Баруунд сурсан оюутан Лин Хуй-Ин бүсгүйн түүх буюу хуучин байшинг нураах уу, сэргээх үү?

2019 оны 11 сарын 13-ны өдөр АНУ дахь Монгол Соёлын Төвийн хэсэг нөхөд Филадельфи хотноо Монголын “Хү” хамтлагийн тоглолтыг үзсэн билээ. Хол хотод зорин ирснийх, шууд буцахыг яарсангүй, маргааш нь хоттой танилцаж, түүхийн дурсгалт газраар нь зочилсон юм. Ингэж явтал “Хуучин, шинэ ном” (Old and New Books) нэртэй номын жижгэвтэр дэлгүүр таарч, бүгд мөнөөх бичил дэлгүүрийн ном шавсан өрөөнүүдэд суун, хэсэг зуур саатав.

Номын дэлгүүрийн эзэн, хатагтай Дэбби завтай таарч, яриа хөөрөө өрнүүлэв. Тэрбээр юун түрүүнд “Манай энэ номын дэлгүүр чинь уг нь бол оюутны байр байсан юм. Энд алдарт архитекторч Лин Хуй-Ин хориод онд амьдарч байсан юм шүү дээ” гэх нь тэр. “Хэн сэн билээ, юу сан билээ, яагаад ийм танил сонстох билээ?” гэж бодон эргэлзэх зуур Хятад яруу найргийн антологиос уншиж байсан “Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” хэмээх шүлэг нь тархинд харван орж ирэв. Харин тэгтэл юун архитекторч билээ? Яруу найрагч биш бил үү? Нэгэнт ийм олон асуулт ургасных, Лин Хуй-Ин бүсгүйн үүх түүх, амьдрал намтрыг сурвалжлан уншигч танаа тоочин өгүүлээд, эцэст нь номын дэлгүүрийн эзэн Дэббитэй эргэн нэг уулзуулахаа амлая.

Баруун этгээдэд сурахаар мордсон нь

Лин Хуй-Иний намтрыг уншихад яг манай баруунд сурсан анхны оюутнууд санаанд орно. Эх нутагтаа бичгийн эрдэмд сурч боловсроод дараа нь баруунд гарч орчин цагийн шинжлэх ухааныг ул суурьтай судалсан залуус тухайн үедээ зөвхөн Монгол, Хятад гэлтгүй ерөөс Ази даяар эх түүх соёлоо хамгаалах хадгалахын зэрэгцээ ирээдүй өөд хөгжин боловсрох үүд хаалгыг нээлцэж байсны тод жишээ нь тайж Нацагдорж, гүн Гомбожав, тэгээд урагшилбал Лин Хуй-Ин гэх мэт залуус болсон мэт. Гэхдээ нэг ялгаа нь манайд улсын бодлого болгон төр засгаас зардал гарган явуулж байсан, манай хэд байгаа жаахан зүйлээ амьдрал ахуйдаа хүргэхийн хажуугаар сурч боловсрох гэж мэрийж байсан бол Хятадын хувьд ихэвчлэн баян язгууртнуудын үр хүүхэд барууныг зорьсон байдаг юм. Лин Хуй-Ин 1904 онд чухам тийм нэгэн баян айлд мэндэлж, бага залуу наснаасаа эцгээ даган дэлхийн олон улсаар аялсаар нүд нь нээгджээ. 

