"Глобал удирдагч" дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр элсэлт авч, сургалт явуулжээ

"Глобал удирдагч" дээд сургууль “хуульд заасан тусгай зөвшөөрөл авалгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж байжээ. Зөрчлийн шинжтэй энэхүү гомдолд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан аж. Шалгалтаар тус сургууль нь эм зүйн мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атал 2018-2019 оны хичээлийн жилд тухайн мэргэжлээр сургуулийн захирлын тушаалгүйгээр элсэлт авч, сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулсан нь илэрсэн байна. Энэхүү сургалтад 50 гаруй иргэн хамрагдаж сургуулийн дансанд сургалтын төлбөр гэж тус бүр хоёр сая таван зуун мянган төгрөгийг тушаасан ч БСШУСЯ-ны “Боловсролын мэдээллийн систем”-д бүртгэгдээгүй байжээ.

Эдгээр иргэдээс 30 иргэнд 3 хичээлийн жилээр “Оюутны сурлагын дэвтэр”-ийг нээн хөтөлж, “Оюутны дүнгийн хуудас”-ыг тус бүрт нэгэн ижил хичээлийг сонгон судалснаар бөглөж баталгаажуулжээ. Сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 57 тоот “Оюутан шилжүүлэх тухай” тушаалаар дээрх 30 иргэнийг эм зүйн мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий “Энэрэл” дээд сургуульд шилжүүлсэн байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн харъяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)