Санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчин ямар байна вэ?

Сүүлийн үед Монгол Улсын санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчин анхаарал татсан сэдэв болоод буй. Мэдээж үүнд Монгол Улс “сааралт жагсаалт”-д орсон, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх гэх мэт хамаатай. Түүнээс гадна Монгол Улсад банкнаас бусад санхүүгийн салбарын өсөлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч, улам чадавхжиж байгаатай холбоотой юм.  Тэр утгаараа “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы үеэр Санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчин, түүний нөлөөллийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Ингэхэд зохицуулагч байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо оролцсон бол хуулийг хэрэгжүүлэгч, хуулийг “мэдрэгчид” буюу санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Тэд “Санхүүгийн салбарт эрх зүйн орчин яагаад чухал бэ”, өнөөгийн эрх зүйн орчин ямар байгаа, цаашид ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ гэдгийг хэлэлцлээ.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт Ц.Цэрэнтогтох төрийн байгууллага санхүүгийн салбарыг зохицуулах гурван хэлбэр байдаг талаар хэлсэн юм. Нэгдүгээрт, хуулийн зохицуулалт. Хоёрдугаарт, тухайн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах, гуравдугаарт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нь хариуцлага тооцох гэнэ. Тэгвэл “Санхүүгийн салбарт хууль эрхзүйн орчин яагаад чухал бэ” гэдгийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны ахлах хянан шалгагч Л.Очгэрэл дараах байдлаар тайлбарлав. Тэрбээр, “Дэлхий нийтээрээ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлага бодитоор бий болсон байна. Учир нь энд тэнд томоохон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх хэргүүд гарах болсон. Үүнтэй тэмцэхийн тулд ФАТФ-ын дүрэм журмыг нийтээрээ мөрдөх ёстой юм байна гэж дэлхийн томоохон улсууд үзэж,  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2015 онд тогтоол гаргасан.  Энэ төрлийн хэрэг нь үндэстэн дамнаж зохион байгуулалттай явдаг тийм болохоор “Дэлхий нийтээрээ тэмцье” гээд заавал хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Энэ стандартыг тогтоож байгаа хамгийн том хэрэгцээ нь тухайн улсын санхүүгийн салбарыг хамгаалах. Ингээд бүх түвшиндээ үүнд анхаарах хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, бодлого боловсруулагчид нь стандартад нийцсэн хууль эрхзүйн орчин  бүрдүүлэх хэрэгтэй болно. Тэрийг нь санхүүгийн байгууллагууд нь хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлснээр санхүүгийн байгууллагууд гэмт хэрэгтнүүдтэй харьцахгүй, бохир мөнгийг гүйлгээнд оруулахгүй. Ингэснээр тухайн санхүүгийн байгууллага өөрийгөө хамгаалж байгаа юм.  ФАТФ-ын энэ стандартын нөлөө нь жил ирэх тусам ихсэж байгаа. Ингэхээр Монгол Улс энэ стандартыг хэрэгжүүлэх үү, үгүй гэж ярих бус хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй. Монгол Улс бохир мөнгө угаадаггүй. Дэлхий нийтийн стандартыг дагадаг гэдгээ харуулах л хэрэгтэй болж байгаа юм.  Иймээс л санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчин гэдэг сэдэв сүүлийн үед их яригдах болсон” гэлээ.

Тэгвэл санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлын  талаар оролцогчид  ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Монголын ББСБ-уудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул

Хууль эрх зүйн орчин монголын компаниудын хувьд яах аргагүй чухал асуудал болсон. Үүний тод жишээ бол “саарал жагсаалт”. Хууль эрхзүйн орчин гэхээр байгууллага хууль дүрмийн дагуу олон улсын стандарт, Монгол Улсынхаа хуулийн хүрээнд зайлшгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Үүнээс гадуур үйл ажиллагаа явуулахаар компанийн засаглалд сөргөөр нөлөөлнө. Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох хуулийн төсөл явж байгаа шулуухан хэлэхэд, энэ бол популизм хийх хууль. Яагаад гэхээр зээлийн хүүг 18  хувиар хязгаарласан байгаа. Бодлогын хүү 11 хувь байгаа. Түүн дээр 7-г л нэмж болно гэж байгаа. Үүн дээр банк, банк бус, ломбард нь орсон байгаа. Бодлогын хүү буурахаар дагаад зээлийн хүү буурдаг. Эдийн засгийн суурь хүчин зүйл буюу зээлийн хүү яаж бүрэлддэг вэ гэдэг тэгшитгэлийг харвал энэ үнэхээр бүтэхгүй зүйл.  Яг ингээд сонсохоор энэ хүн бүрт таалагдаж байгаа. Надад ч  таалагдаж байна. Би бага хүүтэй зээл авахыг хүсэж л байна. Гэхдээ олон улсаас бидднийг хараад танай төгрөг жилд 8-9 хувиар унадаг. Энэ бол тодорхой болсон.  Хүү буух нь зөв ч албадлагын аргаар бууруулах нь эдийн засгийн системийг “эвдэнэ”.  

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал О.Одбаяр

Бизнесийн орчин бизнес эрхлэгчдэд хууль эрхзүйн нөлөөллийг бий болгоод байгаа юм. Маш олон хууль дүрэм манай санхүүгийн зах зээл дээр байдаг. Мөн олон шалгуур давж байж бид гаднаас хөрөнгө оруулалт татах,  санхүүгийн гүйлгээ хийдэг. Санхүүгийн зах зээл дээр сүүлийн үед гарч ирж байгаа компаниудын шалгалт нэмэгдсэн. Гэтэл гарсан үр дүн бизнес эрхлэгчдэд үүсэн “саарал” орчинг засаж залруулаагүй.

