М.Билэгт: Хувь тэнцүүлж 26 хүнийг сонгох төслийг дэмжих боломжгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.

М.Билэгт: -Улстөрчид нь төлөвшөөгүй байгаа учраас холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж болохгүй гэж байсан. Гэтэл одоо хувь тэнцүүлсэн байдлаар 26 хүнийг сонгох төсөл оруулж ирлээ. Тиймээс энэ төслийг дэмжихгүй. 2016 онд сонгуулийн хуулиа батлахдаа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох заалт оруулсан байсан. Гэвч сонгуулийн өмнө өөрчлөлт оруулахдаа 20 хувь болгож бууруулсан. Энэ удаад хамгийн багадаа 30 хувьд хүргэх шаардлагатай байна. Нийт иргэдийн 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байгаа. Мөн санал тоолох автомат машиныхаа программыг хаана хийх вэ. Өөрсдөө дотооддоо хийж байгаа юу?

Л.Энх-Амгалан: -Эмэгтэйчүүдийн квотыг 20-оос доошгүй хувь байхаар тусгасан. Ер нь цаашдаа 76 эмэгтэй гишүүнтэй болохыг ч үгүйсгэхгүй. Аймаг, нийслэлийн ИТХ-д байгаа эмэгтэйчүүдийн тоо 40 хувьд хүрчихсэн юм билээ. УИХ-д бол 17 хувь байгаа. Сонгуулийн хар машинаар олон удаа сонгууль явуулсан. Тиймээс үүн дээр эргэлзээ арилсан гэж бодож байгаа. Мөн өнгөрсөн сонгуулиас эхлээд СЕХ санал хураалтын дүнг шууд гаргадаг болсон.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -СЕХ-ны Мэдээлэл технологийн төв сонгууль бүрээр программ шинээр зохиодог. Тойрог, нэр дэвшигч, мандат тодорхой болсны дараа программаа зохионо. Үүнд ТЕГ хяналт тавьж ажилладаг. Гаднын ямар нэгэн нөлөө байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)