Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн иргэдийг шүүнэ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн иргэдийг шүүх хуралдаан товлогдов. Тодруулбал, Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анози Дарлингтон Дон, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ариунзул нарыг холбогдох эрүүгийн хэрэгт буруутгаад буй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)