Мөсөнд дурлагчдын энэ өвлийн цугларалт “Karakorum Ice Festival”

Мөсөнд авиралт нь дэлхий нийтээр залуучуудын шинэ үеийн тренд болон хөгжиж байна. Энэ тэмцээн нь Монгол улсад өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бөгөөд аялал жуулчлалын улирлыг уртасгах томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ.

Хангай нуруунаас эх аван урсах эртний түүхт Орхон голын хөндийд өвлийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог. Газар газрын мөсөнд авирагчид багаж зэвсгээ үүрээд Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээг зорин очиж 2 өдрийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг.

Тус тэмцээнийг аялал жуулчлалын “Монголиа экспедишнс энд турс” ХХК, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд бид Ice Challenge Mongolia гэдэг нэрээр нь мэднэ.

Энэ жилийн хувьд тэмцээн цар хүрээгээ тэлж Karakorum Ice Festival нэртэйгээр 2019 оны арванхоёрдугаар сарын 7-8нд Улаан Цутгалангийн хүрхрээнд болох бөгөөд тэмцээний ялагч нэг сая төгрөг, цомын эзэн болох аж.

Улаан Цутгалангийн хүрхрээний мөсөнд очиж авирдаг гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 2022 оны Бээжингийн олимпод мөсөнд авиралт нь орох хамгийн өндөр боломжтой спортын төрөл болоод байна.

2012 оноос эхлэн монголчууд мөсөнд авиралтыг хөгжүүлж, тамирчдаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд оруулж эхэлсэн бөгөөд Монголын тамирчид Азийн аваргаас мөнгө, хүрэл медалиудыг эх орондоо авчраад байгаа билээ.

Орхоны Улаан Цутгалангийн хүрхрээг зорин очих замдаа та Монгол Элс буюу Элсэн Тасархай, Хархорины Эрдэнэзуугийн хийд, Хужирт тосгон, Төвхөн хийд, Үүртийн тохой гээд олон сонирхолтой газруудыг үзэж сонирхох боломжтойгоос гадна монгол гэрт хоноглож, малчин айлд зочилж аж амьдралтай нь танилцаж тэмээ, морь, сарлаг унаж үзэх боломжтой.

Энэхүү арга хэмжээг БОАЯЖ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Монголиа Экспедишнс ХХК, Монголын Уулчдын Үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)