Арабын хавар давтагдах уу?

2011 онд Хойд Африк, Ойрхи Дорнодын бүс нутагт он удаан оршин тогтносон дарангуйлагч нарын дэглэмийн эсрэг иргэдийн жагсаал цуглаан өрнөж, улс төрийн том өөрчлөлтүүд гарсан нь эдүгээ түүхэнд Арабын хавар, Арабын хувьсгал гэх зэргээр бичигдэж үлджээ. Найман жилийн өмнө болсон цуврал үйл явдлууд үнэхээр дэлхийг шуугиулж чадсан юм. Гагцхүү Арабын хавар иргэд, олон нийтийн хүсч байсан жинхэнэ үр дүнд хүрсэн үү гэж асуувал өөр биз ээ. Үйл явдлыг эргээд нэг санацгаая.

2010 оны арванхоёрдугаар сарын 17-нд гудамжинд худалдаа эрхэлдэг тунис залуу Мохамед Буазизи өөрийгөө шатаав. Орон нутгийн албан тушаалтнууд барааг нь хүчээр хурааж, дарамталсны улмаас ийм байдал хүрчээ. Буазизи он гараад шархаа даалгүй нас нөгчсөний дараа уурсаж хилэгнэсэн олон түмэн гудамжинд гарч жагслаа. Нэгдүгээр сарын 14-нд Тунис улсыг 23 жил удирдсан Ерөнхийлөгч Бен Али огцров. Саудын Араб руу зугтан гарсан Бен Али өнгөрсөн есдүгээр сард таалал төгссөн. Тунисийн иргэд саяхан улс төрд төдийлөн танил бус хуулийн профессорыг Ерөнхийлөгчөөр сонгоно билээ. Тунисийн дараа Оман, Йемен, Египет, Сири, Мароккод жагсаал дэгдэв.

2011 оны хоёрдугаар сард Египет улсыг 30 жил удирдсан Хосни Мубарак огцорсноо зарлалаа. Фараоны нутгийнхан удалгүй Ерөнхий сайд Ахмед Шафикийг ч хөөж явуулав. Ливи улсад Хурандаа Муамар Кадафийн эсрэг бослого дэгдэж, иргэний дайн эхэллээ. Зургадугаар сард нь Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салехын аминд халдах гэж оролдлоо. 2011 оны аравдугаар сард Ливийн удирдагч Муамар Кадафи босогчдын гарт амиа алдсан. Олон арван жил засгийн эрхийг барьсан Бен Али, Хосни Мубарак, Муамар Кадафийн дэглэмийг түлхэн унагасан нь Арабын хувьсгалын оргил үйл явдлууд байсан даа. Арабын хавар Булангийн улс орнуудад ч алдварласан. Бахрейн, Йемен, Саудын Арабад ч эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэн дээ. Арабын хавар хамгийн их цус урссан улс бол Сири юм. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад зэвсэгт хүчний удирдлагуудынхаа үнэнч, тууштай байдлын ачаар сөрөг хүчний босогчдын эсрэг дөрвөн жил зууралдан байлдсан. 2015 оны есдүгээр сард ОХУ-ын нисэх хүчин Сирийн хууль ёсны Засгийн газрыг дэмжих ажиллагаагаа эхлүүлснээр Башар аль-Ассадын дэглэм аврагдав. Оросуудыг орж ирэхээс өмнө Башар аль-Ассадын учрыг олох боломжоо алдсан гэж Арабын холбоотнууд ярилцсан гэх юм билээ. Сирийн иргэний дайн 370 мянган хүний аминд хүрчихээд байна.

Саявтар Барууны зарим хэвлэлүүдэд “Арабын хавар давтагдах уу?” нэртэй нийтлэлүүд харагдах болов. Улирал нь намар хэдий ч, ирэх хаврыг ямар үр дүнтэй угтах нь сонирхолтой аж. Есдүгээр сараас эхэлсэн Ливан дахь эсэргүүцлийн жагсаал одоо ч үргэлжилсээр байна. Ерөнхий сайд Саад Харири огцорно гэдгээ зарлачихлаа. Аравдугаар сарын 1-нд Иракийн төв болон өмнөд нутагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаал ч үргэлжилж байна. Жагсагчид Саддам Хуссейний дэглэмийг түлхэн унагаснаас хойш Иракт үйлчилсэн улс төрийн албан тушаалыг хуваарилах тогтолцоо, авлига, ажилгүйдэл, төрийн үйлчилгээ дутмаг, Ираны нөлөөг эсэргүүцэн жагсаж байна. Иракт эрх баригч элит болон энгийн иргэдийн хооронд том ялгарал үүсчээ. 

Өнгөрсөн хавар Барууны зарим судалгааны байгууллагууд Ирак даяар санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцсон иргэдийн бараг 82 хувь нь Иракийн төр, засаг дээд түвшиндээ авлигад идэгдсэн учраас эрх баригчдад итгэдэггүй гэж хариулсан аж. Ирак дахь авлига нь зөвхөн хувь хүний хүсэл шуналаас гадна улс төрийн албан тушаал хуваарилдаг тогтолцоотой холбоотой болохыг судлаачид олоод харчихаж. 2003 онд Саддам Хуссейний дэглэмийг түлхэн унагасны дараа Иракт улс төрийн эрх мэдлийг хуваарилах тогтолцоо үйлчилж эхэлсэн. Хүн амын олонх болох шийтүүд Ерөнхий сайд, суннитууд парламентын дарга, курдүүд Ерөнхийлөгчийн албан тушаалыг авна. Түүнээс гадна сонгуулийн дараа Засгийн газар байгуулах гэж албан тушаалыг нь ёстой утгаар нь наймаалцдаг аж. 2018 оны сонгуулийн дараа төрийн албаны 800 том албан тушаалтныг тохиролцооны дагуу томилжээ. Тэдгээр 800 хүн дунд болон доод шатанд өөрийн нам, бүлэглэлийн гишүүд, идэвхтэн дэмжигчдээ тавина. Үр дүнд нь өнгөрсөн 16 жилийн дотор Иракийн Засгийн газрын төсөв, цалингийн зардал огцом нэмэгджээ. 2003 онд Иракт 850,000 албан хаагч төсвөөс цалинждаг байсан бол 2016 онд даруй 7-9 сая болж нэмэгджээ. Зөвхөн цалинжаад зогсохгүй Засгийн газрын тендер, төслүүдийг төрийн албан хаагчдын хамаарал бүхий компаниуд олгох замаар авлигын сүлжээ үүсгэжээ. Мэдлэг, ур чадвараар нь ажилд авч, урамшуулж дэвшүүлдэг тогтолцооны талаар яриад ч хэрэггүй. Гадаадад сургууль төгсөж эх орондоо ирээд ч ажил олдохгүй байгаа талаар жагсаалд оролцсон залуус ярина билээ.

Есдүгээр сард Арабын хоёр дахь хувьсгал эхэлсэн гэж үзэх юм бол энэ өвөл нэлээд дуулиан шуугианыг дагуулна даа. Ливаны Ерөнхий сайд Саад Харири, Иракийн Ерөнхий сайд Адель Абдул Махди нар огцорно гэдгээ зарлачихлаа. Исламын ертөнц маш залуу. Хүн амынх нь 60 хувь нь 30 хүрээгүй. 2011 оны хувьсгалд залуус хүч түрэн оролцсон. Эдүгээ ч Ливан, Иракийн гудамжнуудад ужгирсан хуучин тогтолцоо, авлигын эсрэг жагсаж байна. Тэд ажилтай, oрлоготой, ахиж дэвших боломж олгодог орчинг хүсч байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)