“ТОЙМ”-ын шинэ дугаараас онцлох 9 санаа

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ”  сэтгүүлийн 423 дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох ЕСӨН САНААг хуваалцъя.

Санаа 1: ЦЭЦИЙН ДЭЭР НАМ БАЙНА, НАМЫН ДЭЭР ЮУ БАЙНА?

...Уг нь Цэцийг “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж хуульчилсан байдаг юм. Цагаан дээр хараар бичсэн энэ өгүүлбэр бол Үндсэн хуулийн заалт болохоос ердийн нэг тунхаг төдий зүйл биш ээ. Гэвч амьдрал дээр алдаг оног хэрэгждэг, хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь олонтаа болсон заалт гэх шүүмжлэл ч хэдийнэ олон нийтийн дунд тархсан байна. Үнэн эсэхийг нь хэлж мэдэхгүй ч, хамгийн сүүлд “АМНАТ”-ын тухай хуулийг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг ард түмний талд бус, эрх мэдэлтний талд шийдвэрлэсэн гэдгийг Сангийн сайд зарласан юмдаг. УИХ ч Цэцийн шийдвэрийн яг эсрэгээр хуулиа бараг хуучин хэвээр нь дахин батлаад хэдхэн хонож байгааг бодохоор Цэц хуулийг гуйвуулсан ч юм шиг. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг УИХ буцааж хуульчилсан нэг л жишээ...

Нийтлэлч А.Болд

“ЦЭЦ: Манаач уу, мануухай юу?” нийтлэлээс...

 

САНАА 2: ЖИЖИГ НАМУУДАД ТАВЬСАН БОСГО ЦЭЦЭД ДУУДАГДАХ БОЛОМЖТОЙ

Одоо эрх баригчдад нэг эрсдэл бий. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах эсэх. Батлагдаагүй байхад нь л хүмүүс, улс төрийн намууд энэ тухай ярьж эхэлсэн. Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлахдаа процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа. Үүнээс гадна нэг том шалтгаан бий. Энэ бол иргэдийн эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байж болох үйлдэл.

Тоймч С.Шийлэгтөмөр

“Хоригт өртөөгүй Үндсэн хуулийн өөрчлөлт” нийтлэлээс...

 

Санаа 3: ХӨРШҮҮДДЭЭ “ЦАЙ УУЛГАЯ”

...Манай хоёр хөрш бол аялал жуулчлалын салбарын том зах зээл. Энэ хоёр том зах зээл харилцан бие биетэйгээ жуулчин солилцох нь сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа аж. Энэ онд л гэхэд хятад жуулчид ОХУ-ын эдийн засагт хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын орлого оруулна гэдэг тооцоог “Хил хязгааргүй дэлхий” байгууллага урьдчилан гаргасан. 2019 оны эхний улиралд л гэхэд 342 мянган хятад жуулчин ОХУ-д аялсан байна. Түүнчлэн ОХУ аялал жуулчлалын тэргүүлэх зах зээл болоод буй. Тус улсын онцлог нь иргэдийнх нь гадаад аялал жуулчлалд зарцуулж буй мөнгө аялал жуулчлалын салбараасаа олох орлогыг байнга давдаг аж. Тухайлбал, 2011 онд ОХУ аялал жуулчлалын салбараасаа 9.9 тэрбум ам.долларын ашиг олж, иргэд нь гадаад аялалдаа 32.4 тэрбум ам.доллар зарцуулсан дүн гарч байжээ...

Нийтлэлч Г.Сонинбаяр

“Бид сууж, дэлхий аялж байна” нийтлэлээс...

 

Санаа 4: Улс төр судлаач, доктор Д.Бумдарь -“ХОЛИМОГ ХУВИЛБАР УЛС ТӨРИЙН НАМЫГ ЧАНАРТАЙ БОЛГОНО”

Орчин үед улс орнууд холимог хувилбарыг хэрэглэж байна. Үүний давуу тал нь улс төрийн намыг чанартай болгоно. Улс төрийн намын туйлын зорилго нь улс төрийн эрх мэдлийг авах, шийдвэр гаргах түвшинд ажиллах сонирхолтой, төрийг удирдах зорилгыг агуулдаг. Тэгэхээр улс төрийн нам чанартай, зорилго, мөрийн хөтөлбөр нь тодорхой, боловсон хүчнээ бэлддэг байх хэрэгтэй.

Нийтлэлч Б.Цэнд-Аюуш

“Мажоритар системийн хоёр тал” нийтлэлээс...

 

Санаа 5: “Sky hypermarket” ХХК-ийн захирал Б.Самади -“НИЙЛҮҮЛЭГЧДЭЭ ЧАДВАРЖУУЛЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРСЭН”

Хөрөнгө оруулалтаа аваад үйл ажиллагаагаа эхлэхэд дэлгүүрт нийлүүлэх мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнээ авах дотоодын нийлүүлэгч хомс байсан. Хотын ойр орчмоор яваад нийлүүлэгчидтэй уулзахад шаардлага хангахгүй байсан. Үйлдвэрлэл талаасаа тэр. Тэгээд Солонгосоос мэргэжилтэн авч ирж, нийлүүлэгчээр сонгосон компаниудынхаа хүмүүсийг сургасан. Хэрхэн ургацаа авах, бүтээгдэхүүнээ хэрхэн бэлдэх гэх мэт. Ингэсний дараа нийлүүлэлт сайжирсан. Энэ мэт жишгээр л хөрөнгө оруулалт татаж, дотоодын компаниудтайгаа харилцаж эхэлсэн. Одоо гурван салбараа нээсэн байхад нийлүүлэгчид маань хангалттай байгаа.

