29 дүгээр сургуулийн багш нарын 60-70 хувь нь дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болжээ

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар “Чимээгүй хашгираан” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хүргэж байсан. Хоёр жилийн өмнө олон нийтэд ил болсон асуудал, өнөөдөр хэрхэн шийдэгдсэн бэ? 29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэлний мэдлэгтэй болж чадсан уу? Нийгэмд дуулиан дагуулсан энэ сэдвийг бид эргэн сурвалжиллаа.

2017 оны дөрөвдүгээр сарын 24. Энэ өдөр “Чимээгүй хашгираан” эрэн сурвалжлах нэвтрүүлэг орон даяар цацагдсан. 29 дүгээр сургуулийн багш нар огт сонсохгүй хүүхдүүдэд дохионы хэлээр биш амаар хичээл зааж байсан нь ил болсон. Тусгай сургууль гэж нэрийдэх ч ерөнхий боловсролын гэх тодотголтой сургуульд 12 жил сурсан хүүхэд бичиж чадахгүй, бүүр арвын дотор л бодож чаддаг гээд олон асуудал хөндөгдсөн. Нэвтрүүлэг цацагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд тус сургуулийн багш нарыг дохионы хэлний сургалтад хамруулж анхан шатны мэдлэг олгосны дүнд өнөөдөр нийт 78 багшийн 60-70 хувь нь дохионы хэлээр хичээлээ зааж чаддаг болжээ.

29 дүгээр сургуулийн захирал М.Сарантуяа “2017 оны хавар, 2019 оны намрыг харьцуулаад үзвэл багш нарын дохионы хэлний чадвар сайжирсан. Энэ хичээлийн жилд манайх таван багш шинээр ажилд авсны дөрөв нь дохионы хэлний огт мэдлэггүй, нэг нь дохионы хэлний тодорхой мэдлэгтэй хүн авсан. Багш нарыгаа ажлын байран дээр нь дохионы хэлний чадварт сургах сургалтыг дотоодын нөөцөөр явуулж байна. 2017 оноос хойш Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хэлмэрч, орчуулагчийн холбоо ТББ-тай хамтарч хоёр удаа, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн багш нартай нийлж нэг удаа бүрэн  курсийн дохионы хэлний сургалтуудыг явуулсан. Үүний үр дүнд манай багш нарын дохионы хэлний чадвар эрс сайжирсан. Багш нар хүүхдүүдэд дохионы хэлээр хичээл заах чадвар сайжирснаар сурагч нараас гардаг гомдол санал харьцангуй буурсан” гэв.

29 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Батсайхан 71 дүгээр сургуулийн захирлаар томилогджээ

“Чимээгүй хашгираан” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн есөн хүүхдийн гурав нь бэлгийн дарамтад өртөж байснаа ярьсан байдаг. “Бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгосон байх” гэж ярьж суусан тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Батсайхан одоо 71 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм байна. Харин охидод бэлгийн дарамт үзүүлсэн багш нар  одоо ч сургуульдаа ажиллаж байна.

Охидод бэлгийн дарамт үзүүлсэн багш нар  одоо ч сургуульдаа ажиллаж байна

Тус сургуулийн 3-4 эрэгтэй багш бэлгийн дарамт үзүүлж насанд хүрэгчдийн бичлэг үзүүлэн биеийг нь илж таалдаг байсныг охид батлан ярьсан байдаг. Харин прокуророос Монгол Улсын Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг удиртгал болгон тогтоох нь гэж хаяглаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хаасан байх юм. Энэ тогтоолын цаана хэрэг нь нотлогдоогүй гэх шалтгаанаар охидод бэлгийн дарамт үзүүлж байсан багш нар одоо ч сургуульдаа ажилласаар байна.

Саяхан ҮХЦ-ийн дарга асан Б.Одбаяр  БНСУ-ын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж, торгуулиа төлөөд эрх орондоо ирж,  ҮХЦ-ийн даргаасаа огцорсон. Гэсэн хэдий ч даргын суудлаа өгөөд гишүүний суудалдаа үлдсэн.  Үүнтэй байдал сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлсэн багш нарын асуудал тэрхэн үедээ  яригдаад өнөөдөр чимээгүй болжээ.  Хэдийгээр бэлгийн дарамтад өртсөн охид төгссөн гэж байгаа ч дахиад олон эмэгтэй сурагч тухайн сургуульд сурч байгаа.  БНСУ-ын хууль тогтоомжийг харах нь ээ улсынхаа иргэнийг хамгаалсан тухайн улсын хууль бодлого ямар өндөр бас чанга байгааг бид харсан, мэдэрсэн. Харин өсвөр үеэ хамгаалах Монгол улсын хууль тэр дундаа  боловсролын салбарын доголдол өнөө ч байсаар.  Сурагчдад суурь боловсрол олгодог дээд боловсролтой багш нар дутмаг. Тусгай хэрэгцээт сургууль нь түүнээсээ болоод сургалтын доголдолтой байсаар байгаа юм.

Дохионы хэлний багш өнөөдөр боловсролын төдийгүй бүхий л салбарт дутагдсаар

БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Гэрэлтуяа “Ерөнхий боловсролын сургуульд сонсголын бэрхшээлтэй 633 хүүхэд байна гэсэн тоо мэдээ гарсан. Үүнээс 297 хүүхэд нь 29 дүгээр сургуульд сурч байгаа. Бид энэ жил тэгш хамруулах журам баталсан. Тиймээс бид ердийн сургуульд 0 хараатай хүүхэд сургаж байна. Үүнийг зөвхөн тэр хүүхдэд дохионы хэлний хэлмэрч, орчуулагч шаардлагатай байна гэдэг үүднээс манай ХНХЯ-н дээр МСҮТ дээр анги нээхээр ажиллаж байгаа.

Монгол Улсад бэлтгэгдээгүй 30 жил тасарсан тусгай хэрэгцээт боловсролын багш буюу энгийнээр дохионы хэлний багш өнөөдөр боловсролын төдийгүй бүхий л салбарт дутагдаж байна. 1980-д онд ОХУ, УНгар зэрэг улсад бэлтгэгдсэн багш нар нь тэтгэвэртээ гарч, тэдний халаа одоо хэрэгтэй болсон үед бэлтгэгдсэн хүний нөөц цөөн байна. Хэрэгцээ шаардлага нь гэнэт тулаад ирэх үед 2013 онд 1 жилээр, 2015 оноос 3.5 жилээр бэлтгэж эхэлсэн. Ингээд 2017 онд МУБИС-д тэнхим байгуулжээ.  

МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Батцэнгэл “Өнөөдрийн байдлаар МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 1-4 дүгээр ангид нийтдээ 79 оюутан суралцаж байгаа. Бид энэ хугацаанд МУБИС дээр хүмүүнлэгийн чиглэлийнхээ үйл ажиллагааны хүрээнд сонсголын болон харааны бэрхшээлтэй оюутнуудыг элсүүлэн сургасан.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр 29 дүгээр сургуулийн асуудал зөвхөн тухайн сургуулийн асуудал бус  боловсролын салбарын асуудал байсан нь ил болоод байна. Нэг талдаа 29 дүгээр сургуулийн багш нар анхан шатны ч болов дохионы хэлтэй болж байгаа нь сайшаалтай ч зөвхөн 29 дүгээр сургуулиар хязгаарлагдахгүй, хөдөө орон нутаг гээд улсын хэмжээнд хэрэгцээ шаардлага нь байсаар. Мөн үүнийг дагаад дохионы хэлний хэлмэрч орчуулагч ч дутагдалтай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)