Б.Баттөмөр: 2020 онд мөнгөний бодлогод их эрсдэл тулгарах нь

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ханшны тогтвортой байдал, мөнгөний нийлүүлэлтэд анализ хийх, чанаргүй зээлийг хянах, өрийг удирдах шаардлага үүссэнийг хэлж байлаа. Тэрбээр “2020 онд мөнгөний бодлогод их эрсдэл тулгарах нь. Олон улсын худалдааны дайнтай холбогдуулан Хятадын экспортод агшилт болж магадгүй гэсэн таамаг бий. ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт дуусна. Ирэх оны төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ их өсөлт нь импортыг нэмэгдүүлж магадгүй. Энэ нь ханшид нөлөөлж, инфляц өндөр болох магадлал байна. Тиймээс мөнгөний бодлогыг зөв удирдах шаардлага гараад байгаа юм. Төгрөгийн өгөөж ямар байгаа вэ” гэлээ. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкуудын харилцагчдаа төлж байгаа хадгаламжийн хүү 13-15 хувь. Энэ бол монгол төгрөгийн өгөөж. Гадаад валютын хадгаламж тав орчим хувийн хүүтэй байна. Үүнээс харвал монгол төгрөгийн өгөөж нь гадаад валютын өгөөжөөс өндөр байгаа юм. Чанаргүй зээл 10 хувьтай байгаа. Чанаргүй зээл өнгөрсөн жилийнхээс нэг хувиар буурсан. Яагаад сайн буурахгүй байна вэ гэвэл зээлийн маргаан үүсч удаан хугацааны дараа шийдвэрлэгдэх тохиолдол их байна. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин муу байгаа нь чанаргүй зээл буурахгүй байх шалтгаан болж байна” гэлээ. Мөн ажлын хэсгээс гадаад валютын нөөцийн хэмжээ дөрөв тэрбум орчим ам.доллар байгааг хэлэв. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөнгөний бодлого амаргүй сорилтуудтай тулгарч байгааг хэлэхийн зэрэгцээ зээлийн хүүг бууруулах шаардлагатайг онцолж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явуулахад тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)