АНЭУ-ын Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авав

Чуулганы хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгасан.

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. АНЭУ 2016 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг орон сууцны “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр газар худалдан авч, Элчин сайдын яамаа нээсэн байна. Улмаар уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлжээ. Тиймээс Засгийн газар төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)