Богд хааны ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлажээ

АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр Богд хааны "Ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлах" төслийг хэрэгжүүлж дуусчээ. Өнөөдөр болсон төслийн хаалтын ёслолд Элчин сайд Майкл Клечески оролцсон байна. Тэрээр, VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохиож буй энэ цаг үед АНУ-ын ЭСЯ-ны зүгээс энэхүү хосгүй гайхалтай түүх, соёлын өвийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломж тохиолдсонд бахархалтай байна хэмээн онцолжээ. Төслийн хаалтын ажиллагаанд Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Б.Энхбат болон албаны төлөөллүүд оролцсон байна.

Элчин сайд Майкл Клечески энэ үеэр хэлсэн үгэндээ, "Энэхүү ирвэсийн арьсан гэр нь үнэхээр өвөрмөц, үзэсгэлэнтэй, түүх, соёлын ач холбогдол бүхий бүтээл юм. Үүнийг сэргээн засварлаж, Монголын ирээдүй хойч үе үзэж, таашаах боломж тохиосонд би хувиасаа их баяртай байна. Соёлын өвийг хамгаалах Элчин сайдын сан хөтөлбөр нь уламжлалт соёлын өвийг хүндэтгэн үзэх, талархан хүлээж авах бидний чин сэтгэлийн илрэл бөгөөд хоёр улсын ард иргэдийн нийтлэг эрх ашиг, харилцааг хөгжүүлэх хамтын ажиллагааны нэг хэлбэр болж байна" гэв.

Богд хааны ирвэсийн арьсан гэр нь Сэцэн хан аймгийн бэйс Сангилигдоржоос 1893 онд Богд гэгээний 25 насны ойд бэлэглэсэн бэлэг юм. Энэ гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон. Гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээ зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл уран хийцтэй. Гэрийг бороо хургүй цагт гадаа барьж VIII богд 10 хоног нямба бясалгал үйлддэг байжээ. Хаалган дээрээ Түмэннаст буюу Хас хээтэй байдаг нь гэрийн эзэн урт удаан наслаж үл чадагдахгүйн бэлгэдэл, дөрвөн баганыг дөрвөн хүчтэний нэг болох луугаар ороолгож, унийг хорол эрдэнээр чимжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хосгүй бүтээлээ схан болгосонд баяр хүргэе.

    0 0 Хариу бичих