Лин Хуй-Ин Лиан Си-Чэн хоёр бал сараараа, Европод. 1928 он

Анхлан Лондоны Сэйнт Мэри их сургуульд орж суралцсан бөгөөд тэнд суралцаж байхдаа Кэймбрижийн оюутан, алдарт найрагч Шү Жи-Мотой танилцсан байна. Тэр хоёрын нэгэндээ зориулсан шүлэг найраг олон буй. Ерөөс тэр үеийн Хятадын гэлтгүй дэлхийн олон том зохиолч Линд дурлан, шүлэг зохиолоо зориулсан байдаг билээ. Хүний сэтгэлийг татсан тийм нэгэн ялдам, зөөлөн, бас боловсрол мэдлэгтэй бүсгүй байж. Алдарт Рабиндранаат Таагүр Бээжинд ирэхдээ Лин Хуй-Ин, Шү Жи-Мо хоёртой танилцан, зохиол бүтээлийнхээ орчуулгыг хийлгэн, гурвуул хэсэг хамт ажиллажээ. Линий төгс англи хэлийг Таагүр бахдан гайхаж, бас дээр нь ялдам ялгуунд нь дурлан, ийм нэгэн шүлэг зориулсан нь алдаршин үлдсэн буй:

“Тэнгэрийн хөх

Газрын ногоон өнгөнд дурлав

Тэр хоёрын дундах салхин болбоос: 

Санаа алдахуй” (М.Саруул-Эрдэнийн орчуулга)

Гэвч Линий гол бүтээл, амжилт, үлдээсэн өв нь яруу найргаасаа илүү барилга, архитектур, соёлын өвийн судалгаа юм. Энэ тухайд одоо өгүүлсү.

Анхны эмэгтэй архитекторч

1924 онд Лин Хуй-Ин Пэннсилваниагийн их сургуульд элсэн суралцжээ. Яг тэр жил багын найз Лиан Си-Чэн нь бас тус сургуульд элссэн байна. Лиан архитектурын ангид орсон бол чухам тэр мэргэжлийг сонирхож байсан Лин Хуй-Инийг эмэгтэй хэмээн хүйс зааж авсангүй. Учир нь тэр үед хөдөө гадаа явах, байшин барилга дээр гарч судлах ажлыг эмэгтэй хүн үйлдэх ёсгүй гэж үздэг байсан аж. Лин Хуй-Ин сэтгэлээр унасангүй, Урлагийн сургуульд орж суралцаад, хажуугаар нь архитектурын хичээлүүдийг сонгон суралцах болжээ. Ингэж сурах явцдаа бидний өмнө дурдсан байранд амьдарч байснаас гадна багын найз, өдгөө бол мэргэжил нэгт Лиан Си-Чэнтэй амраглан, ханилжээ. Нутагтаа буцаж очоод буюу 1930-аад оны эхээс залуу хос Хятадын үүх түүх, өв соёлын түүхэнд үлдэх гарамгай гавьяа байгуулсан нь эгээ л миний өмнө дурдсан Франц, Германд сурахаар одсон анхны монгол сэхээтнүүдийн эх орондоо байгуулсан гавьяатай, бас он цагтай дүйнэ.

Хуучин байшинг нураахаас өмнө

Пэннсилваниагийн их сургуульд Монгол судлалыг үндэслэн хөгжүүлж буй Нанси Стэйнхардт гэж профессор буй. Анх Хятадын уран барилгыг судалж эхэлсэн боловч сүүлдээ Буддын урлаг сонирхон, Монголын сүм хийдийг бүтцийн талаас үзэж эхэлснээр Монгол судлалд “урвасан” багш байгаа юм. Бидний зохион байгуулдаг Монгол судлалын хуралд олон удаа идэвхтэй оролцож, нэг удаа Хэрлэн барсын суваргын тухай, нэг жил Амарбаясгалант хийдийн архитектурын тухай илтгэл тавьж байлаа. Лин Хуй-Интэй чухам мэргэжил нэгтэй, бас сурч төгссөн сургуульд нь багшилж байгаагийнх нь хувьд Смитсониан, Үндэсний Газар зүйн Нийгэмлэг, Хятадын Төв Телевиз гээд Лин Хуй-Иний тухай нэвтрүүлэг мэдээлэл бэлдсэн бүх албан газар Нанси багшаас ярилцлага авсан байх юм. Би ч бас түүнээс Лин Хуй-Ин, Лиан Си-Чэн хоёрын Хятадын уран барилгын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар лавласан юм.