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ

“Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна” нийтлэлээс...

 

Санаа 6: ОРОС УЛС БА ОУОХ-НЫ МӨЧӨӨРХӨЛЦӨӨН НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХТЭЙ

Хоёр ч олимпоос оросуудыг шахсан Дэлхийн допингийн эсрэг агентлаг шинэ олимпийн босгон дээр шинэ асуудал босгон ирж, ОХУ-ын Допингийн эсрэг агентлагийг тайлангаа цаг хугацаанд нь явуулсангүй гэх үндэслэлээр эрхийг нь дахин дөрвөн жилээр хязгаарлах санал гаргаад байна. Энэ сарын 9-нд ДДЭА-ийн гүйцэтгэх зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцэх бөгөөд баталсан тохиолдолд ОУОХ руу саналаа явуулах юм. ОХУ ингэхээс нь өмнө Лозанн дахь Спортын арбитрын шүүхэд хандах боломжтой. Эцсийн шийдвэрийг ОУОХ гаргах юм.

Тоймч Х.Батсайхан

“Спорт ба улс төр” нийтлэлээс...

 

 

САНАА 7: ДОНАЛД ТРАМП ОГЦРОХГҮЙ ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Импичментийн үйл явц ирэх долоо хоногт ч үргэлжилнэ. Төлөөлөгчдийн Танхим арванхоёрдугаар сарын 4-нд болох сонсголд Трампыг оролцож, гэрчүүдээс асуулт асуухыг зөвшөөрсөн. Трамп оролцох эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Трамп намайг огцруулах асуудлыг Сенатад өргөн баривал миний бие шүүх хуралд оролцоход бэлэн гэв. Хэдхэн хоногийн өмнө Бүгд Найрамдах нам бараг 100 хувь миний талд зогсож байна гэж Трамп мэдэгдлээ. Төлөөлөгчийн Танхим түүнийг буруутгасан ч, Сенат огцруулахгүй гэдэгт Трамп итгэлтэй байгаа аж.

Тоймч Г.Ганбаяр

“Импичмент” нийтлэлээс...

 

САНАА 8: АЗИД ЭМХ ЗАМБААРААГҮЙ БАЙДАЛ НОЁЛЖ БАЙВАЛ АНУ-Д АШИГТАЙ

БНХАУ-ын хамгийн эмзэг цэг болох Тайванийн Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Хятад улс Тайванийн Засгийн газар, арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй”, “Бээжингийн дарамт шахалтад толгой гудайхгүй” гэх зэргээр хурц мэдэгдэл хийсэн нь хуучраагүй байна. Хонконгод иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн олон сараар үргэлжилж намжих янзгүй зэрэг нь Вашингтоны “шидсэн чулуу” байхыг ч үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөл байдалд АНУ ашиг сонирхлын бүсээ тэлж, баруун Ази, Энэтхэгийн далайд бодлого явуулах болсон нь сайны ёр огтхон ч биш юм. Учир нь, БНХАУ АНУ-ын дайсан ч Ази тивийн эдийн засгийг зогсонги байдалд оруулах, тогтворгүй байдал үүсгэх замаар тогтоон барих нь АНУ-ын бас нэг ашиг сонирхол мөн. Азид дайн эмх замбараагүй байдал ноёлж байвал АНУ-д ашигтай.

Тоймч Х.Батсайхан

“АНУ-ын Ази дахь бодлого, эчнээ дайны эрсдэл” нийтлэлээс...

 

САНАА 9: МОНГОЛЫН МЕТАЛ ДЭЛХИЙН ТАЙЗНАА ГАРНА

“Growl of Clown” хамтлагийнхан өнгөрсөн есдүгээр сард БНСУ-д болсон “Zandari Festa” showcase Festival-д оролцон нийт дөрвөн газар тогложээ. Уг фестивальд шинэ залуу хамтлаг дуучид ая дуугаа өргөн шоу ертөнцийн томоохон лэйбел (label) оролцон тэндээс хамтлаг, дуучдыг сонгож ажлын санал, фестивалиудад тоглох урилга өгдөг аж. “Growl of Clown” хамтлагийнхан энэхүү фестивальд оролцсоноороо мөрөөдлийнхөө үзүүрээс атгажээ. Английн метал, рок хөгжмийн хамгийн том фестивальд тэд уригдав. Анх л метал рок урсгалд ороход нөлөөлж шүтээн нь болж байсан “Slipknot”, “Tool”, “Slayer”, “Lamb of God” зэрэг том хамтлагуудтайгаа нэг тайзнаа гарч дуулах боломж ийнхүү таван жилийн хугацаанд бүрдсэн гэж хэлж болно.

Нийтлэлч Г.Дашдулам

“Лондонд эгшиглэх Монголын метал” нийтлэлээс...

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Platon

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