Монгол, Хятадын орчуулагчдын уулзалт болов

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан Монгол, Хятадын орчуулагчдын уулзалт өчигдөр Хөх хотод болжээ. Манай улсаас Монгол, Хятадын орчуулагчдын холбооны Монголын талын орлогч дарга Ц.Сүрэнжав тэргүүтэй 18 төлөөлөгч, Хятадын талаас ӨМӨЗО-ы намын хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, мэдээллийн албаны дарга Хань Юүньшян, Өвөрмонголын утга урлагийн холбооны дэд дарга, Өвөрмонголын орчуулагчдын холбооны дарга Улаантуяа зэрэг тус улсын орчуулгын салбарын дарга удирдлага, эрдэмтэн судлаачид нийт 60-аад хүн уулзалтад оролцжээ.

Хятадын төвийн радио телевизийн Ази, Африкийн орнуудын хэлний төвийн монгол хэлний редакцын дарга Гэрэлт “Хятад, Монгол орчуулгын чанарын тухай”, "Отгонтэнгэр" их сургуулийн орлогч захирал Э.Номин “Ши Жиньпин даргын төр улсыг засах тухай номын орчуулгын тухай”, Монгол Улс дахь Хятадын түүх, соёл судлалын холбооны тэргүүн Х.Баатархүү “Хятадын чухал тулгуур үгнүүдийн орчуулга” зэрэг илтгэл тавьж, хуралд оролцогсод санал бодлоо солилцсон байна.

Монгол Улсын төлөөлөгчдийн багийнхан өнөөдөр Өвөрмонголын "Синьхуа" группийн номын сан, “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн ӨМӨЗО-ы үзэсгэлэн”, Өвөрмонголын кино группийн үндэстний кино орчуулгын төв зэрэг газруудтай танилцах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)