“Лин Лиан хоёр Хятадын түүхэнд анх удаа судалгааны экспедицээр орон нутгаар явж, түүхэн дурсгалт барилгуудыг судлан, баримтжуулж авсан юм. Хамгийн гол нь тэдний судалгааны дараахан Японы довтолгоо, хожим нь Коммунист соёлын хувьсгал өрнөж, ихэнх хуучны сүм хийд, уран барилга бүрмөсөн устсан. Залуу хосын судалгаа байгаагүй бол тэгээд бүр юу ч үлдэхгүй байж” хэмээн Нанси багш тайлбарлав.

Хоёр судлаач 2000 гаруй уран барилга, сүм хийд, суварга дуганыг судалж, сэргээн засварлаж, баримтжуулан бүртгэж чаджээ. Ингэж явахдаа зөвхөн уран барилга төдийгүй лам нарын сүмийнхээ дээвэр, хонгилд нуусан өдий төдий ховор хуучин гар бичмэл, судар сэлтийг олж, улсдаа тушаасан аж. Тэр үед хаашаа явж, юуг судлах ёстой, хаана түүхийн үнэт эрдэнэ нуугдаж буй талаар судалгаа гэж огт байсангүй, эртний зарим сурвалж мэдээ, нутгийн ардын аман баримт, заримдаа бүр цуурхал яриаг хүртэл баримжаа болгон хөдөө гадаа явдаг байв. Хожим Лиан энэ тухайгаа “Сохор хүн сохор морь унаад явж байгаа шиг л байдаг сан” хэмээн дурсжээ.

Эмгэнэлт төгсгөл

Хуучны байшин барилгаа нурааж шинийг барих уу, эсвэл сэргээн засварлах уу хэмээх асуудал өдгөө манай улсын нийслэлийн шийдэх чухал асуудал болжээ. Төв музейн барилгыг хэдийн нураагаад эхэлж. Мао тэргүүтэй коммунистууд ялж, Бээжин хотыг шинэчлэн босгох соёлын их хувьсгал эхлэх үед чухам ийм асуудал гарч байсан юм байна. 

1949 онд Мао феодалын хэмээх бүх зүйлийг эвдлэн нураахаар шийдэв. Лин Хуй-Ин мэдээж эсэргүүцсэн нь тодорхой. Гэвч Маогийн дураар болж, Бээжин хотын 25 бээр урт хэрэм хийгээд хуучны бусад бүх дурсгалыг нэгмөсөн сөнөөсөн юм. Уй гашууд автсан Лин Хуй-Инийг сүрьеэ бас давхар нэрмэж, 1955 онд нас бартлаа тэрбээр аз жаргал гээчээс ангид байв. Нөхөр Лиан нь бүр ч илүү зовлон үзэж, “хувьсгалын эсэргүү, ардын дайсан” хэмээх хаяг хүзүүндээ зүүн, олны өмнө шоовдорлуулж, улаан хамгаалагч нарт зодуулан, эрдмийн зэрэг цол бүх зүйлээ хураалгаад бяцхан шавар байшинд ганцаар гунихран хэвтсээр, 1972 онд насан өөд болжээ. 

Эгээ л манай баруунд гарсан анхны сэхээтнүүд, эх орныхоо төлөө зүтгээд хэлмэгдсэн түүхийг сануулах мэт.

Чи хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар (Хайрын магтуу)

Лин Хуй-Ин Шү Жи-Мо хоёр алдарт найрагч Рабиндранаат Таагүрийн хамт.

"Тагтаа" хэвлэлийн газраас гаргасан “Орчин үеийн Хятад яруу найраг” хэмээх түүвэрт орчуулагч Нацагдоржийн Энхбаяр Лин Хуй-Иний дөрвөн шүлгийг оруулжээ. Үүнээс хамгийн алдартай нь болох энэхүү шүлгийг Н.Энхбаярын орчуулгаар хүргэе.

Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Инээх чинь дөрвөн зүгийн салхи хөгжөөж, илбэдэх мэт

Дөлгөөн хаврын урсгал дунд бүжсээр одном.


