Шүүгч авлига авбал ядуугийн буруу, ядуу хүн хулгай хийвэл өөрийнх нь буруу

“Дэлхийн хүүхдийн өдөр” өнгөрсөн сарын 20-нд тохиов. Гэсэн ч монголчууд “Зургадугаар сарын 1-нд тэмдэглэдэг биш үү” гэсэн бололтой, нэг их тоосонгүй. “Өдөр бүр нэг баяр болдог болжээ” гэх тээршаасан бодлыг нь өрдөөд л өнгөрөв бололтой. Уг түүхийг нь яривал НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр чуулганаар Хүүхдийн эрхийн тухай конвенцыг анх баталж байсан, 2017 оноос “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон чухал өдөр. Харин манай улсын хувьд 1990 оны тавдугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон эхний таван улсын нэг болсон байдаг. Гэхдээ конвенцид нэгдэх нэг хэрэг, үүргээ биелүүлж, бодитой ажил хийх өөр хэрэг. Манай улс хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр их ажил зохиож байгаа ч амьдрал дээр хүүхдүүд л хамгийн их хохирч байна.

Эцэг эхийн хайр халамжийг мэдэрч, шаардлагатай зүйлсээр хангуулж амьдрах нь хүүхэд бүрт байдаг заяагдмал эрх. Бусад улсад бол эгэл жирийн зүйл. Харин Монгол Улсын хувьд, эцэг эхийн хайр халамжинд өсч бойжиж байгаа эдгээр үрсийг “дэндүү азтай” гэж тодорхойлохоор нөхцөл байдал үүсчихжээ. Нийгмийн хорт хавдар болсон гэмт хэрэг, гэр бүл салалт, өвчлөл гэх мэтийн уг үндэс нь ердөө л улс орны эдийн засаг, амжиргааны түвшинтэй холбоотой байдаг. Энэ утгаараа буруутан нь чадваргүй эрх баригчид, чадамжгүй төр гэж үзэх үндэстэй. Төр засгийн арчаагүй байдлаас болж ард иргэд гуйланчлалд нэрвэгдэж, бяцхан үрс өнчрөл, хагацлын гашууныг амсч байна.

Хорвоо хоёр нүүртэй. Өнгөлөг, мөнгөлөг гэр бүлд төрж идэх уухаар хангалуун, өмсч зүүхээр дутахгүй өсч буй нь байхад өнчрөл хагацалд өртөж, амьдралын гашууныг ханатал амсч байгаа нь бий. Элэг бүтэн, жаргалтай байгаа үрсийг наранд байгаа гэж төсөөлбөл яг одоо Монголд сүүдэрт даарч жиндэж байгаа үрс хэтэрхий олон болчихжээ. Харамсалтай нь, ийм байдалд орсон хүүхдүүдийг төр гаргуунд нь гаргаж, хэн ч хайхрахгүй орхиж байгаагаас алдаж эндэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

СХД-ийн Улсын бүртгэлийн газрын дарга Х.Булгантамир:

Дүүргийн хэмжээнд гэр бүл салалт маш их нэмэгдэж байгаа. Гэрлэлтээ бүртгүүлсэн нийт хосуудын 25 хувь нь салдаг. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 700 хос гэрлэлтээ батлуулж, 153 хос гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл салж байгаагийн шалтгааныг судлахад эдийн засгийн асуудал, мөн ядуурал, ажилгүйдэл, орон байргүй зэргээс үүдсэн маргаан зонхилж байгаа. Мөн цуцлуулсан гэр бүлийн 25 хувь нь гадаадад ажиллаж амьдарч байгаа хосууд байна. 

2015 оны Хүүхдийн баярын өмнөхөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод амьдардаг 16 настай хүүг мэргэжил мэдлэг муутай нэгэн шүүгч 60 мянган төгрөгийн хохиролтой хэрэгт буруутган, “гэмт хэрэг давтан үйлдсэн” гэдэг үндэслэлээр 10 жилийн хорих ял оноож байлаа. Хохирол нь машины хагарсан цонхны шилний төлбөр болох 60 мянган төгрөг. Энэ явдал олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байв.

12-хон насандаа гурван жаахан дүү, хэвтрийн өвчтэй ээжтэйгээ хамт үлдэж, амьдралыг сөрж эхэлсэн тэр хөвгүүн том хүнд ч хүнд хүчир гэж тооцогддог хөрөө рам дээр ажиллан гэр бүлээ тэжээдэг байсан байна. Ингэж явахдаа хоёр удаа хулгайн хэрэг үйлдэж, эхний удаад тэнсэн харгалзах ял, давтан үйлдээд 10 жилийн ял авчээ. “Хулгайч хүн хэзээ ч засардаггүй, хэнийг ч хайрладаггүй” гэдэг үг бий. Энэ нэг талаар үнэн. Гэвч энэ хүүгийн тухайд арай өөр. “Давтан” хэргээрээ бусдад учруулсан хохирол нь 60 мянган төгрөг.Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд хохирлын хэмжээг тодорхойлохдоо ” 29.1. Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно” гэж заасан байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөг байсан. Гэтэл шүүхээс 60 мянган төгрөгийг онц их гэж тооцон /ЭХ-ийн 145.4. “Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ доод тал нь 10 жилийн ялтай зүйл ангиар ял шийтгэсэн байна. Эрүүгийн хуулинд давтан гэмт хэрэг үйлдэхийг хүндрүүлэх шалтгаан болгож тооцдог, засаршгүй этгээд гэж үзвэл ялын хэмжээ нэмэгддэг. Тэгэх ч ёстой. Гэхдээ хар дээр цагаанаар биччихсэн хуулийн заалтыг зөрчиж, хүний эрх чөлөөг хасна гэдэг байж боломгүй зүйл юм. Хэлмэгдсэн хүү ажил хийдэг байсан бөгөөд засрашгүй, мэргэжсэн хулгайч нар хэзээ ч тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм.

