Агуу...

“Франс футбол” сэтгүүлийн газраас олгодог “Алтан бөмбөг” шагналын эзнээр энэ жил Аргентиний шигшээ, Каталоны “Барселона” багийн довтлогч Лионель Месси тодорлоо. Тэрээр хөлбөмбөгийн хамгийн дээд шагналыг зургаа дахь удаагаа хүртэж, эвдэхэд бэрх дээд амжилтыг тогтоов. Түүний нэгэн үеийн өрсөлдөгч, Португалын Криштиану Роналду энэ шагналыг таван удаа хүртсэн байдаг билээ.  

Цаг хугацаа тамирчин хүний амжилтыг жилээс жилд сааруулдаг нь жам. Гэтэл Л.Месси энэ жил шагнал хүртэхдээ өмнөх жилүүдээс ч илүү гэж хэлж болох амжилт гаргасан нь мэргэжилтнүүдийг дуу алдан шагшрахад хүргэж байна. Тэрээр энэ жил авах боломжтой хувийн шагналуудын нэгээс бусдыг өөрийн болгож, харих яагаа ч үгүй гэдгээ харуулсан. Хамгийн гол нь “Барселона” дахь түүний орон зайг юугаар ч орлуулашгүй хэвээр байна.

Каталоны баг түүний гоолын ачаар улсынхаа аваргад түрүүлсэн бол мөн л түүний гоолын ачаар “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод үлдэх шахсан билээ. “Ливерпүүл”-тэй хийсэн энэ жилийн халз тулаан хөлбөмбөгийн түүхэнд лавтай бичигдэн үлдэх агуу ривал болсон гэдэгтэй бүгд санал нийлэх биз.

Ла лигийн “Шилдэг довтлогч”, шилдэг дамжуулагч, шилдэг тоглогч

Л.Месси өнгөрсөн улиралд Ла лигийн 34 тоглолтод 36 гоол оруулсан /Хоёрдугаарт орсон К.Бензема 21 гоолтой/. Багаа 26 дахь удаагаа Испанийн аварга болгож, лигийн шилдэг довтлогчийн “Печичи трофи” шагналыг гурав дахь жилдээ дараалан хүртсэн. “Печичи трофи” түүнд энэ жилийнхтэй нийлээд зургаа бий. Тэрээр энэ шагналыг таван удаа хүртэж байсан домогт Уго Санчесыг энэ жил давж, Испанийн хөлбөмбөгийн домог Тельмо Сарратай эн зэрэгцсэн юм.   

36 гоол дээрээ 13 дамжуулалт /Пабло Сарабиягийн хамт нэгдүгээр байрт/-аар тэргүүлж, Испанийн АШТ-ий шилдэг тоглогчоор тодорчээ.  

“Алтан шаахай”

Л.Месси Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн улсуудын АШТ-ий шилдэг довтлогчоор энэ жил гурав дахь удаагаа дараалан шалгарсан бөгөөд “Печичи трофи”-н нэгэн адилаар энэ нь түүний зургаа дахь “Алтан шаахай” юм. Криштиану Роналдуд энэ шагнал дөрөв бий. Лео 2008-2009 оны улирлаас хойш тасралтгүй 20-иос дээш гоол оруулж байгаа нь агуу гэж хэлэхээс аргагүй амжилт юм.  

“Аваргуудын лиг”-ийн шилдэг довтлогч

Л.Месси энэ жил "Аваргуудын лиг"-ийн 10 тоглолтод орж, 12 гоол оруулсан. Ингэснээр тус тэмцээний шилдэг довтлогчоор зургаа дахь удаагаа тодорсон юм.

ОУХХ-ны “Оны шилдэг хөлбөмбөгч”

Аргентин эр 46 оноо авч гол өрсөлдөгч Ван Дейкийг найман оноогоор илүүрхсэн. “Франс футбол”-ын “Алтан бөмбөг”-ийг хүртсэнээр тэрээр энэ жил авч болох хувийн шагналуудаас ганцыг нь л буюу “Аваргуудын лиг”-ийн “Шилдэг тоглогч” гэсэн гуншинг л өөрийн болгож чадсангүй. Энэ шагналыг нидерланд хамгаалагч Виргил ван Дейк хүртсэн билээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Баян байж татвараас бултдаг .

    0 0 Хариу бичих
  2. Aguu yum engiinees engiin hun aldartnaas iluu aguu

    0 0 Хариу бичих