Чи бол дөрөвдүгээр сарын өглөөний тэнгэр дэх үүл болоод манан

Үүрээр сэвэлзэх салхи мэт тийм зөөлхөн! Өөр юу ч биш, зүгээр л

Өндөрт анивчиж буй од, бас цэцгэн дээр дусалж буй бороо!


Тайвшрал болоод ариусал – Чи бол

Тансаг цэцэгсээр сүлжсэн титэм. Чи бол

Цайлган бас хүчирхэг, чи бол цагаан шөнийн дүгрэг саран!


Хайлж буй цас мэт гэрэлтсэн шар өнгө – чи бол, хавар цагийн

Анхны нахиа мэт тунгалаг ногоон өнгө – чи бол, зүүдэнд дохилзох лянхуаг

Усны мандал мэт бүүвэйлэх зүрхэн дундах энхрийлэл!


Чи бол энд тэндгүй дэлбээлж буй цэцэгс, гүүр сүлжин

Эрх дураараа жиргэж буй хараацай. Чи бол хайр, халуун,

Бас найдвар, чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Модон байшинг сурвалжлан олж, хамгаалан сэлбэсэн нь

Лин Хуй-Ин, Лиан Си Чэн хоёрын судалгааны хамгийн том ололтыг өнөөгийн судлаач нар нэгэн бяцхан модон сүм олж, сэлбэн засварласан үйл нь хэмээн дүгнэх бөлгөө. Залуу хос Тан улсын (618-907) үеийн модон барилга олох юм сан гэж олон жил мөрөөдөж явжээ. Тийм нэгэн сүмийн барилгыг мань хоёр 1937 онд, монголчуудын хэдэн зуун жил гороолон очиж мөргөсөөр ирсэн Утай Таван богдын орноос олсон билээ. Харваас Тангийн үеийн хийцтэй модон байшинг хараад залуу хос хэсэг ангайн гайхаж. Тэгээд лам нарыг дайчлан хаалгыг нээн орвоос дээвэрт нь хэдэн мянган сарьсан багваахай үүрлэн, нэвтрэхийн аргагүй юм болсон байх ажээ. Шууд л дайраад орж. Тоо томшгүй шавж хорхойд хазуулж идүүлснээ мань хоёр маргааш нь л мэдсэн юм гэнэ лээ. Жаахан онгойлгож, гэгээ оруулаад харваас дээвэр, таазны ур хийц, будаг шунх, үсэг бичиг, бүгд Тангийн үеийнх нь болох нь эргэлзэхийн аргагүй тодорхой байв. Лин Хуй-Иний нүдэнд бэхээр бичсэн нэгэн гар бичмэл өртсөнийг уншваас “Тан гүрний Та-чунгийн 11 дүгээр он” хэмээн дурайх нь тэр. Нийтийн тооллын 857 он гэсэн үг. 

Ингэхэд Лин Хуй-Ин яагаад заавал модон сүм, модон байшин хайгаад, хайрлаад, хамгаалаад байсан хэрэг вэ? Тухайн үед модоор барьсан хамгийн эртний барилга Японд олдоод байж. Япон ч өв соёлоо хадгалж үлдсэн гэдгээрээ бахархан, хамгийн эртний гэдгээ товойлгож байлаа. Лин Хуй-Ин харин эртний сурвалж бичгээс Япон дахь байшингаас өмнө Хятадад модон сүм барьсаар ирсэн гэдгийг олж уншсан, тэгээд л чухам хаа байгааг нь мэдэхгүй, мөрөөдөн бэдэрсээр явсан нь тэр ажээ. 

Арван нэгэн зууныг дамжаад олон их дайн, шашны мөргөлдөөн, гал усны аюулыг даваад гараад ирсэн бяцхан модон сүм. Лиан Си-Чэн хожим нь “Ердөө арц хүжийн өчүүхэн цог л ноцоод бүхэл хийдийг хайлуулчихдаа хүрвэл хайлуулчихна шүү дээ” хэмээн гайхан өгүүлсэн байдаг.

