Тусгай зөвшөөрөлгүй хувийн орон сууцны конторууд их хэмжээний хохирол учруулжээ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хоёр жилийн өмнөх судалгаагаар дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй 530 гаруй иргэн, хуулийн этгээд хувийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж байжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба замбараагүй байдлыг цэгцлэхэд анхаарал хандуулан Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран хуулийн хүрээнд үе шаттай арга хэмжээ авсны үр дүнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоог 61 болгож цөөрүүлжээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр нарын хамтарсан тушаалаар 2019 оны 10 дугаар сард байгуулагдсан ажлын хэсэг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа 9 хувийн орон сууцны конторын үйл ажиллагаанд үзлэг шалгалт зохион байгуулсан байна.
Үзлэг шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж дотор ямар ч тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн инженер техникийн ажилтангүй, шугам сүлжээний эзэн харьяалалгүйгээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ оршин суугчдын ус, дулааны төлбөрийг УБДС ТӨХК, УСУГ ОНӨААТҮГ-т олон жил төлөлгүй 660 гаруй сая төгрөгийн өр төлбөр үүсгэсэн зөрчил илэрчээ.
Үүний дотор "Хаан-Уул өргөө" ХХК нь өөрийн хариуцдаг 7 байрны 1000 гаруй оршин суугчдын ус, дулаан, эрчим хүчний хангамжийг доголдуулж, 200 гаруй сая төгрөгийн өрийг үүсгэж, үйлчилгээгээ 2019 оны тавдугаар сараас бүрэн зогсоосон байна.
Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр Эрчим хүчний зохицуулах хороо, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг оролцуулан хуралдаж, "Хаан-Уул" өргөө ХХК-ийн хариуцаж байсан Баянзүрх дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд байрлах 23, 24, 82, 38, 13а, 13б, 18б байруудын ус, дулааны өр төлбөрийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийтийн аж ахуйн засвар, үйлчилгээг мэргэжлийн байгууллага болох Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)