Хурдан морины уралдааныг хориглох хуулийн төслийг дэмжив

Хаврын бүсийн уралдаанаас бусад хурдан морины уралдааныг өвөл, хаврын цагт хориглох, унаач хүүхдийн насны хязгаарыг 14-өөс дээш байх зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан юм. Тэрбээр “Хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгаж зохицуулах шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсрууллаа. Мөн уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан атал хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамд морь нь түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх  шаардлагатай байна” гэв. Түүнчлэн унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор морь дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалт тусгасан байна.

Мөн өвөл, хаварт ил, далд хэлбэрээр явагддаг олон уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор зөвхөн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулах бөгөөд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглохоор тусгасан байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. наадмаар нэг удаа л морь уралдуул.тийм хууль араад мөрд гүйцээ.малууд.

    0 0 Хариу бичих
  2. Өөр чухал хууль санаачлах сачий алга уу?

    0 0 Хариу бичих