Манайд ч бас хорьдугаар зууны түүхийн олон их үйл, хувьсгал, дайн, хэлмэгдүүлэлт, нугалаа, хотын дахин төлөвлөлт, барилгажуулалт, гал, үер бүгдийг даваад ирсэн модон байшин цөөн боловч буй. Гэндэн сайдын амьдарч байсан байшин нэг нь. Сайтар хадгалж арчилж байгаа хэмээн найдна. Хол сууж байгаа болохоор миний бие сайн мэдэхгүй л байна. 

Байшин аварсан бүсгүйнхээ байшинг аварч чадаагүй түүх

Хориотой хотоос хориод минут алхвал өнөө миний өмнө өгүүлсэн Маогийн устгасан хэрмийн ор балгаст хүрнэ. Барилга нураадаг том гахиуран бөмбөлөг гинжилсэн кран ирэхийн өмнөх орой Лиан хэрэм дээр нэвширтэл уйлж суусан гэдэг. Тэр газрын дөнгөж цаахан хутонг хэмээх бяцхан тагцын хорооллын үлдэл буй. Хутонг гэдэг нь монгол хэлний гудамж гэх үгээс гаралтай юм билээ. Хутонг хорооллын Бэй Зонг Бу гудамжны 24 тоот бяцхан байшинд Лин Лиан хоёр гучаад онд амьдралынхаа хамгийн аз жаргалт үеийг өнгөрөөжээ.

2007 онд тэр орчимд сууж байсан арван айл нүүж, хотын дахин төлөвлөлт буюу хар яриагаар бол газарт орох болж. Тэр цагт Лин Хуй-Йн нэгэнт алдаршсан, шүтэн бишрэгчид нь амьдарч байсан байшинг нь “соёлын нандин өв”-ийн бүртгэлд оруулахаар бичиг цаасны ажлаа эхлүүлсэн байлаа. Тэгтэл 2012 онд, Хятадын цагаан сарын битүүний шөнө буюу бүх хүнийг ид завгүй байх үеэр Засгийн газартай нягт холбоо бүхий барилгын компани өв соёлын алдарт зүтгэлтнүүдийн амьдарч асан байшинг нурааж орхижээ. Өдгөө тэнд тэр гэх тэмдэг үгүй, орчин үеийн олон давхар гял цал байшин баригдаж. Соёлын өвийн төлөөх зүтгэлтнүүд, судлаач багш нар эсэргүүцэн, нийтийн сүлжээ даяар шүүмжлэн хэлэлцэв. Тэдний сэтгэлийг засах үүднээс Хятадын төрөөс мөнөөх барилгын компанийг 80.000 доллар орчмын мөнгөөр торгоод өнгөрчээ. Хэдэн зуун мянган доллар төлөөд Лин Хуй-Иний тэр бяцхан байшин ахин босох уу? 

Түүх гэдэг өнгөрснөөсөө сургамж авч байж урагшлах учиртай. Байшин хамгаалдаг бүсгүйн байшинг хамгаалж чадаагүй харь улсын 1949, 2012 оны түүхээс та бид сургамж авч, өнөө миний өмнө өгүүлсэн Гэндэн гуайн модон байшин хийгээд бусад хуучин барилга байгууламжийг хамгаалах ёстой юм шүү. Үгүй бол төр засгаас нураасан тэр компанийг нь наян мянган доллараар торгосон болоод өнгөрөх вий.

Бээжинд үлдээгүй ч Филаделфид буй

Амласан ёсоор уншигч таныг Лин Хуй-Иний Пэннсилваниагийн их сургуульд сурч байхдаа амьдарч асан байшинг номын дэлгүүр болгон ажиллуулж буй Дэббитэй эргэн уулзуулъя.

Филадэлфи хотноо Линий амьдарч байсан байшин өдгөө номын дэлгүүр болжээ.

