Хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацаа дууссан эсэхийг шалгаж байхыг анхаарууллаа

Иргэд хүүхдийн шинэ жилийн бэлэг авахдаа ихэвчлэн бэлэн багцалсан бэлэг худалдан авдаг.  Үүнтэй холбогдуулан шинэ жилээр хүүхдийн бэлэг сонгохдоо хаяг шошго, хадгалах хугацааг нь заавал шалгаж, хадгалалтын горим зөрчөөгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг НМХГ-аас санууллаа.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг есөн дүүргийн хэмжээнд хийж байна

2018 онд нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 451 газар хяналт шалгалтад хамрагджээ. Шалгалт хийхэд хаяг шошгын зөрчилтэй, хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд багцалсан нь илэрч байжээ. Тиймээс НМХГ-аас нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг энэ сарын 2-ноос эхлэн есөн дүүргийн хэмжээнд хийж эхэлсэн байна.

НМХГ-ын улсын байцаагч Х. Чимгээ “Иргэд хүүхдийн бэлгийг сонгохдоо бүтээгдэхүүний орц тэр дундаа чихэрлэг бүтээгдэхүүн хэр их байгааг харах хэрэгтэй. Мөн тухайн бүтээгдэхүүнийхээ хаяг, шошго хадгалах хугацааг сайтар шалгах хэрэгтэй. Мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалахгүйгээс хадгалах хугацаа дуусаагүй ч бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл бий гэдгийг анхаарах ёстой” гэв.

Мөн худалдаа эрхлэгчид хадгалалтын хугацаа дууссан барааг багцалсан бэлэгт хийх тохиолдол их байдаг гэлээ.

Худалдаа эрхлэгчид ирж байгаа бараа бүтээгдэхүүнийгээ хадгалах хугацаа, чанар, стандартыг шалгаж хүүхдийн бэлэгт багцалж байгаа талаараа ярилаа. Харин иргэд багцалсан хүүхдийн бэлгийг задалж, бүтээгдэхүүн бүрийг нягталж шалгах боломж байдаггүй гэв.  Гэхдээ иргэд хүүхдийн бэлэгт чихэрлэг ихтэй бүтээгдэхүүнээс татгалзан эко бүтээгдэхүүн сонгох болжээ.

Цаашлаад иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, хүүхдийн бэлгийг сонгон авахдаа хадгалалтын горимыг зөрчөөгүй, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх хэрэгтэйг сануулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)