Б.Баттөмөр: 50+26 хувилбар чинь пропорцианалиас ялгаагүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Б.Баттөмөр: Үндсэн хуульд иргэд төлөөлөгчөө шууд сонгоно гэдгийг ойлгомжтой заасан. Пропорцианаль тогтолцоо Үндсэн хуульд нийцэхгүй. Харин мажаритар тогтолцооны холимог хувилбар нь пропорцианалиас ялгаагүй болж байна. Жалга довноос салъя, улс орноо хөгжүүлье л гэж ярих юм. Үүнийг болгоомжтой хэлээрэй. Монгол Улс чинь жалга довноос л бүрдэж байгаа шүү. Жалга довсоод байх юм байхгүй. Улсын хөгжлийн асуудлыг эрэмбэлэх хэрэгтэй. Эрэмбэлж чадахгүй байгаа учраас л ийм асуудал гараад байгаа юм. Хоёр асуудал байна. Нам бүрээс 26 хүн нэр дэвшүүлнэ гэж байна. 900 гаруй хүн нэр дэвшүүлэх нь. Үүнээс нэг л хүнийг сонгох нь хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчих үү. Мөн бие даагчид том тойрогт нэр дэвших боломжийг яаж гаргаж байгаа вэ.

Л.Энх-Амгалан: Зөв хувилбарыг нь сонгоно. Өмнө нь намын хаалттай жагсаалттай холбоотойгоор л Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан гэдгийг эрдэмтэд хэлдэг. Эрдэмтдийнхээ үгийг сонсож, зөв хууль гаргая гэж бодсон. Б.Баттөмөр гишүүн бол улсын хөгжил ярьдаг цөөн гишүүний нэг. Харин таны ярьдаг хөгжилд 50+26 хувилбар нь илүү зөв сонголт болно гэдгийг бодож үзээрэй. Улс нэг тойрог болсон 26 мандатаас нэг хүнийг сонгох, жижиг мажоритараас нэг хүн сонгох зарчим нь адилхан байна гэж үзэж байгаа. Онолын хувьд 26 хүн дугуйлах боломжтой. Гэхдээ техникийн боломж байхгүй. Тиймээс нэг хүнийг сонгоно. Бие даагчдын хувьд бүх нэр дэвшигчтэй адилхан зарчим баримтална.

Б.Баттөмөр: 2016 оны өмнө Цэцэд гомдол гаргасан Банзрагч гэдэг хүн бий. Тэр хүн Ийгл телевизэд өгсөн ярилцлагадаа маш тодорхой ярьсан байна лээ. Ярилцлага нь Ийгл.мн сайтад гарсан байна. Хэлэлцүүлгийн хувьд тодорхой шийдээд явах байх.

Л.Энх-Амгалан: Өмнө нь бид нам дугуйлж, сонголтоо хийсэн. Харин одоо бол хүнээ шууд сонгох сонголтыг өгч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)