"Сонгуулийн хуулийг энэ тогтолцоогоор баталбал 2016 оных шигээ өргөдлөө бариад Цэц рүү явна"

Ардын их хурлын депутат асан, Үндсэн хууль тогтоогч Д.Банзрагчтай ярилцлаа. Тэрээр 2016 оны сонгуулийн өмнө “Сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна” гэдэг үндэслэлээр Цэцэд хандсан юм. Цэц түүний гомдлын дагуу шийдвэр гаргаж, УИХ сонгууль болохоос сар гаруйн өмнө Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, тогтолцоогоо өөрчилж байлаа. Одоо УИХ дараагийн сонгуулийнхаа хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан 2016 оны сонгуулийн өмнөх “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” Д.Банзрагч гуайн байр суурийг хүргэе.

-Та УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл авсан уу. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн “2012, 2016 оны сонгуулийн өмнө баталсан хуулиас ялгаатай нь сонгогчид нам бус нэр дэвшиж байгаа хүний нэрийг дугуйлна. Тиймээс Үндсэн хуультай зөрчилдөхгүй” гэж тайлбарласан. Энэ тогтолцоогоор сонгууль явуулахад үнэхээр Үндсэн хуультай зөрчилдөхгүй байж чадах уу?   

-Намууд 50 тойрогт нэр дэвшүүлэхээс гадна тус бүртээ 26 хүртэлх хүнийг нэр дэвшүүлнэ. Тэр 26 хүнийх нь авсан саналыг нэгтгээд намынх нь саналд тооцно. Мөн 26 нэр дэвшигч авсан саналаараа эрэмбэлэгдэнэ. Намынхаа авсан саналаас шалтгаалаад эрэмбэлэгдсэн жагсаалтын эхний хэд нь УИХ-д сонгогдох нь тодорхой болно. Энэ бол пропорциональ тогтолцоо. Жишээлбэл, МАН-ын 26 нэр дэвшигчээс эхний тав нь хангалттай их санал авч намдаа 10 суудлын квот авч ирлээ гэж бодоход өөр намын нэр дэвшигчдээс харьцангуй бага санал авсан таван хүн үлдсэн квотоор нь УИХ-д ороод ирнэ. Тэгэхээр энэ бол шилний цаанаас чихэр долоолгоно гэж байгаа шиг хүнийг шууд сонгоно гэдгээр хуурч байгаа явдал.

Сая УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 21.2 буюу “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг хэвээр үлдээсэн. 2016 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн Цэц пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн агуулгатай энэ заалтыг зөрчиж байна гэж дүгнэсэн. Тиймээс одоо УИХ-д өргөн барьчихаад байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөл цаашаа явахгүй. Үндсэн хуулийг шууд зөрчинө.

Харин нам тус бүрээс нэр дэвшсэн 26 нэр дэвшигч нийлээд хэдэн ч хүн болсон авсан саналаар нь жагсаагаад нам харгалзахгүй хамгийн олон санал авсан 26-г сонгогдсонд тооцвол Үндсэн хууль зөрчихгүй. Ер нь аль ч байсан энэ тогтолцоо сонгогчдыг төөрөгдүүлнэ. Янз бүрийн байдлаар сонгуулийн ажилд олон удаа оролцож байлаа. Хоёр хүн сонгох гэж таван минут суудаг сонгогч олон бий. Хэдэн зуун нэр дэвшигчийн нэрийг жагсаачихаад “Нэгийг нь сонго” гэвэл хэцүү. Манай сонгогчдын боловсрол тэр хэмжээнд хүрээгүй. Тиймээс үүний оронд 76 жижиг мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулсан нь дээр.

-Тэгэхээр 2016 оны Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй зөрчилдсөн тогтолцоогоор сонгууль явуулах гэж байна гэсэн үг үү?

-Тийм. 26 нэр дэвшигчийнхээ авсан саналыг намдаа тооцоод хувь тэнцүүлэх байдлаар суудал хуваарилах л юм бол Үндсэн хуультай зөрчилдөнө.

-Саяхан УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуультай холбоотой заалтаас “шууд сонгоно” гэдэг үгийг хассан бол өргөн барьсан энэ тогтолцоогоороо сонгууль явуулж болох байсан гэсэн үг үү?

-Тийм. Үндсэн хуулийн 21.2 дахь заалтаас “шууд сонгоно” гэдэг үгийг нь хасчихсан бол ямар ч тогтолцоогоор сонгууль явуулахад саадгүй болох байсан юм. 100 хувь пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахад ч чөлөөтэй байх байлаа. Үндсэн хуулийн энэ заалт өөрчлөгдөөгүй тохиолдолд сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент орох ямар ч боломжгүй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Цэц дээр гол маргаан дагуулдаг энэ заалтыг яагаад хөндсөнгүй вэ. Та энэ талаар юу гэж бодож байна?

