Орос, Хятад стратегийн аюулгүй байдлын зөвшилцөл хийжээ

БНХАУ-ын Шанхай хотноо өчигдөр Орос, Хятадын стратегийн аюулгүй байдлын 15 дахь зөвшилцлийн хурал болжээ. Хоёр тал шинэ эриний Хятад, Оросын харилцаа, олон улсын үйл хэрэг, олон талт конвенцын хүрээн дэх хамтын ажиллагаа, Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн хамтын ажиллагаа, цэргийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр гүнзгий зөвшилцөж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.

Стратегийн аюулгүй байдлын зөвшилцлийн механизмын үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, хоёр талын улс төрийн итгэлцлийг улам гүнзгийрүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа нягтшуулан, гадаадын хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэж, харилцан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хэлбэрэлтгүй дэмжин, хоёр орны улс төр, тогтолцооны аюулгүй байдлыг хамгаалж, тус тусын хөгжил дэвшилд илүү аюулгүй, тогтвортой гадаад орчин бүрдүүлэхийг хоёр тал зөвшөөрсөн байна.

Оросын тал даргалагч орны хувьд ирэх оны ШХАБ, БРИКС-ын орнуудын дээд хэмжээний хурлыг зохион байгуулахад Хятадын тал бүх хүчээр дэмжихээ илэрхийлжээ. Хоёр тал мөн олон талт үзэл нь олон улсын хамтын ажиллагааны чухал хандлага болохыг онцолж, ганц талт болон дээрэнгүй үзлийн үйлдлийг илэрхий эсэргүүцэн, олон улс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтдаа ахиулах нь зүйтэй гэжээ. Хоёр тал цаашид олон улсын стратегийн тогтвортой байдлыг хамтын хүчээр дэмжиж, АНУ дэлхийд пуужингийн довтолгооноос эсэргүүцэх систем хөгжүүлэх, мөн “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ”-нээс гарахыг эсэргүүцнэ гэдэгт санал нэгдсэн байна. Хоёр тал цаашид Солонгосын хойгийн цөмийн асуудал, Ираны цөмийн асуудал, Афганистан, Венесуэл зэрэг халуун цэгийн асуудлыг улс төрөөр зохицуулахыг үргэлжлүүлэн ахиулахаар шийджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)