Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд ажиллах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч бий. Харин тэдний үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа тул Засгийн газар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг баталснаар, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийг тэлнэ хэмээн үзэж буй. Мөн хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах, олон суваг дамжуулах, олон нийтийн радио, телевизийн, арилжааны радио, телевизийн гэсэн төрөлтэй байхаар тусгасан байна. Үүнээс гадна өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. Энэхүү хуулийн төслийг баталснаар суваг дамжуулагч компаниудын иргэдээс авч буй төлбөрийн 15 хувийг телевизүүдэд олгох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр иргэдэд төлбөрийн дарамт үүсэхгүй гэдгийг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн хэлэв. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт, асууж, санал хэлснийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Хуулийг дэмжиж байгаа. Харин хуулийг баталбал, иргэдэд үнийн дарамт ирэх үү. Мөн хяналтыг хэрхэн хангах вэ. Хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хариуцлагатай холбоотой асуудлыг авч үзсэн. Ажлын хэсгийнхэн ярилцаж, хуулийн хэрэгжилтийг ирэх оны долдугаар сарын 1 гэж үзсэн. Үүнээс өмнө журмын тухай хуулийг хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгнө. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг Засгийн газар гаргаж УИХ-д оруулж ирнэ. Түүнээс биш ажлын хэсэг, байнгын хороо Зөрчлийн тухай хуулийг санаачлах эрхзүйн үндэс байхгүй. Энэ хууль батлагдсанаар хэрэглэгчдэд үнийн дарамт болохгүй. Мөн төрөөс нэмэлт санхүүжилт авахгүй. Харин цаашид төр сан байгуулж улмаар хөрөнгө төвлөрүүлж үндэсний хэмжээний контентуудыг дэмжих чиглэлээр санг ажиллуулна гэж хуульд зохицуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно гэж шинэ заалт оруулсан.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

-Энэ хуулийг дэмжиж байна. Гэхдээ сангийн хөрөнгөө яаж зохицуулах юм бэ. Тухайн байгууллага өөрсдөө хяналтаа тавьж өрсөлдөх боломжтой юу. Иргэд хэлж байна. Орой телевизээ асаагаад л айдас хүйдэс мэдэрч байна. Дандаа сенсаац хөөсөн мэдээ гарч байна гэж байна. Үндэсний өв соёлыг дэмжиж яаж ажиллах юм бэ. Нөгөөтэйгүүр, хүнлэг энэрэнгүй, гэр бүлийн зөв харилцааг харуулсан контентыг түлхүү үйлдвэрлээсэй гэж хүсэж байна.

Ажлын хэсэг:

-Оролцогч талуудын эрх үүргийг тодорхой заасан. Сангийн асуудлыг гурван чиглэлээр зарцуулна. Нэгдүгээрт, ард иргэдэд алслагдсан сүлжээ хүрээгүй байгаа газарт хүргэх. Түүх соёлын өв уламжлалыг харуулсан нэвтрүүлэгт зэргээр хуваарилна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Өргөн нэвтрүүлгийн хууль их чухал. Хэвлэлийн эрх чөлөөний амин сүнс телевиз. Гэтэл одоо ямар нөхцөлтэй байна вэ. Бүгд улс төрийн болон явцуу эрх ашиг нөлөөлж байна. Ийм байдалд энэ хууль нөлөөлж, цэвэрлэгээ хийх боломжтой юу. Энгийн нэг сэтгүүлч телевиз байгуулаад ажиллах боломж алга. Уг нь ингэж байж хэвлэлийн салбар тунгалаг байх боломжтой. Захиалагчийн талд үйлчилсээр байвал ардчилал тунгалаг байж чадахгүй. Хэвлэл нь хэвлэлээрээ байхгүй бол бурууддаг юм байна лээ. Санхүүжилт хэрэгтэй бол санхүүжилтийг өг. Барууны улсад улстөрч сайн сэтгүүлч хоёр нэг төвшинд байдаг.