-Харин энэ заалтыг хөндөхийн оронд сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах саналыг хэлэлцсэн. Бас маргаан дагуулдаг заалт бус өөр зохицуулалт бий 21.4 гэдэг заалтыг өөрчилсөн. Эрх баригчид анхнаасаа мажоритар тогтолцоогоо авч үлдье гэсэн саналтай байсан учраас асуудалд ингэж хандсан гэж ойлгож байгаа.  

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан энэ хэвээр нь баталчихвал та 2016 оны сонгуулийн өмнөх шигээ Цэцэд хандах уу?

-Хандана. Би хууль батлагдсаны маргааш өргөдлөө бариад Цэц рүү явна. 2016 онд намайг Цэцэд хандахад “МАН-ын даалгавраар явлаа” гэж шүүмжилсэн. Яг үнэндээ би ямар ч гаднын нөлөөнд авталгүйгээр бие дааж шийдвэр гаргаад Цэцэд хандсан юм. Тиймээс энэ удаад ч УИХ хуулиа одоо ярьж байгаа хувилбараараа баталбал Цэцэд хандах л болно. Би хувьдаа Монгол Улсын бүрэн бүтэн, тусгаар тогтносон байдлыг хангахад жижиг мажоритар тогтолцоо хамгийн тохиромжтой гэж үздэг. “Жалга довноос сонгогдсон УИХ-ын гишүүд улсын хэмжээнд бодлого хэрэгжүүлэхгүй байна” гэсэн шүүмжлэл гардаг. Тэр жалга довонд чинь хүмүүс амьдардаг л байхгүй юү. Тэр хүмүүсийг төлөөлж ажиллах хүн байх хэрэгтэй. Одоо Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь амьдарч байна. Хөдөө орон нутгаа анхаарахгүй бол хэдэн жилийн дараа орон нутаг эзэнгүй болохыг үгүйсгэхгүй. Хэрэв хязгаар нутаг эзгүйрвэл Монгол Улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учирна гэж боддог. Тиймээс би жижиг мажоритар тогтолцоог дэмжихийн зэрэгцээ Улаанбаатарт цөөхөн, орон нутагт олон мандаттай байгаасай гэж хүсдэг. Ямар нам сонгуульд ялах нь надад ямар ч хамаагүй. Миний үзэл бодол л энэ. Харин Улаанбаатар хот, Ховдын Булган, Говь-Алтайн Алтай суманд амьдрахад орчин нөхцөл, соёлын түвшин адилхан болсон тохиолдолд ямар ч тогтолцоогоор сонгууль явуулж болно. Европын орнуудыг дуурайхад болохгүй гэх зүйлгүй. Өнөөдрийн Монгол Улсын нөхцөлд бол жижиг мажоритар тогтолцооноос өөр ард түмэнд ашигтай хувилбар байхгүй.  

-Жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар улсын нэгдсэн бодлого алдагдаж, төсвийн мөнгө 76 жижиг тойрог руу үр дүнгүй урсдаг. Энэ жижиг мажоритар тогтолцоог үгүйсгэх шалтгаан болохгүй гэж үү?

-Болохгүй ээ. Тэр жалга дов гэж нэрлээд байгаа газар чинь хүмүүс амьдарч байгаа. Тэр хүмүүсийн төлөө төсвийн мөнгөөр яагаад юм хийж болохгүй гэж. Сумын хөгжил багаасаа, аймгийн хөгжил сумаасаа, улсын хөгжил аймгаасаа гэж ярьдаг. Жалга дов нь хөгжиж байж сум нь, цаашлаад улс нь хөгжинө. Улаанбаатарыг бус эхлээд жалга довоо хөгжүүлж байж төвлөрлийг сааруулна.

-Та бол 1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан хүмүүсийн нэг. Сая баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Хийх ёстой өөрчлөлтөө хийж чадав уу?

-Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдэд “Буруу болсон” гэж хэлэх зүйл байхгүй. Харин өөрчлөхгүйгээр дутуудуулсан зүйл бий. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зохицуулалтыг хийх байсан юм. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгоно гэдэг чинь Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай гэдгээс ялгаагүй.

Мөн шүүхийн томилгоог Ерөнхийлөгчөөс салгах ёстой байсан юм. Гэхдээ Х.Баттулга Ерөнхийлөгчийн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг чамлахаар чанга атга гэж хүлээж авах ёстой” гэсэн байр суурьтай санал нэг байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Shijig hurmeer shijigtei huul

    0 0 Хариу бичих
  2. Намд мөнгө өгч нэр дэвшээд Жижиг тойрогт бидон мэтийг тарааж байгаад амархан сонгогдчих гээд л ингээд зүтгээд байгаан бишүү

    0 0 Хариу бичих