Монгол орны хөрсний эвдрэл гамшгийн хэмжээнд хүрсэн гэлээ

Дэлхийн хөрс судлалын холбоо, НҮБ-ын ХХААБ хамтран 2012 оноос эхлэн Дэлхийн хөрсний өдрийг жил бүрийн 12 дугаар сард тэмдэглэх болжээ. Үүнтэй холбогдуулан “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ-наас өчигдөр зохион байгуулсан байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд манай орны хөрс судлалын шинжлэх ухааны түвшин, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрсний үржил шим, тариалангийн хөрсний элэгдэл эвдрэлийн судалгаа, хот орчмын хөрсний бохирдол, шинжилгээний үр дүн, хөрс сайжруулах, хамгаалах асуудлыг хэлэлцэж, эрдэмтэд судалгааны арга зүй, үр дүн, туршлага солилцох, судалгааны үр дүнг сурталчилах болон зарим тулгамдсан асуудлын шийдвэр тусгуулах талаар хэлэлцжээ.  БОАЖЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ГХГЗЗГ, Нийслэлийн байгаль орчны газар, ХААИС, МУИС, ШУТИС, Дархан хот УГТХ, ГЗГЭХ, НЭМХ, "Гацуурт" ХХК, "Оюу толгой" ХХK зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд уг хуралд оролцсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Г.Нямдаваа эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол орны хөрсөн бүрхүүл нь ялзмагт үе давхарга нимгэн, үржил шимээр ядуу, нэгж талбайгаас бий болох бүтээгдэхүүний хэмжээ бага, хөрс-уур амьсгалын чадавхи хязгаарлагдмал, хөрсний нөөцийг зохистой ашиглан, хамгаалах эрхзүйн орчин төгөлдөршөөгүй, ашиглагч, эзэмшигчдийн экологийн боловсрол, сэтгэлгээ тааруухан зэргээс шалтгаалан хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол эрчимтэй явагдаж, хөрсний нөөцийн зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой асуудал хуримтлагдсаар эцэст нь шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй гэдгийг онцолж байв.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хөрс элэгдэж эвдрэх, үржил шим буурах, физик-химийн бохирдол манай орны байгалийн бүх бүслүүрийг хамарч газар ашиглалтын төрөл бүрд ихээхэн илэрч байгаа нь хөрсний нөөцийг ашиглаж буй арга хэлбэр, амьдралын хэв загвар болон аж ахуй эрхлэх үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах хэрэгтэйг илтгэж байна.

Дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл үзэл, чиг хандлагаас улс орны эдийн засгийн тогтвортой байдал нь хөрсний үржил шим, түүнийг хэр зэрэг хамгаалж оновчтой ашиглахаас улам бүр хамааралтай болох нь ажиглагдаж байна.  Дэлхийн хэмжээнд нийт хуурай газар 13.0 тэрбум га байдгаас эдэлбэр газар 1.4 тэрбум га, бэлчээр 3.5 тэрбум га, ой 4.2 тэрбум га тус тус эзэлдэг байна.  Нийт тариалангийн талбайн 11 хувь үржил шимтэй хөрс, 40 хувь элэгдэл, эвдрэлд өртсөн хөрс байдаг нь тогтоогдсон талаар  хурлын үеэр хөрс судлаачид танилцуулж байлаа.

Манай улсын хувьд Газрын бодлогын хүрээлэнгийн 1992 оны судалгаанд нийт  1206.4 мян.га  талбай хамрагдсанаас 561.5 мян.га нь элэгдсэн, үүний дотор 12.9 хувь нь хүчтэй элэгдсэн байсан бол УГТСЭШ–ний хүрээлэнгийн 2010 оны судалгаагаар  нийт 579.3 мян.га хамрагдсанаас 100 хувь  элэгдсэн ба 60.6 хувь нь хүчтэй элэгдсэн байгаа гэсэн дүн гарчээ. Үүнээс үзэхэд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тариалангийн хөрсний үржил шимийн бууралт нь гамшгийн хэмжээнд хүрч болохоор байгааг судлаачид хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)