Иргэдийн орлогод нийцсэн буюу хямд худалдаалах 10 мянган орон сууц барина

“Буянт-Ухаа” 972 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. 972 айлын орон сууцны 30 хувийг энгийнээр түрээсэлж, 30 хувийг түрээслүүлээд өмчлүүлэх ангилалд багтаасан. Ингэхэд цахим бүртгэлд түрээслүүлээд өмчлүүлэх хүсэлтэй 35 мянган иргэн хүсэлтээ хүргүүлсэн тухай “Нийслэлийн орон сууцны корпораци”-аас мэдээлсэн.

Тэгвэл зах зээл дээр өчнөөн сул орон сууц байхад иргэд яагаад 972 айлын түрээслээд өмчлүүлэх орон сууцанд тийм их хүсэлт гаргасан бэ. Өнөөдөр Монголд зах зээл дээр сул орон сууцууд олноороо байдаг байтал нөгөө талд орон сууцанд орох хүсэлтэй иргэн олон бий.  Тэгвэл үүнийг иргэдийн орлого, худалдан авах чадамжтай холбож тайлбарлахад л хангалттай аж. Хамгийн сүүлд буюу энэ онд хийсэн судалгаагаар нийслэлд орон сууцны дундаж үнэ ам.метр нь 1.6 сая байгаа талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Агаарын бохирдол ба орон сууцжуулалт” хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Гэтэл дундаж орлого 1.1 сая гэдгийг Статистикийн үндэсний хорооны тайланд дурдсан байдаг. Ингээд Монголд яндангийн тоо буурахгүй байгаа гэдэг гаргалгаа бий.

Тиймээс иргэдийн орлогод нийцсэн орон сууц төслийг Азийн хөгжлийн банк, “Нийслэлийн орон сууцны корпораци” хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэр болон орлогод нийцсэн орон сууцны 9 төслийг танилцуулсан юм. Эдгээр нь Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад, Толгойт дэд төвүүдийг түшиглэн баригдах юм байна. Энэ хүрээнд 10 мянган айлын орон сууц шинээр барих ажил ирэх онд эхлэхээр болжээ. Эдгээрийн 15 хувийг түрээслүүлж, 55 хувийг түрээслүүлэнгээ өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд нийт 570 сая ам.доллар шаардалгатай гэж төлөвлөжээ. Үүнээс 270 сая ам.долларынх нь зээлийн эрх үүссэн байгаа аж. Түүний танилцуулснаар Азийн хөгжлийн банкнаас төслийг дэмжиж 80 сая ам.долларыг 25 жилийн хугацаатай зээлэхээр болжээ. Мөн  Уур амьсгалын ногоон сангаас 145 сая ам.долларын эх үүсвэрийн 95 сая ам.долларыг нь 40 жилийн хугацаатай, эргэн төлөлтөөс 10 жил чөлөөлөгдөж жилийн 0.25 хувийн хүүтэй байхаар, 50 сая ам.долларыг нь буцалтгүй тусламжаар олгохоор болсон аж. Мөн Өндөр технологийн сангаас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Түүнчлэн нийслэлийн хөрөнгөөр 35 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банк болон арилжааны банкуудаас 111.4 сая ам.доллар, төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд 131.8 сая ам.доллар, орон сууц худалдан авах иргэдээс 63.9 сая ам.долларын эх үүсвэрийг босгохоор төлөвлөжээ. Мөн Европын сэргээн босголтын банкнаас уг төслийн бүтээн байгуулалтад үе шаттайгаар 100 сая ам.долларын хөрөнгө оруулахаа илэрхийлсэн байна. Ийнхүү төсөл хэрэгжиж, иргэдийн орлогод нийцсэн буюу хямд үнээр орон сууц худалдах нь яндангийн тоог бууруулах гарц гэж үзжээ. 

Дашрамд дурдахад, сүүлийн үед дэлхий дахинд хотод амьдрах хүн амын тоо өссөөр байгааг “Дэлхийн хотжилтийн судалгаа 2019”-д дурджээ. 1990 онд Азийн хотуудын хүн амын гуравны нэг нь хотод амьдардаг байсан бол одоо гуравны хоёр нь болсон. Цаашдаа 2040 он хүртэл өсөлт аажмаар үргэлжилнэ гэдгийг Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн судалгаа, бүс нутгийн хамтын ажиллагааны газраас мэдээлж байв.  Түүнчлэн 2000-2016 онд Ази тивийн хөгжиж буй орнуудын 100.000-аас дээш тооны хүн амтай 1400 орчим хотыг өөрөө үүссэн гэж бүртгэжээ. Энэ мэт хотжилт өссөнөөр бэрхшээлүүд бий болно. Эдгээрийн нэг нь орон сууцжуулалт, тэдгээрийн үнийн асуудал гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. bashingaasaa omno ytaanii golomt bayan hoshuu hailaast 7 buudal ruugaa ded butetciig taviad ogchihvol barag ihenh oorsdoo baishingaa barichina doo

    0 0 Хариу бичих
  2. Зүгээр л япон шиг ядуучуудад зориулан 10 метр квадрат сууцнууд барьчаач

    0 0 Хариу бичих