Ажлын хэсэг:

-Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүргийг тус хуульд тусгасан. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстой.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Өргөн нэвтрүүлгийн 19 телевиз байдаг. Кабелийн сувгаар үйлчилгээ явуулдаг 60, 70 суваг бий. Гэтэл энэ хуулиар кабелийн телевиз нь орхигдох юм биш үү. Хоёуланд нь үйлчлэх ёстой юм биш үү. Иргэд аль нь өргөн нэвтрүүлгийнх нь, аль нь кабелийнх гэж ялгахгүй шүү дээ. Сүүлийн үед онлайн телевиз гарч ирлээ. Тиймээс хариуцлагыг тэнцвэртэй ялгаваргүй болгох ёстой байх.

Ажлын хэсэг:

Хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч гэдэг нь радио, телевиз, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид бүгдээрээ хамаарна гэсэн заалт бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Сүүлийн жилүүдэд телевизүүдийн хөтөлбөр, контентын чанар нэлээд сайжирсан. Харин үндэсний өв соёл, танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлбөртөө түлхүү тусгаарай гэдгийг хэлье. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэх цаг нь болсон. Манай улсад олон телевиз байдаг. Үүнээс өргөн нэвтрүүлгийн 19 телевиз байдаг юм байна. Мэдээлэл түгээгч нар ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл бэлтгэдэг болмоор байна. Амиа хорлосон гэх мэт сөрөг мэдээллийг их гаргахаа болих хэрэгтэй. Айлууд нэг сард дунджаар 30 гаруй мянган төгрөг төлдөг. Үүний 15 хувийг нь авна гэж тооцоод байна. Энэ талаар мэдээлэл авмаар байна.

Ажлын хэсэг:

-Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэвтрүүлгийн хөтөлбөртэй холбоотой заалт бий. Тухайлбал, хөтөлбөрийн  гамшгаас урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэх мэт хөтөлбөр байх ёстойг зааж өгнө.

Ажлын хэсэг:

-Хараат бус редакц нь өөрөө санхүүгийн хараат бус байж бий болно. Нийгмийг соён гэгээрүүлэх үүргийг хүлээнэ. Дамжуулагч компаниуд болон телевизүүдийн хоорондын бизнесийн суурь зохицуулалтын эрх зүйн орчинтой болсноор телевизүүдэд ашигтай бөгөөд иргэдэд өгөөжтэй байна гэдэг үндэслэлээр энэ хуулийн төслийг боловсруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Телевизүүдээр улстөрчдийн ярилцлага, солонгос кино л их гарах юм. Энэ хуулийн төслийг баталбал ийм байдал арилна гэж найдаж байна. Дэлхийн том телевизүүд ямар байгааг бүгд мэднэ байх. Тэд жижиг, дунд бизнесийг хэрхэн дэмжиж байгаа билээ. Мөн дамжуулах компаниудаас асууя. Хуультай холбоотойгоор төлбөрөө нэмчих юм биш биз дээ. Мөн төлбөрийг телевизүүдэд ижил хэмжээгээр, эсвэл чанараар нь олгох юм уу?

Ажлын хэсэг:

-Монголд 30 гаруй дамжуулагч оператор байдаг. Энэ хуультай холбоотойгоор бизнес модельд өөрчлөлт орж байгаа. Тиймээс энэ нь компаниудын өөрсдийн шийдвэрлэх асуудал болох байх.

Ажлын хэсэг:

-Хуулийн төсөлд хөтөлбөрийн тодорхой хувь нь хүүхдийн, танин мэдэхүйн, соён гэгээрүүлэх нэвтрүүлэг байхаар зохицуулалт тусгаж байгаа. Мөн телевизүүдийн төлбөрийг үзэгчийн тооноос хамаарч ялгаатай олгоно. Тэгэхээр чанарыг нь чухалчлах юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 -Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Дамжуулагч компанийн авч буй төлбөрөөс 15 хувийг телевизүүд авах юм байна. Энэ нь телевизүүдийн хараат бус байх нөхцөлийг хангах нэг арга болно. Тиймээс энэ хуулийг батлах шаардлагатай.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулснаар чуулганы хуралдаан завсарлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)