Ч.Содномцэрэн: Энэ тогтолцоогоор сонгууль явуулбал саналын хуудас дөрөв болж, зардал нэмэгдэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авч байна. 
Ж.Батзандан: - Өнгөцхөн харвал томсгосон мажоритар юм шиг боловч 26 нэр дэвшигчийн авсан саналыг намд нь тооцож суудал хуваарилах юм байна. Энэ системыг хаана анх хэрэгжүүлж байсан юм бэ. Мажоритар ч юм шиг, холимог ч юм шиг тогтолцоо байна. Саналын хуудас тоолох авто машин чинь олон нэр дэвшигчийн нэртэй саналын хуудсыг тоолох боломжтой юу. 26 нэр дэвшигч томсгосон тойрогт нэр дэвшиж байгаа учраас сонгогчид нэг бус 26 хүртэл хүнийг сонгож болохгүй юу. Эсвэл 26 нэр дэвшигчээ бүчилсэн тойргоос сонгож болох уу?
Л.Энх-Амгалан: -Сая Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа цаашдаа мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаа тунхагласан. Энэ бол мажоритар тогтолцоо. Жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулагддаг гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тогтолцоо бол уг шүүмжлэлийг үгүйсгэнэ. Магадлалын хувьд бол сонгогч 26 хүртэл хүнийг сонгох боломжтой. Гэхдээ сонгогчид төөрөлдөх учраас нэг хүнийг л сонгоно гэж үзсэн. Энэ тогтолцоог хаана ашиглаж байсан бэ гэж байна. Холимог тогтолцоогоор сонгууль явуулж байгаа 75 улс бий. Үүний 37 нь хаалттай жагсаалт, 38 нь бидний энэ нээлттэй жагсаалтаар сонгууль явуулж байгаа. 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Энэ тогтолцоогоор сонгууль явуулахад автомат машин саналын хуудсыг тоолох бүрэн боломжтой. Бид туршилт хийж үзсэн. Харин саналын хуудасны тоо нэмэгдэнэ.  Саналын хуудасны тоо дөрөв болж нэмэгдэж байгаа. Жижиг тойргоос нэр дэвшигчдийг сонгох саналын хуудас нэг байна. Харин нам тус бүрийн нэр дэвшүүлсэн 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгох саналын хуудас гурав байх юм. Тэр олон нэр дэвшигчийн нэр гурван саналын хуудсанд багтана гэсэн үг. Ингэхээр сонгуулийн зардал нэмэгдэнэ. Төсөвт нэг саналын хуудсаар тооцож санхүүжилт тусгагдсан байгаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)