Т.Баясгалан: Тогтвортой хөгжлийн зорилтод залуу эрдэмтэд дуу хоолойгоо хүргэнэ

-Монголын анагаах ухаанд тулгарч буй нэг том асуудал бол судлаачдад олгох мөнгөн урамшуулал, санхүүгийн дэмжлэг байхгүй-

Монголын Залуу эрдэмтдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн ахлах багш,  Анагаах ухааны доктор Т.Баясгалангаас Монголын залуу эрдэмтдийн хийж буй ажил, цаашдын зорилго болон 2019 оны 12-р сарын 12-нд болох Залуу эрдэмтдийн зургаадугаар чуулганы талаар тодрууллаа.

-Монголын залуу эрдэмтэд удахгүй чуулах гэж байна. Энэ жил та бүхний хөндөх сэдэв, шийдэхийг зорих асуудал юу байх вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Залуу эрдэмтдийн чуулганы тухай ярихын тулд эхлээд Монголын Залуу эрдэмтдийн холбооны тухай мэдээлэл өгөх нь зүйтэй байх.  Монголын Залуу эрдэмтдийн холбоо нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, залуу судлаач, оюутан, эрдэмтэнд туслах, тэднийг мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2004 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан түүхтэй. Холбооны анхны ерөнхийлөгчөөр АУ-ны доктор Х.Алтайсайхан сонгогдон ажиллаж байсан. МЗЭХ нь Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Хөдөө аж ахуй, биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо, Технологи-инновацийн залуу судлаачдын холбоо, Анагаах ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Газарзүй, геологийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Эдийн Засаг, Бизнесийн салбарын залуу эрдэмтдийн холбоо гэсэн нийт 7 салбар холбоо 800 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг төрийн бус байгууллага юм.

МЗЭХ-ны зүгээс залуу судлаачдын дунд хийдэг том ажлуудаас дурдвал “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний хурал байна. Анх зохион байгуулж байхад шагналын сан нь хоёр зуу орчим мянган төгрөг байсан бол одоо долоон салбар тус бүрээс хоёр эрдэмтний бүтээлийг шалгаруулан тус бүр дөрвөн сая төгрөг бүхий БСШУС-ын сайдын нэрэмжит грант олгодог болтлоо өргөжсөн байна. Энэ нь залуу эрдэмтдийг урамшуулах,  чадавхжуулах ажлын эхлэл юм. Мөн БНХАУ, ОХУ-ын залуу эрдэмтэдтэй хамтран “Торгоны зам” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулаад үйл ажиллагаа нь тогтмолжсон байгаа. Түүнчлэн дөрвөн жил тутамд Залуу Эрдэмтдийн үндэсний чуулганаа зохион байгуулдаг. Энэхүү чуулга, уулзалтанд шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, тэдгээртэй хамтран ажилласаар ирсэн уламжлалтай юм. Энэ удаагийн VI дахь чуулга уулзалтыг  “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

-Өмнөх чуулгануудаас ямар үр дүн гарч байсан бэ?

-Тавдугаар чуулганаас гарсан шийдлүүдээ БСШУСЯ-нд уламжлаад, тодорхой ажлууд хэрэгжсэн. Би анагаахын салбарыг төлөөлдөг тул өөрийн салбарынхаа хүрээнд ярья. Манай салбарын тухайд залуу судлаачдад олгох грант, урамшуулал маш үр дүнтэй хэрэгжсэн жишээ бий. АШУҮИС нь Монголын анагаахын салбарын залуу эрдэмтдийн дийлэнх олонхийг нэгтгэсэн цөм нь болдог. Тэр утгаараа залуу судлаачдын урамшуулал АШУҮИС дээр үр дүнтэй явж байгаа. ДЭМБ-ын тодорхойлсноор 45 хүртэлх насыг залуу насанд хамруулдаг. Энэ утгаараа өнөөгийн байдлаар анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан 120 орчим залуу эрдэмтэн байдаг. Эдгээр судлаачдад тулгардаг нэлээн том асуудал нь төсөл, санхүүжилт байдаг, эрх зүйн орчин. Сая дурдсан 120 гаруй эрдэмтдийн 40 орчим хувь нь гадаадын өндөр хөгжилтэй их сургуульд судалгаа хийж, лабораторийн тоног төхөрөөмж, урвалж бодисын тасралтгүй  хангамжтай газар судалгааны арга зүй эзэмшсэн мэргэжилтнүүд. Тэд маань төгсөж ирээд эх орондоо ажиллах гэхээр суралцаж дадсан орчин нь байдаггүй. Тиймээс гадаадад төгссөн залуу судлаачдыг Монголд нь ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал асуудал юм. Үүнийг шийдэхийн тулд манай сургууль зургаан жилийн өмнөөс эхлээд цөм лаборатори, туршилтын амьтны төв зэрэг судалгааны орчинг бүрдүүлж, Шинжлэх ухаан технологийн газар шинээр зохион байгуулж эрх зүйн зохицуулалт хийж ирсэн байгаа.

