THE HU Дэлхийд гарсан инноваци

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэж сүүлийн үед их ярих болжээ. Хэдэн жилийн өмнө бүр олон улсын чуулган ч зохиогоод авсан санагдана. 2015 онд бүр улсаас тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Тэр хөтөлбөрт тун сайхан үгс бий:

“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын олон төрөл, зүйл дотроос мэдлэг, нэмүү өртгийг шингээх дэвшилтэт техник технологи, инноваци, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан дараах хүрээнд хэрэгжүүлнэ:

- кино урлаг (бүх төрөл);

- дизайн, дүрслэх урлаг (хувцас загвар, дизайн, гар урлал, уран зураг);

- тайзны уран бүтээл (урлагийн бүх төрлийн тоглолт, үзүүлбэр);

- соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал.

Харамсалтай нь энэ хөтөлбөр сайхан нэртэй, муухан үр дүнтэй төрийн олон ажлын нэг болоод л дуусаж байгаа. Ер нь манайд инноваци хийх соёлын өв байгаа ч юм уу гэсэн  гутранги бодол төрнө. Бид чинь нүүдэлчид, хийсэн бүтээснээ нүүдлийн хөлд үрээд дууссан гэж цэцэрхэх хүн ч байна.

 Гэтэл төр засагтай ямар ч хамаагүй хэдэн хөгжимчин залуус өнөөх “инноваци” гэдэг юмыг нь хийгээд, цахиур хагалаад гараад ирчихлээ шүү дээ. Урьд хожид харагдаагүй өвөрмөц загвартай морин хуур, товшуур, цуур барьсан монгол залуус монгол хэлээрээ дуулсаар яваад “Гэрэгэ” цомог нь дэлхийн чартуудыг тэргүүлээд эхэллээ. Тэдний АНУ-д хийж буй аялан тоглолтыг 300 мянга гаруй хүн үзээд байна.

Хамтлагийн залуус энэ удаагийн аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш аялан тоглохоор төлөвлөжээ.

“THE HU”-гийн эцэг

Монголын шинэ хөгжмийн зүтгэлтнүүдийн нэг Б.Дашдондог 9 жилийн өмнөөс энэ хамтлагийг байгуулах санаа төрж судалгаа хийж эхэлжээ. “THE HU”-гийн хөгжим, дуугаралт, загвар гээд бүхий л зүйлс хамтлагийн продюсер Б.Дашдондогийн толгойд эхлээд бүтэж бүрэлджээ.

“THE HU”-гийн үүдэл санаа:

Манай товшуур, морин хуурын “quart/ quinte” хөг нь өөрөө орчин үеийн рок хөгжмийн гол хөг. Тэгэхээр манай үндэсний хөгжмийн үндсэн хөг, дуугаралт маань аль дээр үеэсээ “рок” байсан гэсэн үг. Энэ талаас нь хараад рок гэдгийг чинь монголчууд зохисон юм биш үү гэдэг бодол төрж эхэлсэн. Мэдээж фантаз.

Фантаз ч гэлээ жаахан лавшруулаад харвал морин дэл дээр байлдаж, ан хийж яваа хүмүүс орой нь нэг их уянгын, гунигийн дуу дуулах нь юу л бол гэж бодогдсон. Тэгэхээр нэлээд хөдөлгөөнтэй, ритмтэй дуу дуулж байсан нь ойлгомжтой. Тэрийг рок хөгтэй хуур, товшууртай дуулж байна гээд төсөөл дөө. Тэгээд ч Монголын их хаад ордондоо найрал хөгжимчидтэй байсан талаар түүхэнд дурдсан байдаг гэж Б.Дашдондог ярив. Түүний судалгаанд түүх судлаач, уран бичээч Хишигсүрэн чамгүй тусалсан ажээ.

THE HU”-гийн дуулалт

Хамтлагийн залуус монгол хөөмэйн “хархирах” техникийг хөгжүүлэн дуугаа дуулж байгаа нь дэлхийг гайхуулаад байгаа нэг нууц юм. Death metal, рок дуулалтын техникийн эх үндэс нь энэ хархираа буюу шахах техникт байдаг. Өөрөөр хэлбэл, дуудах хэв маяг, техник нь ижил гэсэн үг.