Монголын финтекийн холбооны гүйцэтгэх захирал Д.Болдбаатар

2011 оны есдүгээр сарын  11-нд болсон террорист халдлагаас хойш терроризм гэдэг том аюул нүүрлээд байна. Терроризм гэдэг нь цаанаа заавал нэг том санхүүжилттэй байж  үйлдэгддэг. Ингэхээр санхүү талаас нь хянах хэрэг гардаг. Тиймээс л ФАТФ байгуулагдаж, заавал мөрдөх 40 зөвлөмж гаргажээ. Дэлхий нийтэд нүүрлээд байгаа терроризмтэй тэмцэхийн тулд Монгол ч мөн хууль, дүрэм гаргаж нэгдэх ёстой. Яг өнөөдрийн байдлаар бол Монголд санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчин дутмаг байна. Нэгдүгээрт, монголд хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, авъяаслаг залуучууд  дутуу байна. Авъяаслаг залуу бүгд гараад явсан. Монголд байгаа компаниуд бяргүй байна. АНУ-д өгч байгаа цалинг нь Монголд өгөхгүй байна. Сүүлийн үеийн финтекийн хэдэн компанийг харахаар АНУ, Англид ажиллаж байсан залуучууд байгаа. Тэднийг бүр олон болгомоор байна. Залуучуудыг дотооддоо бизнес хийх орчныг бүрдүүлмээр байна. Гаднын хөрөнгө оруулалтыг хамгаалддаггүй. Тэгэхээр монголд хэн бизнес хийх вэ.

СЗХ-ны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох

2017 онд УИХ-аас Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай бодлогын баримт бичиг батлагдсан юм. Тэр чиглэл дээр санхүүгийн салбарын 17 хуулийг шинэчлэн найруулна гэсэн заалт бий. Санхүүгийн зах зээлийн хууль тогтоомжийг яагаад шинэчлэн найруулах шаардлага үүсдэг вэ гэхээр энэ салбар нь өөрөө байнга өөрчлөгдөж байдаг. Манай хуульд гэтэл “Ингэх ёстой...” гэсэн хатуу шаардлагыг тавьсан байдаг. Гэтэл бизнес эрхлэгчид нь  ийм нэг үйлчилгээг оруулж ирмээр байна гэдэг санал гаргахад зөрчилддөг. Яагаад гэвэл заавал хуульд заасан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх шаардалгатай гэдэг.  Санхүүгийн зохицуулалт нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой. Мөн санхүүгийн зохицуулагч  байгууллагуудад мөрдөн шалгах гэдэг эрх байдаггүй. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтаар асуудалтай гүйлгээ илэрлээ гэхэд хуулийн байгууллагад л хэрэг үүсгэх эрх нь байдаг. Гэтэл хуулийн байгууллагад санхүүгийн чиглэлийн хэргийг хариуцах, энэ чиглэлээр мэргэшсэн, ойлгох мөрдөн  байцаагч байна уу гэдэг нь асуудал. Олон улсад зах зээлийг урвуулан ашигласан гүйлгээнүүдийг шалгах эрхтэй байгууллага нь өөрөө хэрэг үүсгэх, хаах эрх нь байдаг. Гэтэл манайд энэ зоххцуулалт байхгүй.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны ахлах хянан шалгагч Л.Очгэрэл

Хууль багадаагүй. Гэвч тэр нь хэрэгждэггүй.  Тухайлбал, мөнгө угаахтай тэмцэхтэй холбон тайлбарлая. Монгол Улсын техникийн хэрэгжилт сайжирсан. ФАТФ-ын 35 зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд хэрэглэж байна. Монгол Улсын хандлага бол дүрэм журамд суурилсан. Энэ хууль, тэр журмыг мөрдөж байна уу үгүй юү гэдэг. Гэтэл олон улсын хандлага бол цаашдаа яах вэ гэдэг эрсдэлд суурилсан хандлагыг хэрэгжүүлдэг.  Дүрэм журмын хандлагыг халахын тулд эрсдэлд суурилсан хандлагыг суулгах ёстой.

"Грэйпсити Монгол" ХХК-ийн Бизнесийн газрын захирал С.Тулга

 Шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр нэвтрүүлэхдээ өмнөх дүрэм журмууд хууль дээр үндэслэдэг. Ингэснээр ирээдүйд ямар систем хийж болох вэ гэдэг дүр зургаа гаргадаг. Мөн ийнхүү хийх явцдаа зохицуулах байгууллагадаа хандаж, мэдээлэл солилцож, хууль, дүрэмд нийцэх үү гэж зөвлөлддөг.  Хувийн хэвшлийн хувьд  зохицуулах дүрэм ж урмууд байх ёстой гэж үздэг. Ингэж байж мэдээж бүх юм хяналттай байна. Ингэхгүй бол зах зээлд эрсдэл гарна гэж үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Морин толгой Одбаяр юун хаа хамаагүй газар тоон доторхи үсэг болон цохиж явна вээ. Хэдийн завандаа санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчны талаар мэддэг болчихвоо. Ирэх жилийн сонгуульд орчих санаатай хаа хамаагүй газар л үг хэлээд яваад байх шиг. Нөгөө хэдэн бөхчүүд, шүлэгч найрагчдаас арай дээр байж магадгүй юмдаа.

    0 0 Хариу бичих