Бид 2013 онд “Анагаахын Залуу эрдэмтдийн анхдугаар чуулга” хийж  судалгааны их сургууль болоход тулгамдаж буй асуудал, гарах арга замыг эрэлхийлээд үндсэн 3 бүлэг ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх хэрэгтэй байгааг сургуулийн захиргаа, Эрдмийн зөвлөл,  Төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсан юм. Тухайн үед АШУҮИС нь Номхон далайн баруун эргийн бүсийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилго тавьсан тул судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг нэн даруй эрчимжүүлэх шаардлагатай байсан.  Судалгаа, эрдэм шинжилгээг идэвхжүүлэхэд судалгааны төсөл, грантыг тогтмолжуулах, ажиллах орчин, лаборатори, эм, урвалжийн ханган нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн импакт фактор өндөр сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх зардлыг даах зэрэг олон ажлыг санаачилан хэрэгжүүлсэн байдаг.

Хамгийн сүүлийн жишээ хэлбэл, судалгааны багийн бүх гишүүд нь үндэсний эрдэмтдээс бүрдсэн Ж.Сарантуяа профессорын баг олон улсын өндөр зэрэглэлтэй “Plos one” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн явдлыг дурдаж болно. Тус сэтгүүлд өгүүллээ  хэвлүүлнэ гэдэг нь тухайн багийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Өмнө нь Монгол эрдэмтэд голчлон гадаадын ямар нэгэн багтай хамтарсан өгүүлэл хэвлүүлдэг байсан.

-Судалгаа шинжилгээний ажлыг нэн тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

-Өөрийн салбараар жишээ болгон ярихад залуу судлаачдад судалгааны ажлаа тогтмолжуулахад тулгарч буй нэг том асуудал бол судлаачдад олгох төсөл, грант, мөнгөн урамшуулал байдаг. Түүнээс дутахгүй нөлөөлдөг хүчин зүйл нь лаборатори тоног төхөөрөмж, тэдгээрийн байнгын үйл ажиллагааг хангах урвалж, бодис, сэлбэгийн ханган нийлүүлэлтийн асуудал байна.  Мөн тодорхой хэмжээгээр төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь судалгаа, шинжилгээний байгууллагад улс төрийн нөлөөлөл хэрэгтэй байна гэсэн үг биш шүү. Жишээлбэл, лаборатори түшиглэн хийдэг олон судлагааны баг бий. Тэдгээрийн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай, урвалж, бодис, оношлуурыг ханган нийлүүлдэг компанид татварын хөнгөлөлт олгох, эргээд энэ үйлчилгээнд нь хяналт тавих маягаар төрийн зохицуулалт хэрэгтгэй байгаа юм.

Судалгааны багт мөнгөн урамшуулал олгох нь эргээд эрдэмтний бүтээлийн чансааг сайжруулдаг жишээ олон бий. Жишээ нь АНУ-д нэг эрдэмтний жилийн орлого 250-350 мянган ам.доллар байхад БНХАУ-д ижил чиглэлээр, ижил албан тушаалд байдаг эрдэмтний цалин түүнээс 5-10 дахин дахин бага байдаг. Гэхдээ БНХАУ-ын ЦингТао Их сургуулийн эрдэмтэн олон улсын зэрэглэл өндөр мэргэжлийн сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн тохиолдолд АНУ-ын судлаачдын жилийн цалинтай ижил хэмжээний  урамшуулал олгож байгаа нь амжилттай бүтээл туурвих эрмэлзэл, эдийн засгийн хэрэгцээг үүсгэж байгаа юм. Энэ нь эргээд тухайн эрдэмтний дараагийн ажлынх нь бүтээмжийг дээшлүүлдэг, судалгаанаас өөр юм бодох шаардлагагүй болгож байгаа юм. Өнөөдөр анагаахын чиглэлээр Хятадын судлаачид олон улсад тэргүүлж эхэлсэн байгаа.  