“THE HU”-гийн урсгал: Hunnu rоск

Ийм ч учраас Б.Дашдондог дэлхийн рок урсгалуудын нэр томъёон дотор монгол урсгалын нэр заавал байх ёстой гэсэн бат бодолтой болжээ. Өөрийн гэсэн тоглох арга барил, хөг, зэмсэгүүд, дуулах техник байна. Үүгээрээ ялгарч, үүнийгээ барьж уран бүтээлээ туурвих ёстой гэж тэр үзэж байна.

Гэхдээ энэ урсгалыг одоохондооо хүлээн зөвшөөрөх цаг нь арай биш. Дэлхийн олон орноос хамтлаг дуучид хархираа хөөмий, шахааг сураад, товшуур морин хуураар нь тоглоод хамтлагууд байгуулагдвал сая хүлээн зөвшөрөөгдөнө гэж тэр ярилаа.

“THE HU”-гийн дуугаралт

Б.Дашдондог: Рок өөрөө их хахир, чарлаа дуугаралт шүү дээ. Зураглаад хэлбэл хурц өнцөг ихтэй. Харин HU хамтлагийн дуугаралт бол харин мөлгөр, зөөлөн. Ойлгомжтой илэрхийлвэл чанга яригч дуугарч байхад наагуур нь нимгэхэн хөшиг татчихаад сонсож байгаа юм шиг дуугаралт. Гэхдээ суурь ихтэй, нам дуугаралттай, тэнгэр нүргэлээд байгаа ч юм шиг, хүн сонсоход чихэнд ядаргаагүй сонсогдохыг нь тооцоолсон. Бусад орнууд, бусад стилийн рокийг сонсохоор ихэнхдээ чарлаа талдаа, хурц байдаг л даа.

“THE HU”-гийн хөгжим

Хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн морин хуур, товшуур, цуур, төмөр хуураар тоглодог. “Mongolian guitar” гэж алдаршаад буй товшуур нь Хүннүгийн үеэс улбаатай. Археологийн олдвор ч үүнийг нотолно. Товшуур хөгжлийнхөө явцад нумтай болсноор морин хуур бий болсон гэж үздэг ажээ.

Б.Дашдондог: Хамтлагийн хөгжмийн зэмсгийн дуугаралт өөрийн натурал хэв шинжээ хадгалсан хэвээр байгаа.Гэхдээ арай жаахан намдуу, зөөлөн дуугаралт илүү байгаа. Цахилгаан хувилбарт шилжсэн гэж яриад байгаа нь буруу. Акустик хэвээрээ сүүлний хялгасаараа байгаа. Гол ялгаа нь хэлбэр хийц. Гитар хэлбэр хийц рүү дөхүүлж, морины толгойг хажуу тийш харуулсан. Энэ ажилд зураач Д.Сандагдорж мэргэжлийн туслалцаа үзүүлсэн.

THE HU”-гийн патент

Монгол Улсын гавьяат жүжигчин, “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог, зураач Д.Сандагдорж нарт Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл нар гэрчилгээ гардуулжээ. “The HU” хамтлагийн “Галхуур”, “Тэнгэрхуур”, “Байгаль товшуур” зэрэг хөгжмийн зэмсгүүд бүтээгдэхүүний загварын гэрчилгээтэй болсон нь энэ.

“THE HU”-г бүтээсэн нь:

Хамтлагийг бүтээх инновацид хагас тэрбум орчим төгрөг бэлнээр зарцуулсан (Студийн зардал ороогүй) байна. Цомгийн миксингийг Монголд, мастеринг нь Англи, Америкт хийгджээ.

“THE HU”-гийн амин сүнс болсон хуурыг хийхийн тулд маш олон туршилт хийжээ. Хуурын өргөн үелзэлийг авч дамжуулах технологи туршсаар хамгийн дөхөмтэй мэдэрдэг микрофон ашиглаж байгаа ажээ. Европын хөгжмийн технологийн компаниудад хандаж хуурыг улам сайжруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

“THE HU”-гийн хувцас

Хамтлагийн хувцасны загвар дээр Ariuna Suri ажиллаж, үйлдвэрлэжээ.

