А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэх уралдааны тов

ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын зохиолчдын эвлэл болон Монгол дахь “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газар хамтарч, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд уран зохиолын орчуулагч мэргэжлээр элсэн суралцахыг хүсэгчдийн дунд уралдаант шалгаруулалт зарласан. А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль бол уран зохиолын чанартай боловсрол олгодгоороо олон улсад тэргүүлдэг юм. 
 
Уралдаант шалгаруулалтад уран зохиол сонирхдог залуу уран бүтээлчид (25 нас хүртэлх), монгол, орос сургуулийн төгсөх ангийн сурагчдыг оролцох боломжтой юм. 

 
Шалгаруулалтад оролцогчид өөрийнхөө бүтээлийг илгээнэ (монгол-орос, орос-монгол орчуулгын бүтээл). Орчуулгын хэмжээ нэг хэвлэлийн хуудаснаас илүүгүй байна (24 хуудас). Тухайн уралдаант шалгаруулалтад оролцогч нь орчуулах бүтээлээ (үргэлжилсэн үг, яруу найраг, жүжгийн зохиол болон бусад) өөрөө сонгоно. 
 
Орчуулгын бүтээлийг Монголын зохиолчид, орчуулагчид, хэл шинжлэлийн ухааны мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ. 
 
Энэхүү шалгаруулалтад оролцогчид доорх анкет (хавсралт 1)-ыг бөглөж, орчуулгын хамт 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дотор [email protected] цахим шуудангийн хаягаар илгээх шаардлагатай.
 
 А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн талаарх мэдээллийг litinstitut.ru цахим хуудаснаас авч болно. 
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)