Үүнтэй ижил АШУҮИС 2016 оноос эхлээд  сургуулийн нэрээр шилдэг бүтээл хэвлүүлсэн залуу судлаачдад мөнгөн урамшуулал олгож эхэлсэн байдаг. Өнгөрсөн оны байдлаар давхардсан тоогоор 16 эрдэмтэнд 48 сая төгрөг олгосон.

-Цаашдаа залуу эрдэмтэд хамтран Монголын шинжлэх ухааны салбарын ямар асуудлыг шийдэхийг зорьж төлөвлөж байгаа тухайгаа ярихгүй юу?

 -Нийгмийн өмнөх үетэй харьцуулахад хүмүүсийн суурь боловсролын байдал, түвшин их өөр болж өөрчлөгдсөн. Шинжлэх ухаанч тайлбарыг ойлгодог масс багассан гэж хэлж болно.  Түүнтэй холбоотойгоор цахим ертөнцөд “Могой шейрлэвэл баян болно” гэдэг ч юм уу, батлагдаагүй эмчилгээний аргыг сайн гэдэгт итгэж нэг нэгэндээ зөвлөдөг тал элбэг байна. Энэ нь сая хэлсэнчлэн  тодорхой масс шинжлэх ухаанч гэдэг ойлголтоос холдож, ахуй талруугаа шилжсэнтэй холбоотой.  Хэн нэгэн хүн энэ ургамал, эсвэл энэ бүтээгдэхүүн сайн гэхээр ам дамжаад тэрнийг нь сайн гэж ойлгоод хэрэглэдэг. Хүн бүрийн халаглан яриад байгаа хавдрын өвчлөл дээр жишээ авахад, Хавдар судлалын үндэсний төв болон манай сургуулийн судлаачдын гаргасан тоон мэдээнээс харахад хавдраар өвдсөн хүмүүсийн 80 хүртэлх хувийг, нас барж буй хүмүүсийн 50-иас илүү хувийг эрт илрүүлэх боломжтой байсан. Гэтэл эрүүл мэндийн боловсрол  муу буюу шинжлэх ухаанч бус ахуйлаг хандлага руу шилжсэнээс болоод энэ байдал бий болж байна. Өнөөдөр олон хүн ахуйн асуудлаасаа давж гаралгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орох, энэ талын мэдээллээр өөрийгөө хангах ойлголт байдаггүй. Тэр утгаараа анагаахын салбарын залуу эрдэмтэд энэ чиглэлд илүү анхаарах зорилт тавьсан. Нөгөө талаасаа шинжлэх ухааны хөгжил яах аргагүй дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, суурь судалгааг нутагшуулах шаардлагатай болдог. Харин дэлхийд Монгол гэдэг нэрийг гаргахын тулд зөвхөн Монголд байдаг өвөрмөц зүйлийг дэлхийд таниулах шаардлагатай. Үүний хамгийн гол эх сурвалж бол яах аргагүй манай Монголын уламжлалт анагаах ухаан юм. Тиймээс МЗЭХ-ны Анагаах ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо залуу судлаачдыг эх орондоо ажиллах нөхцөлийг нь хангах, төсөл санхүүжилтийг тогтомлжуулах, Монгол анагаах ухааны эмийн, оношлогооны, эмчилгээний аргуудыг орчин үеийн, нотолгоонд суурилсан аргаар батлан харуулж дэлхийд таниулах том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Iim eruul setgelgeetei zaluu erdemten zaluusaa sain demjij, somsoj baigaasai. Bidnii ireedui ednii l gart bgaa shuu dee.

    0 0 Хариу бичих
  2. Naad t1 yumaa yund ni oruuldiim

    0 0 Хариу бичих
    • Ийм залуусаа дэмжих хэрэгтэй.

      0 0