Монголбанкны Хяналтын зөвлөл хуралджээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр болж Төв банкны тухай хуулийн Хяналтын зөвлөлтэй холбогдсон хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Сүүлийн жилүүдэд Төв банк(Монголбанк)-ны тухай хуульд орсон өөрчлөлтүүд, олон улсын тэргүүн туршлага, нийгмийн хэрэгцээ шаардлага хүлээлтийг харгалзан Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Төгрөгийн ханш, инфляцийг тогтвортой бөгөөд ончтой түвшинд байлгахад үнэ, ханш, валютын зах зээлийг зах зээлийн зарчим, зохих хууль тогтоомжийн хүрээнд явуулахад анхаарч байхыг Монголбанк, түүний холбогдох ажилтнуудад зөвлөв.

Мөн улирлын нөлөө ихтэй мах, нефть бүтээгдэхүүний нөөц, хангамжийн мэдээллийг өвөл болохоос 2 долоо хоног тутам авч, дүгнэлт хийж бүтээгдэхүүний аюулгүйн нөөцийн бүрдүүлэлтийг ямагт анхаарч байх, Засгийн газарт тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байх, төгрөгийн ханшийг хиймлээр дээш, доош болгох замаар мөнгө угаах ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг чангатгах, тагнуулын тандалт, мөрдөлтийг тогтмол хийж байвал зохилтой гэж дүгнэсэн. Хяналтын зөвлөлийн гишүүн М.Энх-Амгалан “Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад аялал жуулчлалын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийн талаархи”  судалгааны ажлаа танилцуулж, цаашид энэ асуудал дээр төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)