С.Энхбаатар: Намын хандив хуулийн шаардлага хангаагүй байх зөрчил илэрдэг

“Улс төрийн санхүүжилтийн тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлэг өнөөдөр “Шангри ла” зочид буудалд болов. Хэлэлцүүлгийг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, Нээлттэй нийгэм форумаас Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх юм.

Монголын улс төрийн санхүүжилтэд эрх зүйн орчин доголдолтой байгаа талаар олон улсын болон дотоодын судлаачид хэлдэг. Өөрөө хэлбэл, Монголд улс төрийн намын санхүүжилт далд, хяналт сул, үүнийг зохицуулах хуулийн орчин ч дутагдалтай. Ингэснээр намууд цөөн хүрээнийхнээс санхүүжилтээ босгож эргээд энэ нь УИХ-ыг лоббидох, хэдэн том компанийн монополь тогтох эрсдэлтэй юм. Мөн улс төрд шинэ залуу, туршлагатай лидер, эмэгтэйчүүд оролцоход санхүүгийн нөөц хомс байдаг байна. Өнөөдөр улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн зарцуулалтад аудитын байгууллагаас хяналт тавьдаг.

Сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийг олон нийтэд мэдээлдэг

Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газарт Сонгуулийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулиар УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой зарим чиг үүргийг хүлээлгэсэн байдаг. Тэгвэл 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тус газарт сонгуулийн өмнө гурван төрлийн дүгнэлт, сонгуулийн дараа хоёр төрлийн дүгнэлт гаргах зохицуулалт оруулжээ.

Энэ талаар  Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын дарга С.Энхбаатар “Сонгуулийн өмнө гаргаж байгаа гурван төрлийн дүгнэлтийн эхнийх нь сонгуулийн өмнөх нэг жилийн хугацаанд иргэн хуулийн этгээдээс авсан хандивын тайланг нь хүлээж аваад, түүнийх нь хүрээнд дүгнэлтээ гаргадаг. Хоёрдахь нь зардлын дээд хэмжээ тогтоох. Одоо байгаа хуулиар бол сонгууль болохоос 120 хоногийн өмнө зардлын дээд хэмжээг тогтоодог. Энэ хэмжээг тогтоохдоо УИХ-аас тогтоосон тухайн тойргийн хүн ам, нутаг дэвсгэрийн тоо, нутаг дэвсгэрийн байршил, сонгуульд гарч болох тээвэр, шатахуун, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэтэд зарцуулах зардлаа тооцсоноор тогтоодог. Гуравдугаарт, мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах зохицуулалт байгаа. Энэ хүрээнд  Төрийн аудит болон Сонгуулийн тухай хуулиар Хөгжлийн бодлогын үзэл баримтлал буюу урт хугацааны  бодлогын баримт бичигт тухайн нам эвслээс дэвшүүлж байгаа, зорилт хөтөлбөр нь нийцэж байгаа эсэхэд хяналт дүгнэлт гаргана. Мөн санхүүгийн эх үүсвэр шаардсан зарим арга хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргадаг.  Сонгуулийн дараа хийдэг хоёр дүгнэлтийн хувьд тухайн нэр дэвшигч, нам нь сонгууль болсноос хойш хувийн аудитын дүгнэлт гаргуулаад түүнийгээ Сонгуулийн ерөнхий хороо болон төрийн аудитын газар хүргүүлнэ. Энэ нь сонгуулийн хугацаанд иргэн хуулийн этгээдээс хандивын хүрээнд авсан санхүүжилтийн асуудлыг үздэг. Одоогоор хориглогдсон этгээд хандив өгсөн эсэх, хуулиар хязгаарласан этгээд, өгсөн хандив нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргадаг. Дээрээс нь бидний тогтоосон зардлын дээд хэмжээнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Ингээд сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийг олон нийтэд мэдээлдэг. Нөгөөх нь сонгууль зохион байгуулахтай холбоотой улсаас гарч буй зардалд дүгнэлт гаргадаг. Хандив нь хуулийн шаардлага хангаагүй байх тохиолдол нэлээн байдаг. Үүнийг бид улсын орлого болгодог” гэсэн юм.

Намуудад төрөөс санхүүжилт олгох хэрэгтэй

Монголын улс төрийн санхүүжилтийн орчны судалгааг хийсэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Монгол дахь төслийн зохицуулагч Б.Баттуул “Монголын улс төрийн системд тулгамдаж буй бас нэг асуудал нь эмэгтэйчүүд, залуучуудын хувьд улс төрд тэгш нөхцөлөөр оролцож өрсөлдөх боломж хязгаарлагдмал байгаа явдал юм. Сонгуульд нэр дэвшихийн тулд эмэгтэйчүүд, залуучууд янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг ба түүний дотор эдийн засгийн нөөц боломж хомс байдаг нь гол бэрхшээл болж байна. Санхүүжилт ихтэй хүнтэй санхүүжилтгүй хүн өрсөлдөж, ижил түвшинд гарч ирнэ гэдэг хүндрэлтэй. Үүнийг зохицуулахын тулд намын санхүүжилтийг төрөөс гаргах хэрэгтэй. Парламентын бус намуудыг төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ бүх улс төрийн намд өгнө гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, олон улсад бол нийт сонгогчдоос 1-2 хувийн санал авсан жижиг намыг төрөөс санхүүжүүлдэг. Энэ нь сонгуулийн тэгш гарааг бүрдүүлэх зорилго агуулдаг” гэлээ.

