Гэр хорооллыг хөгжүүлэх нам, Монголын ногоон нам сонгуульд эвсэж оролцоно

Гэр хорооллыг хөгжүүлэхэд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэв

Гэр хорооллыг хөгжүүлж, ногоон болгох зорилго бүхий "Гэр хороолол ногоон хөгжил" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр Гэр хороолол хөгжлийн нам, Монголын ногоон намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Намуудын удирдлагууд гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн зөв шийдэл гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Харин газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах төр засгийн бодлого байхгүй бөгөөд эрх мэдэлтнүүд өөрсдийн бизнесийг хөгжүүлэхийн тулд иргэдийн газрыг булаах тухай ярьж байгааг хэлэв. Тиймээс Гэр хороолол хөдөлгөөнөөс эхэлсэн Гэр хороолол хөгжлийн нам газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого барьж байгаа аж. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь иргэдийн газрыг авч, өндөр байшин барьж, бизнес хийх биш. Харин иргэд байгаа газраа дэд бүтцэд холбож, газраа барьцаалан зээл авч, амины орон сууц, хаус барьж ая тухтай амьдрахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхэлж бизнес эрхлэх нь газраа эдийн засгийн эргэлтэд оруулах арга гэдгийг хэлэлцүүлгийн илтгэгчид онцолж байлаа. Иргэд рүү чиглэсэн энэ бодлогын үүднээс Гэр хороолол хөгжлийн нам, Монголын ногоон намтай хамтарч ажиллахаар болжээ.

Энэхүү хамтран ажиллах санамж бичиг нь хоёр намын сонгуульд эвсэж оролцох эхлэл нь болж мэдэх юм. Энэ талаар Гэр хороолол хөгжлийн намын дарга Б.Батсүх "Гэр хороолол хөгжлийн нам иргэдийн хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрсдөө ажлын байраа бий болгох, орон сууц барих боломжийг хангах шаардлага тавьсаар дөрвөн жил болж байна. Харин төр засаг энэ боломжийг хаасаар ирсэн. Энэ талаар Монголын ногоон намтай хамтран ажиллах ойлголцолд хүрсэн учраас өнөөдөр санамж бичиг байгуулж байна. Бид гэр хорооллыг ногоон болгох ажилд ханцуй шамлан орж байна. Цаашид хоёр нам сонгуульд эвсэж оролцоно" гэлээ. 

Мөн энэ үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч "Гэр хорооллын иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад сард нэг сая төгрөгийн орлоготой байх боломжтой судалгаа бий. Гэр хорооллыг хөгжүүлэх бодлогыг барьж буй нэг нам нь Гэр хорооллын хөгжлийн нам. Мөн залуучууд ихтэй учраас залуучуудаа гаргах үүднээс тус намтай хамтрах ажиллахаар боллоо" гэв.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд санал бодлоо хэлж, хоёр намын удирдлагуудаас асуулт асуув. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Л.Сүхээ "Гэр хорооллын айлуудыг төвлөрсөн шугам сүлжээнд л холбоод өгчих хэрэгтэй. Заавал айл бүрт биш нэг гудамд шугам оруулахад айлууд өөрсдөө хашаа руугаа татчихна. Гэр хороололд агаар, хөрсний бохирдол гээд тулгамдаж буй асуудлууд их бий. Эмнэлэгт гэр хорооллынхон л ихэвчлэн хэвтэж байна шүү дээ. Хатуу ч гэсэн энэ үнэн. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд дэд бүтцэд холбох шаардлагатай. Хэдийгээр төр засгаас айлуудын газар, хашаа байшинг орон сууцаар солих бодлого ярьж байгаа ч урт хугацаандаа хүндрэлтэй. Харин иргэд өөрсдөө хаусаа бариад хашаагаа тохижуулж, хүнсний ногоогоо тариалан амьдарч болно" гэдгийг хэлж байв. Мөн хэлэлцүүлэгт оролцсон иргэд төр засгийнхан гэр хорооллыг хөгжүүлэхийг төр засгийнхан хүсэхгүй байгаа учраас иргэд өөрсдөө идэвхтэй байх ёстойг хэлэв.

Энэ үеэр Гэр хороолол хөдөлгөөний ерөнхий зохион байгуулагч Я.Мөнгөнцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар гарах үр дүнгийн талаар тооцоо судалгаа бий юү?

-Олон жилийн өмнө Перугийн эдийн засагч манай гэр хороололд судалгаа хийж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхай байтугай ашиг гарах боломжтойг хэлсэн. Үүнээс хойш гэр хорооллыг хөгжүүлэхээр юу ч хийсэнгүй. Харин айлуудын газар, хашаа байшинг хоёр өрөө байраар солих л юм ярилаа. Ингэхдээ айлуудын газарт хувийн хэвшилтэй хамтарч өндөр байшин барилга барьж, бизнес эрхэлж байна. Тэгвэл гэр хороолол руу дэд бүтэц татвал айлууд өөрсдөө байшингаа барьж, бизнесээ эрхлэн ашиг олно.

 -Сонгууль дөхөхөөр намуудын үйл ажиллагаа идэвхждэг. Хоёр нам хамтран ажиллахаар болж буй нь сонгуультай холбоотой юу?

-Хоёр намын иргэд рүү чиглэсэн бодлого нэгдэж байгаа учраас хамтран ажиллахаар болсон. Яг одоо эвсэнэ гэж хэлж болохгүй.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. zailaa ta nar.

    1 0 Хариу бичих
  2. uul dargiin ene hed ch dee, songuuli bolohoor ardchilsan namaas heden tog haraad hevtchihne dee

    1 0 Хариу бичих
  3. Haluun usaar nusaa devteej gudmand

    1 0 Хариу бичих