Д.Эрдэнэбат: Сонгогчид улс нэг тойрогт нэр дэвшигчдээс 26 хүнийг сонгох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах процесс үргэлжилж байна. Төсөл боловсруулсан ажлын хэсгээс 19 гишүүн асуулт асуухаар нэрээ бүртгүүлээд байна.

Д.Эрдэнэбат: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн холимог тогтолцоог оруулах гэсэн боловч эсэргүүцээд унагасан. Гэтэл АН-ынхан холмиог тогтолцоог дэмжиж байгаа гэсэн шиг ийм төсөл орж ирж байна. Ингэж заль мэх хэрэглэж болохгүй. Сонгогчид томсгосон тойрогт нэр дэвшигчдээс ганцхан хүнийг л сонгоно гэдэг бол утгагүй. 26 хүнийг сонгох ёстой. Ингэвэл техникийн хувьд боломжтой юу. Үүнээс гадна шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ. 

Л.Энх-Амгалан: -Энэ тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн холимог тогтолцоо оруулж ирлээ гээд байх юм. Энэ бол том, жижиг тойрог нийлсэн мажоритар тогтолцоо. Сонгогч намаас нэр дэвшүүлсэн нээлттэй жагсаалтаас сонголтоо хийх учраас энэ нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Мажоритар тогтолцооноос хамгийн зөв гэж үзсэн, манай улсын онцлогт тохирсон тогтолцоог оруулж ирсэн. Жижиг 76 тойргийн нэг тойрогт 10 гаруй хүн нэр дэвшдэг. Тэндээс нэг л хүнийг сонгодог шүү дээ. Тиймээс түүнтэй адилхан нэг л хүнийг сонгоно. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: -Одоо хүчин төгөлдөр хуулиар бол санал авахаас 60 хоногийн өмнө зогсооно. Гэхдээ хэн шийдвэр гаргаж зогсоохыг тодорхой заагаагүй байдаг. Харин энэ төсөлд улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын даргын шийдвэрээр зогсооно.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -50 жижиг тойрог, нэг том тойрогт нам бүрээс 26 хүн нэр дэвшинэ гэж тооцвол  900 гаруй хүн нэр дэвшинэ гэж үзэж байгаа. Өмнөх сонгуулиар сонгогчдод нэг саналын хуудас өгдөг байсан бол одоо дөрвөн саналын хуудас өгөхөөр болж байна. Жижиг тойргийн нэг саналын хуудас. Түүнээс гадна улс нэг тойрогт нэр дэвшигчид гурван саналын хуудсанд багтана. 

Д.Эрдэнэбат: -Нэг тойрог 26 мандаттай бол 26 хүнийг л сонгох ёстой. Түүнээс биш нэг хүнийг сонго гэж хүчиндэж болохгүй. Шилжилт хөдөлгөөнийг тойрог тогтоосон өдрөөс зогсоох хэрэгтэй. Өмнөх сонгууль шиг зүйл хийж болохгүй шүү та нар.

Ч.Содномцэрэн: -26 хүнийг сонгоно гэхээр цаг их орно. Сонгууль нэг өдөрт багтахгүй. Хоёрдугаарт, техникийн боломжгүй. 26 хүн нэр дэвших том тойрогт нэр  дэвшигчдээс нэгээс олон хүнийг сонгоход техникийн хувьд боломжгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)