Манай эрүүгийн болон бусад хуулийн зүйл заалтад шийтгэлийн хэмжээг хэтэрхий хол зөрүүтэй бичсэн байдаг. Яг нэг ижил хэрэгт торгох, хорих ялны алиныг ч өгч болох мэтээр бичигдсэн. Шүүгч хэрэг үйлдсэн этгээдийг таван жилээр шоронд суулгаж болно, эсвэл торгож болно. Энэ их том зааг зөрүүн дээр тохирсон шийтгэл ногдуулахыг л шударга ёс гээд байгаа юм шүү дээ. Түүнээс биш, хуулийн заалт харж байгаад л ял оноох, алх цохихыг бол хэн ч хийж чадна.

Шүүгч авлига авбал ядуугийн буруу, ядуу хүн хулгай хийвэл өөрийнх нь буруу

Өнөөдөр монголчуудын дунд шударга бус явдал газар авч, ядуусыг гадуурхсаар сүүлдээ тийм байх ёстой юм шиг сонин байдал руу оруулчихаж. Шүүгч авлига авбал буруу биш, цалин бага байгаагийн буруу гэнэ. Монголын хамгийн сор болсон ухаантай, мундаг улсууд чуулсан УИХ үүнийг үнэхээр бодит шалтгаан мөн гэж үзээд, Монголдоо л хамгийн өндөр цалин пүнлүүг олгох болсон. Тэгвэл ядуурснаас болж хулгай хийх вий гээд иргэдийнхээ амьжиргааг өөд нь татсан бил үү.

Баруун Европын орнуудад амьдарч байгаад Монголдоо ирсэн нэг танил маань ямар ажил төрөл эрхэлж байсан талаар асуухад минь “Хулгай хийж байлаа. Үнэндээ ажил олдохгүй, амьдрах ямар ч боломжгүй хүмүүс яаж амьдрах юм бэ. Өлс үхэлтэй нь биш, хулгай л хийнэ шүү дээ”хэмээн хэлж байж билээ. Тухайн үедээ “Тийм дээ” хэмээн зөвшиж байсан. Тэгвэл Монголд байгаа 100 гаруй мянган ажилгүйчүүд, тэдний цаана байгаа үр хүүхдүүд яаж амьдрах ёстой вэ.Ажил олдохгүй байна гэсэн яриа сонсохоороо зарим улстөрчид “Ажил зөндөө л байна, зар үзэхгүй юу” гэж хэлэх дуртай. Гэтэл ажил хайж байгаа, нийгмийн идэвхитэй бүлгийн ажилгүй иргэд хэдэн зуун мянгад хүрээд байна шүү дээ. Хүүхэд ярьж байгаад юун том хүний асуудал руу орчихов гэж зарим уншигч гайхаж байж магадгүй. Хүүхэд сайн, сайхан амьдрах үндэс нь эцэг, эхчүүд буюу томчууд учраас л халтирч ороод байна.

Улсын хэмжээнд 40 гаруй мянган өрх толгойлсон эмэгтэй, 40 мянган хагас өнчин, таван мянган бүтэн өнчин хүүхэд байна. Гэр бүлийн баталгаагаа салгуулаагүй болохоос үр хүүхдээ зөнд нь хаясан хичнээн хүн байгааг хэн ч таашгүй. Ийм нөхцөл байдалд орсониргэд юу хийж амиа зогоох вэ. Идэх, өмсөх анхдагч хэрэгцээгээ хэрхэн хангах вэ.

Улсаа л хөгжүүлбэл хүндрэл аяндаа шийдэгдэнэ

Төр засгийн томчууд хүүхдийн баяр боллоо гээд бэлэг тараагаад нэг л их инээсэн сайхан сэтгэлтэй улсууд зурагтын дэлгэцээр өдөржин гардаг. Аймаг, Нийслэл, дүүргийн дарга нар, иргэдийн төлөөлөгчид нь ажлынхаа тайланд “Хийсэн ажил” гэж гарчиг тавьж байгаад “Хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг өглөө” гэж ичиж үхмээр юм бичдэг. Үнэндээ тэр уутанд юу байгааг хэн мэдэх юм бэ. 20 хүүхдэд 3000 төгрөгийн бэлэг тараалаа гээд хэн хожих юм бэ. Түүний оронд улс орноо баяжуулмаар байна шүү дээ. Төр засаг иргэн бүрт олгож байсан хувь, хишгийг зогсоохдоо “Хүн болгонд мөнгө тараахгүй, зорилтот бүлэгт ахиу мөнгө тараана” гэж амалсан. Гэтэл одоо болтол нийгмийн эмзэг бүлэгт очдог мөнгө нэмэгдсэн зүйл алга. Хүүхдүүдийг үнэхээр бодож байгаа л юм бол эцэг эхийг нь ажилтай болго л доо. Тэд ажилтай орлоготой болчих юм бол хүүхдүүдээ хүнээс дутаахгүй шүү дээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хүн ам өсөөд 5 сая хүрвэл юу болох болоо.ай хөөрхий монголын заяа их гэнэлээ л гэж залибархаас даа.

    0 0 Хариу бичих
  2. Тэр хүү яасан бол... Хүүхдэд 10 жилийн ял өгүүлэх гэж шүүгчдийн цалинг нэмсэн болж байна уу

    0 0 Хариу бичих