “Би болох уу л” гэж байна гэнэ. Удирдаач “Юу болсон бэ? Яасан бэ?” гэсэн чинь “Одоо нэг тоглочихоод бичье. Ингээд биччихвэл дахиж тоглож чадахаа байчихна шүү дээ” гэсэн гэнэ лээ. Тэр сайхан хөгжмийг дахин нэг сайхан тоглох гээд байна шүү дээ” гэв. 

Суут Бетховен уух ундандаа хийх кофены үрээ тоолдог байсан бол Шопен хүйтэн усанд орох дуртай байжээ. Ер суутнуудын бүтээн туурвих арга барил гэдэг муухан киноноос сонирхолтой байдаг нь сонь. Тэгвэл Л.Мөрдорж томхон бүтээлийг хаалга үүдээ түгжин чимээгүй сууж, харин дуу зэргийг хаана ч, хэзээ ч биччихдэг байсныг олон хүн дурсаж байна. Хөгжим судлаач, СГЗ Ч.Буянхишиг “Авьяас нь багтаж ядсан хүн учраас зохиолоо хаана ч, хэзээ ч биччихдэг” хэмээн баталсан юм. Ингэхдээ яаран сандран, хүнд ойлгогдохгүй юм биччихнэ. Төрсөн санаагаа хурдхан буулгаад дараа нь засаж тоглуулдаг байж л дээ. Нэг удаа “Төрийн дуулал”-ын Мөрдорж гуайн бичсэн хэсгийн цэгтэй ноотны цэгийг авах тухай яриа болжээ. “Мөөеө багшийг тэр үед л тэгж их уурлахыг харсан. Намайг амьдад авахгүй шүү гэж билээ. Тэр цэгийг хүртэл өөрөө бодож хийсэн болоод тэр шүү дээ” гэж хөгжим судлаач Р.Ганбаатар ярилаа. 

Өөр нэг сонирхолтой дадал нь бүтээлийн судалгаа хийх. “Говийн дуу”, “Хангайн дуу”, “Шилийн богд” гэсэн уран бүтээлээ бичихдээ тухайн нутаг орноор явж судалгаа хийж бичсэн тухай удирдаач Туулайхүү дурсаж байна. 

“Мөрдорж гуайн хамгийн сүүлийн чуулбар (сюит) монгол орны говийг дүрсэлсэн. Уг чуулбарын хоёрдугаар хэсэгт “Анчин ба зээр” гэсэн хэсэг бий. Мөрдорж гуай юмыг ер нь их судалж бичдэг хүн байсан. Тэр бүтээлийг бичихийн тулд зээр гүйдэг эргэнд нутгийн анчинтай цуг очиж зээрийн давхилыг сонссон гэдэг.” Бас Хүйсийн найман нуураар явж ирээд “Мөнгөн хүрхрээн чимээ” бүтээлээ туурвисан гээд жишээ мундахгүй. 

Өөр нэг том олзыг холын Москвагаас олж ирсэн нь 1950 он. Москвагийн хөгжмийн дээд сургуулийг төгсөхдөө бичсэн дипломын ажил нь Монголын хөгжмийн хамгийн анхны бүрэн симфони байжээ. “Энэ симфонийг өрнө дахины хөгжмийн соёл дээр суурилсан. Сонгодог уламжлалаараа сонатын хэлбэртэй, ая аялгууны хувьд Мөрдоржийн өнгө аяс, үндэсний хэв маягтай. ХХ зууны түүхийг тэр чигээр нь багтаасан, зурагласан симфони шүү дээ. Гуравдугаар симфонидоо үндэсний хэв маяг шингээж, ардын наадам сэдвээр бөх, хурдан морь, сур гэсэн гурван хэсэгтэй симфони болгосон” гэж хөгжим судлаач Энхбулаг өгүүллээ. Богино хэмжээний симфони найрлын бүтээл 1950 оноос өмнө байсан ч бүрэн хэмжээний, дөрвөн ангитай анхны симфонийг Лувсанжамбын Мөрдорж л холын хотоос авч ирсэн юм санжээ.

