Хоёр дүүрэгт дулааны станцын доголдол үүсэж, “гал алдах” эрсдэлтэй болжээ

Нийт нутгийн 30 хувьд зудын эрсдэл их байна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, өвөлжилт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын газрын дарга  С.Энхтүвшин 2019 оны өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар танилцуулав. Одоогийн байдлаар нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цасны зузаан 20 сантиметрээс их байгаа бол Увс, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн зарим сумдад 11 см зузаан цастай байна. Зуншлага тааруу байсан Төв, Дундговь аймгийн нутгаар өвөлжилт хүндэрч эхэлжээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй гарсан байна.

Зудын эрсдэлийн үнэлгээнээс үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэл их, үүнээс долоон хувьд нэн их, 27 хувьд их эрсдэлтэй байна. Нийт нутгийн 34 хувьд дунд зэргийн эрсдэлтэй гэж гарчээ. Үүнээс Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа аж.

2020 оны нэгдүгээр сард Увс, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Сүхбаатар, Хэнтий аймгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан байна. Бусад нутгаар температур олон жилийн дунджийн түвшинд байх аж. Ирэх оны хоёрдугаар сард цас ихтэй аймаг сумдад цас нэмж орох эрсдэлтэй бөгөөд хаваржилт хүндэрч болзошгүй байгаа талаар ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин мэдээллээ.

22.6 мянган айлын 10 сая толгой мал оторлоно

Хуралдааны үеэр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле танилцууллаа. Энэ жил улсын хэмжээнд 169.7 мянган өрхөд 62.7 сая толгой мал өвөлжих бөгөөд үүнээс 22.6 мянган өрхийн 10 сая гаруй мал отроор өвөлжих юм байна. Малчдын түвшинд 1.2 сая тонн хадлан, 124 мянган тонн ногоон тэжээл бэлтгэж, шаардлагатай өвс тэжээлийг 90 гаруй хувьтай бэлтгэжээ.

Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 12 мянган тонн тэжээл бэлтгэхээс 23.4 мянган өвс, 6.6 мянган тонн тэжээл бэлтгэж, гүйцэтгэл 70 хувьтай байсан учраас нөхөн бэлтгэх үүрэг өгсөн байна. Одоогийн байдлаар малын гоц халдварт өвчин гараагүй. Энэ жилийн төлөв байдлаас харахад отор нүүдэл ихтэй байгаа учраас туурайн зуд болох эрсдэлтэй байгааг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле танилцууллаа.

Нийслэлийн II, III бүсийн айлуудыг ирэх хоёрдугаар сарын 1-ний дотор угаар мэдрэгч төхөөрөмжөөр хангана

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах чиглэлээр 16 арга хэмжээ авах чиглэл өгсөн. Өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай хангагдаж байна. Нийслэлийн хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанаар хангадаг байгууллагууд 362.9 мянган тонн буюу 8-9 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хоёр дүүрэгт дулааны станцын доголдол бий болох эрсдэл бий болсон. Багануур дулааны станцын нүүрс зөөдөг трактор эвдэрсэн. Засварлахад 500 гаруй сая төгрөг хэрэгтэй. Налайхын дулааны станц түүхий нүүрс оруулахгүй болсонтой холбогдуулан Шивээ-Овоогоос автомашинаар нүүрсээ авчирч байгаа гэх мэт хүндрэлүүд бий. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэг хоёр хоногийн нөөцтэй байна” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцууллаа. Нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбосон бөгөөд 78.3 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоожээ. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах II, III бүсийн айлуудыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний дотор мэдрэгч буюу угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх төхөөрөмжөөр хангах юм байна. Өнөөдрийн байдлаар агаарын бохирдол 55 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ. Гэсэн ч угаарын хийн хордлогын дуудлагаар 448 өрхийн 1074 иргэнд, үүнээс 474 хүүхэд, 600 том хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 49 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Одоогийн байдлаар нэг иргэн эмчлүүлж байгаа аж. Угаартсан шалтгаанаар 10 иргэн амь насаа алдсан бөгөөд дөрөв нь хүүхэд юм байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа талаар хотын дарга мэдээллээ.

Малчдад 1710 тонн өвс үнэгүй тарааж, 1370 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгоно

Хуралдааны үеэр холбогдох албаныхан тодруулж мэдээлэл өглөө. Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Налайхын станц нүүрсний хоёр хоногийн нөөцтэй байна. Багануурын станц алдагдалтай ажиллаж байна. Алдагдалтай ажиллаад байхаар засвар үйлчилгээ хийж чадахгүй болчихоод байна. Нүүрсээ станц руугаа зөөж чадахааргүй болсон байна лээ. Тракторын засварын мөнгийг нөөц хөрөнгөнөөс гаргахгүй бол болохгүй. Шахмал түлшний хувьд одоо дөрвөн шугамыг туршиж байна. Тэгэхээр хүрэлцээ сайжрах байх. Түгээлтийн цэгийг иргэдэд ойртуулмаар байна. Өмнө нь иргэд түгээлт хийдэг байсан. Харин одоо шахмал түлшийг иргэдээр түгээлт хийлгэвэл үнэ нь өсчих болов уу гэсэн эргэлзээ бий” гэлээ.  Мөн өвөлжилт хүндэрч, 2.3 тэрбум төгрөг зайлшгүй шаардлагатай болсон ч Сангийн яам хариуцлагагүй хандаж байгааг холбогдох албаныхан хэлж байлаа.

Түүнчлэн Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааны төгсгөлд холбогдох албаныханд үүрэг өгөв. Тэрбээр “Агаарын бохирдол буурсныг тооцоо судалгаанууд харуулж байна. Үр дүн гарч байна. Харин сайжруулсан түлшээр тасралтгүй хангах уу гэсэн эргэлзээ байсан. Эрчим хүчний сайд тасралтгүй хангах боломжтой талаар мэдээлэл өглөө. Уулын оройд байдаг айлууд их хэмжээгээр татаж авах хүсэлтэй байдаг. Тэр хүмүүст зориулж явуулын цэг гаргахаар шийдвэрлэсэн нь сайн байна. Харин тооцоогоо сайн гаргаад ирээрэй. Айлуудад угаараас сэргийлэх төхөөрөмж тавина гэж байна. Айлууд янз бүрийн төхөөрөмж хэрэглэж байгаа гэнэ. Ямар төхөөрөмж чанарын шаардлага хангаж байгааг Стандартчилал хэмжил зүйн газраар тогтоолгох хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр Аймгийн Засаг дарга нарт отор нүүдэл хийж байгаа малчдаас татвар хураамж авахгүй байхыг үүрэг болгов. Мөн шүлхийн вакциныг ОХУ-аас авах, малчдад 1710 тонн өвс үнэгүй тарааж, 1370 тонн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй олгох, үлийн цагаан оготно ихтэй бүс нутагт өвс, тэжээл тараах зэрэг үүргийг холбогдох албаныханд өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: [email protected] whatsapp: +33 7 52 89 40 37

    0 0 Хариу бичих