Ariuna Suri: 2018 оны өвөл Дашка ах над руу залгаад “Ирээд уулзаач, би нэг хамтлаг байгуулж байгаа, ирээд нэг сонсоодохоо” гэсэн... Гэтэл үнэхээр “surprise” байсан. Дашка ах надад студид сонсгосон болоод ч тэр үү, дугаралт нь илүү сайн тул сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Тэр үед надад хийсэн хөгжмүүдээ, лого шошгоо нэг бүрчлэн танилцуулсан. Би ч сэтгэл зүйн хувьд маш сонин өөр мэдрэмжтэй, үнэхээр гайхаж, бахадсан байдалтай эргэж ирлээ. Ингээд л “Энийг би л хийх ёстой юм байна” гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Ирээд ажлынхандаа “Тэнгэр дуугарч, аянга ниргэж байгаа юм шиг хөгжим сонслоо” гэж хэлээд яг л тэр сэтгэл хөдлөлөөрөө загварыг нь гаргасан. Мэдээж үүнээс хойш сайжруулах, оёх хийх үйл явц, хамтлагийн гишүүд бүрэлдэх зэргийг тооцвол 7-8 сарын ажил болсонд оо.

“THE HU”-гийн бүрэлдэхүүн:

Хамтлагийн гишүүд өмнө нь бүгд рок болон этник рок хамтлагуудад тоглож байжээ.

Б.Дашдондог- Үүсгэн байгуулагч, продюсер

Ц.Галбадрах - Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй

Г.Нямжанцан - Төмөр хуур, цуур, хөөмэй

Б.Энхсайхан - Гал морин хуур, хөөмэй

Н.Тэмүүлэн - Товшуур

Г.Одбаяр - Бөмбөр

А.Жамбалдорж - Соло гитар

Б.Батхүү - Басс гитар

М.Өнөмөнх - Хэнгэрэг

Үндсэн гишүүдээс гадна Ц.Надмидтулга, Брэндг Фрайзен нар “THE HU”-гийн менежерээр ажилладаг.

“THE HU”-гийн хүндлэл

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай. Энэ журмын дагуу 2019 онд “Чингис хаан” одонг “Тhe HU” хамтлагт олгохоор болсон.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Маш сайн бичсэн нийтлэл. Яг л Дэлхийн "брэнд" бүтээгдэхүүний "танилцуулга" шиг юм. Ямарч илүү зүйл алга. Бас юү ч хаягдсангүй. Миний мэдэхийг хүсэж бсан бүх мэдээлэл бна. Баярлалаа .!! Амжилт !!!

    0 0 Хариу бичих
  2. Ih ezen chingis haanaas hoish anh udaa daraagiin chingisuud delhiig baildan daguulj bna goe goe dashka ah aguu aguu

    0 0 Хариу бичих
  3. Гайхалтай хамтлаг гарчээ. Атаа жөтөө, бие тоолт, мансууруулах бодис, хэрүүлийн бузраас холхон явж уран бүтээлээ хийгээсэй гэж залбиръя. Та нар чадна аа

    3 0 Хариу бичих
  4. Setgel hudulgusun uneheer saihan medeelel tavisan bna uneheer gaihaltai.. Uragshaa zaluusaa amjilt..!!!

    1 0 Хариу бичих
  5. сайхан ниитлэл болж

    1 0 Хариу бичих
  6. Оросоор манай хамтлагийн нэр нь тэдний "Хуй" гэдэг алдарт хараалтай хамт хэлэгдээд байгаа учир Орос оронд энэ хамтлаг өчүүхэнч амжилт хэзээ ч олохгүй гэж нэг том сонин нь бичсэн байналээ

    0 1 Хариу бичих
    • Orsuud anhliar unshij duudaj surah heregtei

      0 0
    • Өмхий Оросууд доош хийхээ л бодно. Гэвч тэднээс яаж ч хичээгээд THE HU шиг дэлхийд гарч чадах хамтлаг, дуучид гарахгүй нь ойлгомжтой. Америк, Канад, европад хүлээн зөвшөөрөгдвөл дэлхийд гарлаа л гэсэн үг. Оросгүйгээр болноо

      1 0
    • Youtube дээрх сэтгэгдлүүд дунд оросууд их таатай хүлээж авч байна лээ

      5 0
  7. Naaguur ni tatsan hoshgiig joohon neegeed uzvel yasan yum be. Buur alaad ogoh ch yum biluu. Joohon testelttei hoorolttei bolgood ogvol gej .. minii l bodol shuu... uneheer ih baharhaj bna uragshaa

    2 0 Хариу бичих
  8. Сайхан мэдээлэл оруулжээ.

    2 0 Хариу бичих
  9. күүл хамтлаг

    1 0 Хариу бичих