Татвараа нэмбэл хариуцлагаа өндөрсгө

Нийслэлийн авто замын төлбөрийг нэмэх сурагтай. Зарим төрлийн машины төлбөр тав дахин өсөх гэнэ. Галзуу солиотой гэгддэг “Фортуна” Н.Батбаяр ч алтны татварыг ингэж суга нэмээгүй. Хотын дарга С.Амарсайхан энэ шийдвэрээ зам сайжруулах зорилготой гэсэн ч хэд дахин, хэрхэн сайжуулахаа хэлсэнгүй. Харин иргэд замын түгжрэл буурна гэж горьдож байх шиг. Замын түгжрэлийг төр шийдэх учиртай, шаардлагатай бол татвараа ч нэмэх ёстой. Гэхдээ түгжрэлээс өөр асуудал ч бий.

Бидэнтэй холбоотой статистик

Дэлхийн өрсөлдөх чадварын 2017 оны тайланг харвал Монгол авто замын чанараараа 140 улсаас 119 дүгээрт, Ази тивдээ адагт нь оржээ. Харин хүн амд ногдох тээврийн хэрэгслийн тоогоороо бусдын доор орохгүй. Ноднингийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээгээр Монголд нийт 970 818 машин тэрэг тоологдож. Үүний 537 657 нь Улаанбаатарт бүртгэлтэй байна. Гурван хүн тутамд нэг автомашин гэсэн үг. Тэгэхээр замын түгжрэл бол нийслэлийн гол асуудал. Үүнээс гадна зам тээврийн осол гэж өөр аюул бий. 2018 онд 28 259 зам тээврийн осол бүртгэгдсэний 25 666 нь буюу 90 хувь нь Улаанбаатарт гарчээ. Бүх аваарын 28 794 буюу 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэнэ. Бидний ярьдгаар “Приустэй оркууд” л хамаг гай түйтгэрийн шалтгаан болдог байх нь. Бас 2.1 хувь нь явган зорчигчоос болжээ. Харин 0.2 хувь нь замын нөхцлөөс шалтгаалсан гэжээ. Замаас шалтгаалсан осол 2018 онд улсын хэмжээнд 48 бүртгэгдсэний 24 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарсан гэнэ. Европын Хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тээврийн хорооны тайланд замаас шалтгаалсан осол 22-28 хувьтай байна. Замын нөхцлөөрөө Азид сүүл мушгидаг улсын энэ үзүүлэлт өндөр стандарттай Европынхоос 110 дахин бага гэж үү?!?

Бидний тооцдоггүй нөхцөл

Улаанбаатарын авто замын асуудлыг гүүр, нүхэн гарцаар шийдчихнэ гэж бодвол хэтэрхий харалган. Амьдрал дээр түгжрэл, түүнчлэн осол аваарын томоохон хувийг замын эвдрэл гэмтэл эзэлж байгаа боловч авто замын аудит хөгжөөгүй учраас яс тоо гарахгүй байна. Нийслэл 2018 онд авто замд 7.5 тэрбум төгрөг зарцуулсан, энэ мөнгөний тодорхой хэсгээр 113.243,75 м2 нөхөөс тавьсан аж. Гэхдээ нөхөх гэж хэдэн өдөр сар болдгийг бид андахгүй. Тэр хооронд тэдгээр нүхийг тойрч, дайрч гарахаар түгжрэхийн дээр мөргөлдөж, шүргэлцэх энүүхэнд. Энэ тохиолдолд жолооч хохирлынхоо тодорхой хувийг даатгалын компаниас авчихдаг. 2018 онд Албан журмын даатгагчдын холбооны гишүүн 15 даатгалын компани 655 545 жолоочтой гэрээ байгуулж, 31.6 тэрбум төгрөгийн хураамж авсныхаа 16.9 тэрбумыг нь нөхөн төлбөрийг олгожээ. Гэтэл замын эвдрэл гэмтлээс үүдэн машин тэргээ гэмтээсэн жолооч хаана хандах вэ? Хохирлоо хэнээс нэхэх вэ? Ямартаа ч Зөрчлийн тухай хуулийн 14.5.5 заалт ёсоор холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах заалттай. Улаанбаатарын хувьд хамгийн түрүүнд Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газар хариуцлага хүлээх учиртай. Гэхдээ энэ хоёр байгууллагаас хохирлоо гаргуулсан тохиолдол хайгаад олсонгүй. 

Бидэнд гарах боломж

Юм яаж ч муудсан сайжрах тал руугаа явдаг гэдэг. Нийслэл авто зам ашигласны төлбөр нэмэх тусам нөхцөл дээрдэнэ гэдэг горьдлого үүслээ. Урьд энэ төлбөрт жил бүр 30 орчим тэрбум төгрөг цугладаг байж. Хойтонгоос энэ тоо 150 тэрбум хүрэх боломжтой. Мэдээж энэ мөнгийг Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газар зарцуулах биз. Нэгэнт төлбөрөө нэмж байгаа бол хариуцлагыг нь ч өндөр болгомоор. Замын эвдрэл гэмтлээс үүдэн машин тэргээрээ хохирсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.5.5 зүйлийг л яс хэрэгжүүлье. Төсөв нь тав дахин нэмэгдэх газруудаас хариуцлага нэхье. Европын Хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тээврийн хорооны тайлангаас харвал хариуцлага тооцох энэ тогтолцоо маш үр дүнтэй ажилладаг юм байна. Хариуцлага огт ярихгүй бол хэн чиг л ажилдаа хайнга ханддаг. Нийслэл энэ чигтээ авто зам ашиглалтын төлбөр нэмбэл иргэд гүйцэтгэл нэхье. Ер нь бол хуулиа л дагасан нь өлзийтэй билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. уг нь Замын түгжирлээ бодоод Зөв ч бай Буруу ч бай Татвараа нэмээд үзэх л байсан юм, Иргэд маань Төрийн тогтоол шийдвэрийг дагаж дотроо дургүй байвч Татвар Торгуулийг боол шиг хүссэнээр нь өгдөг л байлаа , Тэглээ гээд Улс орны байдал, Иргэдийн амьжиргаа сайжирсан зүйлгүй, харин ч өнөө Татварт өгсөн Мөнгий маань харин Төрийн өндөр Албан тушаалтан гэх Луйварчинд алдаад Ор сураггүй болгочихожээ, Иим байхад Иргэд олон түмэн элдэв Гоё нэртэй Татвар хураамж төлөхөөсөө дургүйцжил таараа шүү дээ, Одоо энэ Түгжирэл бууруулах гээд бас Гоё үгээр Хуурч Иргэдээс хэд нугалсан Татвар авах гэж байгаа Хэн хүнгүй л Эсэргүүцэнэ шүү дээ, Иргэдэд бас Хардах Эрх байна, учир нь энэ Гоё нэртэй Татварын мөнгийг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулахгүй Эрх баригчид буюу МАН ирэх Сонгууль даа ашиглачихана гэж л болгоомжилж байгаа шүү дээ, Үгүй гэх Үндэслэл баталгаа байхгүй шүү дээ,Эрх баригч МАН анхнаасаа л Иргэд ээ Хуурч мэхэлж Худлаа амлаж Олонхи болж Засгийн Эрх авсан боловч үнэн дээ, Хууль бусаар Засгийн Эрхийг авчихсан нь Шүүхээр нотлогдлоо шүү дээ, Одоо Иргэдэд улам муу санаа сууж, Болгоомжилдог болчихсон байна шүү дэз,

    0 0 Хариу бичих
  2. Betonon zam moodond orj

    0 0 Хариу бичих
  3. Es zuigee

    0 0 Хариу бичих