“Тэр гэрийн хөгжмийг тайзан дээр гаргасан” гэж хэлсэн хөгжим судлаач Буянхишигийн тодорхойлолт ёстой л голыг нь олсон үг байлаа. Төгсөж ирснийхээ дараа түүний зорьсон гол ажил нь Монголд үндэсний  хөгжмийн найрлыг бий болгох хүсэл байлаа. “Тийм учраас 1962 он гэхэд найрал хөгжмөө бэлэн болгоод, үндэсний найрал хөгжмийн анхны бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Цөөн байсан бүтэц бүрэлдэхүүнийг олон болгох гэж ч зүтгэсэн. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор Ш.Лувсаншарав гуайн “Эх орон бат оршиг” магтууг сургууль болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчдийг цуглуулж найрал тоглож, улс орны удирдагчдад ийм л найрал байх ёстой шүү гэсэн санаа өгснөөр энэ хүсэл нь биелсэн юм билээ” гэж Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч, УГЗ А.Цэдэн-Иш өгүүллээ. Тэр өмнө нь гэрт, цомхон хүрээнд тоглодог асан үндэсний хөгжмийг тайзан дээр хэдэн арван хүнтэй найрлаар тоглуулснаар үндэсний хөгжмийн хөгжлийг хэдэн алхамаар урагш татаж, Францын алдарт хөгжмийн зохиолч Бизегийн “Кармен”, Оросын 
хөгжмийн зохиолч Глинкийн испани хөгжмийн аялгуугаар хийсэн удиртгал зэргийг үндэсний хөгжмийн найрлаар тоглуулж, дэлхийд сонсгож чадсан юм. Түүнээс гадна ёочин хөгжимд зориулсан “Хаврын шувууд ирлээ”, шударга хөгжимд зориулсан “Унаган жороо” бүтээл нь хэдэн арванаар амьдарч, одоо ч хөгжмийн сургуулиудын аль нэг өрөөнөөс хадсаар, тайзан дээр дуурссаар л байна. Цаг хугацаагаар хэмжвэл хамгийн түрүүнд түүний дуунуудын талаар ярих болно. Улс төрийн шалтгаантай гэмээс мулталсан “Партизан Чойбалсан”-гаас эхэлсэн дуунуудаа насан туршдаа бичсэн гэхээр уран бүтээлийг нь холбож байсан гинжин хэлхээ гэж болмоор. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр нь түүний дуунууд ардын богино дууны ая аяз, хөг аялгууг хөгжүүлсэн, аялгуулаг, сонсголонтой байдгаараа онцлогтой. “Сайн уран бүтээл гэдэг сайн уран бүтээлчийг төрүүлдэг. “Анхны алхам” киноны дууг дуулах үед Банзрагчийг хэн ч таньдаггүй байлаа. Тэрнээс хойш Банзрагч гуай алдартай дуунуудаа дуулсан. Мөрдорж багшийн уран бүтээлээр дамжиж маш олон уран бүтээлч исэж, нисэж явсан” гэж хөгжим судлаач Р.Ганбаатар ярив. Бидний дунд ардын дуу шиг үлдэж, шившлэг тарни мэт хоногшсон “Түүхт хил”, “Дөрвөн цагийн тал”, “Намрын өнгө” зэрэг 300 орчим дуу бичиж үлдээжээ. Хөгжмийн талаас нь үзвэл түүний намын тухай дуунуудад хамгийн гайхалтай техник, ая аялгуу бий, харамсалтай нь 1990 он гараад тэр дуунууд намтайгаа цуг мартагдлаа гэх судлаачийн үг бид юуг, хаана гээснийг сануулах шиг. “Мөнхийн бүтээл хийнэ гэдэг олон зуун жил амьдрахын нэр” гэж Эрдэнэбулган гуайн хэлсэн үг одоо оройд гарч байна. 1924 онд Богд хаан нас эцэслээгүй бол дараагийн Богдоор тодорч ч мэдэх байсан хүү, гэхдээ л тэр хөгжмийн Богд хаан болсон. Аль ч талаараа хаан л байх ёстой хүн байж гэсэн Туулайхүү удирдаачийн үг ч санаанд орж байна. Хаан гэдэг захирахын нэр бус, хаан гэдэг мөнх амьдрах бүтээл хийх, тэр бүтээл нь хүн бүрийг дагуулан дуудахын нэр юмсанжээ.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бидний заяагаар төрсөн алтан мөөеө

    0 0 Хариу бичих