М. С: Энэ байшинд Лин Хуй-Ин ганцаар суудаг байсан юм уу?

Дэбби: Үгүй, найм есөн өөр эмэгтэй оюутантай хамт амьдардаг байж. Энэ гудамж ер нь тэр чигээрээ сорорити (зохион байгуулалттай бүлгэм маягаар ажилладаг эмэгтэй оюутны байр, байгууллага) байж. Ихэнх нь одоо хүртэл ажиллаж байгаа. Тийм маягаар хэдэн охин амьдарч байсан юм билээ.

М. С: Хэдэн оноос та номын дэлгүүр болгосон юм бэ?

Дэбби: 1971 онд анх аваад л би номын дэлгүүрээ нээсэн юм. Хүмүүс надаас их асууна. Та Лин Хуй-Инийг таньдаг байв уу гээд л. Яаж таних вэ дээ, Лин чинь энд хориод онд амьдарч байсан, бүр хуучны хүн л дээ.

Бяцхан байшингийн өрөө бүр номоор дүүрэн. 

М. С: Номын дэлгүүр нээе гэсэн санаагаа анх яаж олов? Эрсдэлтэй бизнес биш үү?

Дэбби: Тэр үе чинь Америкийн түүхийн их сонин үе шүү дээ. Бидний ид залуу цаг. Бүх л юмыг туршиж үзсэн, эрсдэл элдэв юмнаас айдаггүй, нээлттэй байв шүү. 

М.С: Энэ жижиг байр Пэннсилваниагийн их сургуульд их ойрхон, байрлал нь бол их сайхан юм. Байрлал сайтай жижиг байруудыг том компаниуд авч нураагаад шинэ байшин бариад байна уу, үгүй юу?

Дэбби: Соёлын үнэ цэнгүй байр бол хамаагүй. Миний хувьд бол би ямар ч үнэ амласан өгөхгүй ээ. Үүх түүхээ хүүрнээд, номын бяцхан дэлгүүр чигээрээ байж л байг. 

Номын дэлгүүрийн эзэд Лин Хуй-Линий намтар түүхээр бахархан зургийг нь хадаж.

Дэбби шиг сэтгэдэг хүмүүст л үүх түүхт бяцхан байшингийн түлхүүрийг атгуулах ёстой юм байна даа гэж бодсоор Вашингтон хотын зүг машины жолоог залав. Намрын сүүл сарын жихүүн салхитай өдөр бөлгөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энд дурдагдсан байшин, манай Төв музейн барилга хоёр чинь шал ондоо зүйлс шүү дээ. Барууны хуучны барилгуудыг чанартай материалаар, тусгайлан үнэтэй зурсан зураг, дизайн, архитектураар хийсэн байдаг учраас өвөрмөц ба урт настай, мөн урлагийн бүтээл. Манай Төв музейнх бол ЗХУ-ын үед массын барилгажилтын хүрээнд маш хямд материалаар цохьсон ба ердөө 50-60 жилийн настай тоосгоор өрсөн, хулхи классик стиль оруулмаар аядсан болхи архитектуртай ийм л хог. Нас нь нэгэнт дууссан тул хэзээ мөдгүй өөрөө пирхийгээд нурах эрсдэл маш их. Иймд, нурааж байгаа юм гэдгийг инженерийн буюу хийцийн мэдлэг байхгүй ч манай түүх дурсгал, эд өлгийн зүйл мэддэг ухаантнууд нэг бодож тунгаана бизээ.

    1 0 Хариу бичих
    • Музейн барилгын тухай нэг ч өгүүлбэр алга даа, найз минь!

      0 0
  2. Saruul bagshiin niitleluudiig amtarhan unshdag shuu, Unshih burt Mongol hel iim bayalag bilyy gej bodogdono, unshaal bmaar moljuurtei, ontsgoi bdag. Hutong ni hudag gesen Mongol ugnees garaltai yum

    0 0 Хариу бичих