Л.Энх-Амгалан: Адил хэмжээтэй сурталчилгааны самбарыг нэг газар байрлуулна

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Ж.Энхбаяр: -Үндсэн хуульд нийцүүлсэн сонгуулийн шинэ хууль оруулж байна. Хуулиар мөнгөний сонгууль болох эрсдэлийг хаах хэрэгтэй. Гурван шүүмжлэлтэй асуудал байна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалт нь мөнгөний сонгуулийг өдөөж байна. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой цагийн зохицуулалт байна. Сонгуулийн сурталчилгаа явуулах 18 хоногт нийт нэр дэвшигчдийн 50 хувь Үндэсний телевизээр сурталчилгаа явуулах боломжтой болох нь. 50 хувь нь боломжгүй юм байна. Мөн сурталчилгааны хэвлэмэл материалыг нэг стандарт оруулмаар байгаа юм. Сонгогчид мөнгөний нөлөөллөөр сонголтгүй болох нөхцөл байдал бий болох нь. Нэг зүйл тодруулъя. Сэтгэцийн эмгэггүй байна гэж байна. Үүнийг хэзээ, хаана, хэн тодруулах вэ.

Л.Энх-Амгалан: -Манай улс сонгуулийн тогтолцооноос хамаараад өндөр өртөгтэй сонгууль явуулдаг юм билээ. Тиймээс өндөр зардлыг багасгах чиглэл рүү явж байна. Бүх нэр дэвшигч нэг гараанаас хөдлөх нь зөв. Тухайлбал, сурталчилгааны самбар нь нэг хэмжээтэй, нэг газар байрлуулах зохицуулалт тусгасан. Телевизийн нэвтрүүлгээр сурталчилгаа явуулах зохицуулалтад дэвшил гарсан.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан: -Сэтгэцийн эмгэгтэй холбоотой саналыг Засгийн газраас оруулсан. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс лавлагаа авах юм. Нэр дэвшигчид бүртгүүлэхдээ лавлагааг хамт авчирна.

Ж.Энхбаяр: Радиа телевизийн хугацааг хэлсэнгүй. Нэр дэвшигчид сурталчилгаагаа телевизээр гаргахгүй байх бололцоотой болох нь. Сэтгэцийн эмгэгийн асуудлаа нэг мөр тодорхой болгоно уу.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохиуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир: -Олон нийтийн радио, телевизээс бусад телевизийн сурталчилгаа гаргах хугацааг 60 минут гэж байгаа. Олон нийтийн радио, телевизээр нэр дэвшигчийн сурталчилгаа хийх хугацааг батална.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)