Нурах эрсдэлтэй крануудыг буулгажээ

Барилгын кран ажиллуулахдаа аюулгүй байдлыг хангаагүйгээс болж автомашин дээрээс унасан, хүний амь нас хохироосон тохиолдлууд цөөнгүй гарч байв. Тиймээс нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм контраскшн” ХХК-ийн “Парк гарден” хотхоны барилга ажилд ашиглахаар угсарсан QTZ-40 маркийн цамхагт краны суурийг ажлын зургийн дагуу хийгээгүй тул уг краныг буулгаж аюулгүй ажиллагааг хангуулжээ. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Нийслэл өргөө” ХХК-ийн олон жил зогссон КБ-403 маркийн цамхагт краны сумыг буулгах арга хэмжээ авсан байна.

Аюулгүй ажиллагааны горим хангаагүй кран унаж байсан тохиолдлуудаас дурдвал Замын цагдаагийн газрын ойролцоо орших "S-Outlet" дэлгүүрийн гаднах замд барилгын кран унасан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Баянмонгол" хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн” компанийн “Саруул хороолол”-ын барилгын ажлыг гүйцэтгэж байх үед кран унаж зогсоол дээр байсан “Приус” маркийн гурван машиныг дарсан, Саппорогийн тойргоос 3, 4 хороололын чигт явган хүний замд 10 настай хүүхдийн дээрээс барилгын зуурмаг шахагч краны шон унаж, амь насыг нь хохироосон, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд баригдаж буй "Гарден сити-2” хотхоны блокийн барилгын ажилд ашиглахаар угсарсан цамхагт краны угсралтын цилиндрийн бэхэлгээний боолтууд тасарч, оройн хэсэг цөмөрч хүн дээр унасны улмаас ажилтан Э бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гээд олон жишээ бий. Тиймээс барилгын компаниудыг цамхагт кран суурилуулахдаа дүрэм журам, норм нормативыг сайтар биелүүлж, аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)