Улсын хэмжээнд 24 цагийн цэцэрлэгт 2700 орчим хүүхэд хамрагдаж байна

Долоо хоногийн 168 цагийн 120 цагийг эцэг эхээсээ тусдаа 24 цагийн цэцэрлэгт өнгөрүүлж байгаа хүүхдийн тоо улсын хэмжээнд 2700 орчим байна. 24 цагийн цэцэрлэгт хүүхэд хүмүүжих нь эцэг эхтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хомс учраас хүүхдийн эрхийг хааж байна гэж олон улсад үздэг. Тэгвэл манайд үйл ажиллагаа явуулж байгаа 24 цагийн цэцэрлэгүүд хэрхэн ажилладгийг сурвалжиллаа.  

Нийслэлийн хэмжээнд холимог болон бүтэн 24 цагаар ажилладаг цэцэрлэг 15 байна. 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн аюулгүй орчинд байх эрхийг хамгаалахын тулд багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулахаас гадна эцэг эхийг нь давхар сургах шаардлага байна.

БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар “24 цагийн цэцэрлэг ажиллаж байгаа нь хүүхдийн эрхийг хамгаалах бас нэг хэлбэр. Хүүхэд гэртээ ганцаараа үлдэн элдэв эрсдэлд өртөхөөс хамгаалж байгаа. Ялангуяа 24 цагийн цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн гэр бүлийн орчин маш хүнд. Наад захын хоол хүнс, түлээгүй. Эх, эцэг нь архины хамааралтай болсон. Эсвэл бүүр эцэг эх нь алга болсон гээд янз бүрийн гэр бүлийн хүүхдүүд байдаг. Тиймээс энэ хүүхдүүдийнхээ хамгаалагдсан орчныг илүү чанартай байлгая. Цаашдаа эцэг эхтэйгээ байх эрхийг нь дэмжихийн төлөө ажиллана”

Нийслэлийн хэмжээнд 1960 гаруй хүүхэд 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж, долоо хоногийн таван өдөр эцэг эхээсээ хол байдаг. Тэдний эрх гэр бүлийн орчинд зөрчигддөг, зөрчигдөх эрсдэлтэй учраас нэг талаараа төр 24 цагийн цэцэрлэгээр дамжуулан халамжилдаг гэлээ. 1930 оноос хойш 24 цагаар хүүхэд авдаг бүлэг, улмаар цэцэрлэг болон өргөжсөн ч энэ чиглэлд бүрэн хэмжээний судалгаа огт хийж байгаагүй байна. Үүнтэй холбоотойгоор МУБИС-н багш, судлаачдын баг 24 цагийн цэцэрлэгийн өнөөгийн нөхцөл байдлыг судалсан байна. Судалгааг эхний байдлаар төр болон төрийн бус байгууллагуудтай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ирэх сараас бүрэн дуусгана.

МУБИС-ийн судалгааны багийн ахлагч М.Нямдорж “Зарим эцэг эхчүүдийн хувьд огт үйл ажиллагаанд оролцдоггүй байдлууд ажиглагддаг. Жишээ нь 24 цагийн цэцэрлэгүүдийн хувьд долоо хоног бүрийн лхагва гаригт эцэг эхчүүдтэйгээ уулздаг өдөр байхад ихэнх эцэг эхчүүд хүүхдээ эргэдэггүй тохиолдлууд байна. Зарим цэцэрлэгүүдийн хувьд баасан гаригт хүүхдээ оройтуулж авах, бүүр огт авахгүй байх ч тохиолдол гардаг” гэв.

Нийслэлд байгаа 24 цагийн цэцэрлэгүүдийн нэг нь Баянгол дүүргийн 94-р цэцэрлэг. Нийт 420 хүүхэд хамрагддаг.  Нэг ангид 70 орчим хүүхэд бүртгэлтэй. 60 орчим хүүхэд хамрагддаг байна.

Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгийн багш С.Түмэнжаргал “Өдрийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хажууд 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхээ санадаг учраас сурах идэвх бууралттай байдаг. Цэцэрлэгүүд тухайлсан сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар заан аав, ээжийн тухай хичээл ороход хүүхэд уйлах, эцэг эхээ санагалзах гэх мэт сэтгэл зүйн өөрчлөлтөд ордог. Баяр ёслол болон амралтын өдрүүдийн дараа хүүхэд цэцэрлэгтээ ирээд өвдөж халуурахад эцэг эхтэй нь холбоо барих гэхээр утсаа хаах, тарах цагт нь ирж авахгүй хоцрох гээд хүүхдэдээ тавих анхаарал халамж сул, хайхрамжгүй байдал ажиглагддаг.

Сэтгэл зүйч П.Энхчимэг “Нэг ангид байгаа хүүхэд багшийн тооноос хамаараад хүүхдэд шууд тулсан харьцаа анхаарал дутмаг байдал үүсэж болно. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлууд болох стресс, айдас үүсэж болдог. Эдгээр сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлуудыг тухайн цаг үед нь шийдэж чадаагүй, хүүхдийн илэрхийлэмжийг ойлгож чадаагүй үед тэрхүү стрессийн түвшин хураагддаг. Ийнхүү хураагдсан стресс тухайн хүүхдийн бие махбодь, тархины хөгжил, нийгэмших үйл явцад нөлөө үзүүлдэг. Тиймээс тухайн хүүхдийн 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байх үед тулгарсан ямар нэгэн сэтгэл зүйн  асуудлууд байвал энэ нь цаашлаад насан туршийнх нь амьдралд нөлөө үзүүлж болохуйц гэж бид харж болно”

24 цагийн цэцэрлэгийг төр аргагүй хэрэгцээ гэж үзэн, хүүхдийг аюулгүй орчинд хамгаалах үүргээ биелүүлж ажиллуулж байгаа ч эцэг эх ч мөн ялгаагүй өөрсдийн үүргээ умарталгүй, хүүхдийнхээ ирээдүйг бодож, хамт цагийг өнгөрүүлдэг, түүнийхээ төлөө хичээдэг байх хэрэгтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)