О.Баасанхүү: 50+26 хувилбарыг Ерөнхийлөгчийн захиалга гэж харж байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

О.Баасанхүү: -Том тойрогт нэр дэвших нь мөнгөтэй хүмүүст ашигтай. УИХ-ын гишүүд дөрвөн жилийн турш бусдад илүү танигдсан байж магадгүй. Харин парламентын гадна байгаа мэдлэг чадвартай, шударга хүмүүс яах юм бэ. 50 жижиг тойрог гэдэг Ерөнхийлөгчийн санал гэж бодож байна. Танай намын дарга Ерөнхийлөгч хоёр нэг зүйл ярьдаг болсон. Сөрөг хүчнийг нухчин дарахыг яасан их хүсч байна вэ. Гурван үсэгтэй компанийн захирал аа, танаас асууя.

Л.Энх-Амгалан: Гурван үсэгтэй компаниас би гарсан. Хүний нэр төрд халдаж байна шүү. Энэ хуулийн төслийг бид бусад намуудтай зөвшилцсөн. Хүмүүс оймсонд хавчуулагдан орно гэж байна. Ийм зүйл байхгүй. Өмнө нь намын хаалттай жагсаалтаар оймсонд хавчуулагдсан гишүүд ордог юм байна. 900 гаруй хүнээс хүн сонгоно гэдэг хэцүү. Нэгийг нь л сонгоно. Ард түмнээр эрэмбэлүүлнэ. Тиймээс хэн нэгний оймсонд хавчуулагдана гэж байхгүй.

О.Баасанхүү: Оймсонд хавчуулагдана гэж Хятадын тагнуулын хэлсэн үгийг цусаараа цээжилсэнд баярлалаа. 50 хувийн санал авлаа гэхэд 13 нь орно. Энэ зарчим чинь шударга бус. Хятадын тагнуулууд Монголыг самрахгүй шүү.

Л.Энх-Амгалан: Санал тоолох аргачлал. Улс даяар хүмүүс сонголтоо хийнэ. МАН-ын нэр дэвшигчдийн нийт саналын хувиар суудал авна. Гэхдээ жагсахдаа авсан саналын дарааллаар сонгоно. Энэ аргачлалын нэг сул тал нь өндөр рейтингтэй хүмүүс намдаа их суудал авчирдаг. Голланд тухайн жагсаалтад нийт сонгогчийн 25 хувийн санал авбал жагсаалт хамаарахгүйгээр сонгогдож болох хувилбар байдаг. Ийм хувилбар ярихаар ойлгохыг хүсэхгүй л юм даа. Судалгаа харж, ойлгохыг хүсье О.Баасанхүү гишүүн ээ.

О.Баасанхүү: Энэ гулсах зарчим чинь шударга уу. Нэг хүн тавиас дээш хувийн санал авчихлаа гэхэд араас нь санал аваагүй хүмүүс жагсаж УИХ-д суух боломжтой болно шүү дээ.

Л.Энх-Амгалан: -Нэг ч хүнээс санал аваагүй хүн УИХ-ын гишүүн болохгүй шүү дээ. Нам намаас нэр дэвшиж байгаа хүмүүсээс хамгийн нэр хүндтэй, хүндэлдэг хүнээ л сонгоно ш дээ. Авсан саналаараа л эрэмбэлэгдэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)