Улс төрийн санхүүжилтийн сайн жишээ: Латви

“Улс төрийн  санхүүжилтийн хяналтын тогтолцоо:  Олон улсын туршлага” хэлэлцүүлгийн үеэр Латви улсын Авлигатай тэмцэх агентлагийн Улс төрийн намын хяналтын газрын дарга Амилижа Рейтума танилцуулсан юм. Тус улсын улс төрийн санхүүжилтийг хянах тогтолцоог олон улсад сайн жишээ гэж үнэлдэг байна. Түүний танилцуулсныг хүргэе.

Латви улсад эхэндээ улс төрийн санхүүжилтэд Татварын ерөнхий газар нь хяналт тавьдаг байжээ. Одоо бол улс төрийн санхүүжилтийг  Авлигатай тэмцэх агентлаг нь хянадаг байна. Түүн дотроо Улс төрийн намын хяналтын газар нь есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр улс төрийн санхүүжилтийг хянадаг юм байна. Тэд сонгуулийн зардлыг хэтрүүлэхгүй байхад анхаарлаа хандуулдаг гэнэ. Учир нь сонгуулийн зардал нэмэгдэхээр намуудын санхүүжилт нэмэгддэг. Намуудын санхүүжилт нэмэгдэх нь намууд хууль бус, бохир мөнгө олох эрсдэлтэй гэж үздэг байна. Латви жижиг улс хэдий ч 70-80  улс төрийн намтай түүнээс зургаан намыг нь төрөөс санхүүжүүлдэг байна. Төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх нь эргээд хянах тогтолцоо нь хялбар байдгийг тэрбээр хэлж байв.

Мөн Латвид Авлигатай тэмцэх агентлагт их хэмжээний эрх мэдэл олгосон нь улс төрийн санхүүжилтийн хяналтыг сайжруулахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, тус газар банкнаас орлого, зарлага, гүйлгээний мэдээллийг авах, Дээд шүүхэд хүсэлт явуулж шаардлагатай мэдээллээ авах гэх мэт эрх мэдэл нь бүрэн байдаг байна. Латвийн улс төрийн санхүүжилтийг сайн хянахад нөлөөлдөг нэг зүйл нь намуудын тайланг авах дараалал гэнэ. Тодруулбал, Авлигатай тэмцэх агентлаг нь бүрэн эрхийнхээ хүрээнд намуудын тайланг аваад, хянасны дараа олон нийтэд нээлттэйгээр цахим хуудаст байршуулдаг байна. Харин бусад улсад намууд тайлангаа цахим хуудаст байрлуулаад дараа нь хянах байгууллагад илгээдэг гэнэ. Энэ нь намууд тайлангаа дураараа гаргаж болох эрсдэлийг дагуулдаг. Хяналтаар намууд хууль бус хандив авсан бол түүнийг улсын өмч болгодог. Хэрэв түүнийгээ улсад өгөөгүй бол намыг хаах санал гаргах хүртэл хэмжээний хариуцлага хүлээлгэдэг талаар Улс төрийн намын хяналтын газрын дарга Амилижа Рейтума онцолж байлаа.

Засгийн газраас намуудад олгодог санхүүжилтийн тухайд бол эхлээд 600 мянган еврог л төсөвлөдөг байжээ. Одоо энэ санхүүжилт нь  4.5 сая еврод хүрсэн байна. Улсаас олгож байгаа санхүүжилт ийнхүү өссөн болохоор хувь хүнээс өгөх хандивын хэмжээг бууруулжээ. Өөрөөр хэлбэл, одоо Латви улсад нэг хүн хоёр мянган еврогоос илүү хандив өгөхийг хориглодог байна. Энэ нь аливаа нэг хүн намд хандив өгсөн нэрээр УИХ-ын үйл ажиллагааг лоббидох, намд нөлөөлөхөөс сэргийлдэг юм байна.

Тэрбээр улс төрийн санхүүжилтийг хянахад тухайн улсын төрийн байгууллагын уялдаа чухал. Гэвч энэ нь улс бүрт өөр өөр байдаг. Тиймээс Латви шиг хянах эрхийг нэг агентлагад төвлөрүүлбэл, илүү үр дүнтэйг нэмж хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)