Тэгвэл Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс УИХ-д суудалгүй ч сонгуульд тодорхой амжилт үзүүлсэн намуудад төсвөөс санхүүжилт олгодог болох, улс төрийн намуудад төсвөөс олгож буй санхүүжилтийн тодорхой хувийг эмэгтэй болон залуу гишүүд, нэр дэвшигчдийг дэмжихэд зарцуулах нөхцөл заах, сонгуулийн болон сонгуулийн бус үед мөнгөн бус хандив хүлээн авсан бол тодорхой обьектив шалгуурт үндэслэн мөнгөн дүнг тооцдог байхаар зохицуулахыг зөвлөж байв.

"Улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэрийг яаж зохистой цэвэр байлгах вэ гэдэгт манайд эрхзүйн орчин байхгүй"

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр  “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач  Д.Энхцэцэгээс цаг асуудлаар тодрууллаа.

-АН Үндэсний бодлогын хурлаараа ирэх сонгуульд нэр дэвших гишүүн бүртээ 50-100 сая төгрөгийн босго тогтоосон талаарх мэдээлэл байгаа. Үүнийг хувь судлаачийнхаа зүгээс юу гэж харж байгаа вэ?

-Улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэрийг яаж зохистой цэвэр байлгах вэ гэдэгт манайд эрхзүйн орчин байхгүй. Мөн хяналт байдаггүй. Мэдээж улс төрийн нам аливаа нэг хэмжээгээр санхүүжих ёстой. Нөгөө талаас сонгууль маш их зардалтай байдаг. Өдийд бол “Санхүүжилт хаанаас босгох вэ” гэдэг намуудынхны толгойн өвчин болж байгаа. Тэртэй тэргүй хуулиар санхүүжилтийг нь тодорхой болгоогүй. Цэвэр эх үүсвэрээр санхүүжих боломжийг нь олгоогүй болохоор энэ мэт үзэгдлүүд гардаг. Энэ нь мэдээж авлигын нөхцөлийг бүрдүүлдэг хортой.

-Хэрэв ингээд ил цагаан тогтоодог болохын эрсдэл нь юу вэ?

-Одоогийн энэ нөхцөл байдлаас харахад, хэчнээн мундаг лидер байлаа гээд өөрийгөө, намаа санхүүжүүлэх мөнгөгүй бол улс төрд орох боломжгүй байна. Энэ нь сонгуулийн тэгш эрхийн зарчимыг зөрчиж байгаа юм. Манай хуульд ч энэ тухай тодорхой тусаагүй. Яагаад энэ бүх  асуудал үүсээд байна вэ гэхээр сонгуульд зарцуулах мөнгө жил бүр нэмэгдэж байгаа. Тэгэхээр мөнгөөр санал худалдаж байгаа хүнд иргэд санал өгмөөргүй байна.

-Тэгэхээр бидэнд ямар гарц байгаа вэ?

-Монгол Улс бол шинэ ардчилсан улсад тооцогддог. Манайхтай ижил ангилалд байдаг улсуудын намууд нь органик байдлаар бий болсон. Дэмжлэг нь төрөөс олгодог гэх мэт практик байдаг. Гэтэл манайд бол нам өөрөө санхүүжих л тогтолцоотой. Тэр тусмаа бизнесүүдээс санхүүжих боломж л байдаг. Энэ санхүүжилтийг сонгуулийн үеэр хязгаарлах гэж оролддог ч түүнийгээ хянах тогтолцоо нь муу учир замбараагүй санхүүжилт байсан хэвээр байна. Манайхтай ижил “залуу” ардчилсан орны хувьд төрийн санхүүжилт нь их байдаг. Ингэснээр санхүүгийн эх үүсвэр нь ил тод, цэвэр болж байгаа юм. Ингээд аажимдаа тэр намыг дэмжигчдийн бааз суурьтай болгож байгаа юм. Манайд 200 гаруй мянган дэмжигчтэй нам байгаа  гэдэг. Гэтэл тэр нь үнэн дэмжигч мөн үү, тэдэнтэй нам ямар харилцаатай байдаг нь эргэлзээтэй. Тэгвэл ийм өнгөц байдлаар бус намуудыг жинхэнэ бааз суурьтай болох бололцоог бий  болгодог. Тэгээд тэрнээсээ дараа нь санхүүжих шат дараатай босго тогтоодог жишиг бий.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)