NHL-д тоглосон анхны “өнгөт арьстан” Кинг Квонг

Хойд Америкийн NHL буюу Үндэсний хоккейн лиг БНХАУ-ын зах зээлийг сонирхож, багууд нь Шанхай, Бээжинд тоглох болсоор хоёр жил өнгөрчээ. Гэсэн ч дэлхийн хамгийн том зах зээлийг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо шиг ахархан хугацаанд байлдан дагуулах нь бараг л боломжгүй зүйл бололтой. Учир нь, ҮСБХ-нд Яо Мин байсан бол NHL-д хэн ч алга. Цаашдаа ч гарч ирэх магадлал маш бага. Пол Кария мэтийн (Супер од Пол Кария япон-канадын эрлийз) хоккейчин олъё гэсэн ч алга.

Гэхдээ нэлээд дээр үеийнх л гэхээс БНХАУ-ыг NHL-тэй холбох эх сурвалж байна уу гэвэл байна. 1948 онд Ларри Квонг гэх хятад эр Үндэсний хоккейн лигт тоглож байжээ. Гэхдээ ганцхан тоглолтод оролцоод л больсон байна. Тэр үед БНХАУ дэлхийн тэргүүлэх эдийн засаг байгаагүй тул хэн ч Л.Квонгийн замналд санаа зовсонгүй. Хятад орон Чан Кайши, Мао Зэдун нарын хоорондын тэмцэлд үрэгдэхээ шахаж байсан тул БНХАУ дахь NHL-ийн элч болох боломж ч тохиосонгүй. Гэсэн ч тэрээр NHL-ийн хамгийн анхны өнгөт арьст тоглогч гэдгээрээ түүхэнд орсон юм.

Алтны эрэлчийн хүү

ХIX зуун бол дэлхий “Алтны эргүүлэг”-т живж байсан цаг үе. Алтны хайгуулчид Г хэмээх нийгмийн анги давхарга бий болж, хаана алт гарна тийшээ хэдэн зуун мянгаараа сүрэглэн тэмүүлдэг байлаа. Баяжих хүсэлдээ хөтлөгдсөн эдгээр хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд газрын хол (Алтны хамгийн том ордууд Бразил, Өмнөд Африк, Австрали, Канад, АНУ-ын Аляска, Оросын Сибирьт нээгдэж байсан), ажлын хэцүүг юман чинээ тоодоггүй байв. Тэдний нэг болох Энг хэмээх хятад эр 1884 онд Канадын Бритиш Колумби мужид ирсэн нь Ларри Квонгийн эцэг байжээ. Тэрээр алт хайгаад баяжиж базаасангүй тул тэгсгээд больж, Верноне хотод “Kwong Hing Lung” гэдэг нэртэй дэлгүүр ажиллуулан өнөр өтгөн гэр бүлээ (Хоёр эхнэрийн 15 хүүхэдтэй байжээ) тэжээх болсон аж. 1923 онд төрсөн Ларри 14 дэх хүүхэд нь байжээ. Сонирхолтой нь, Ларриг төрсөн тэр жил Канад улс хятад цагаачдыг хүлээж авахаа больсон байдаг. Хятадуудыг сонгуульд ч оролцуулдаггүй байжээ.

Хоккей, ялгаварлан гадуурхалт

Квонгийг таван настай байхад эцэг нь нас барж, дэлгүүр нь ээжийнх нь мэдэлд шилжжээ. Харин Ларри хүү хоккейтэй нөхөрлөн жирийн канад хүүхдүүдийн нэгэн адил өдөржин мөсөн дээр өнжих болсон байна. Дэлгүүрийнх нь яг хажууд гулгуурын талбайтай байсан нь үүнд нөлөөлсөн гэдэг. Ээждээ сайтар тусалсны хүчинд тэшүүр авахуулснаар Ларри хүүгийн хоккей тоглох хүсэл биелж, наймтайдаа Верноне хотын хүүхдийн багт элсчээ. Гэхдээ бүх зүйл амар байсангүй. Арьсны үзэл АНУ-аас гадна Канадад ч байсан учир Ларри бусдаас илүү бэрхшээл туулж, илт илүү байж л амжилтад хүрэх тавилан ногдсон юм.

“Би хүүхэд байхдаа хотынхоо үсчний газарт ч орж чаддагүй байлаа. Яагаад гэвэл би хятад хүн. Энэ хандлагаас болж их бухимддаг байсан” (Ларри Квонг, CHBC News, 2011 он) 

Ларри хоккейд ч, амьдрал дээр ч ялгаварлан гадуурхалттай нүүр тулдаг байв. Баг нь нэг удаа АНУ-ын нутаг руу ордог авто замаар тэмцээн болох газар руугаа явж таарчээ. Хил дээр тэрээр Канадад төрснөө батлах бичиг баримтаа үзүүлсэн ч царайг нь үндэслээд нэвтрүүлээгүй гэдэг. 10-хан настай жаал энэ явдлаас болоод ганцаараа галт тэрэгний буудал орж, тэндээсээ тэмцээн болох газар руугаа явж байжээ. 

Тэмцээн ба дайн

Хэдий хүнд асуудлууд байсан ч Ларригийн тамирчны замнал муугүй эхэлж, 16 настайдаа Верноне хотын багаа мужийн аварга болгожээ. Төвийн довтлогч тэрээр мөсөн дээр онцгой хурдтай тэшдгээрээ “Хятадын клипер” (хамгийн хурдан хөвдөг хөлөг онгоц), талбай дээрх давамгай тоглолтоороо “Кинг Квонг” гэдэг хочтой болсон аж. 1933 онд “Кинг Конг” кино дэлгэцэнд гарч, ид алдаршиж байснаас ийм хочтой болжээ.

Дэлхийн II дайн эхлэхэд Ларри “Трейл Смоук Итерс” хэмээх нэлээд алдартай хагас мэргэжлийн багт орж амжсан байв. Засгийн газар хятад цагаачдыг цэрэгт татах бодлого бариагүй тул цэрэгт явах хэрэг гарсангүй. Тэнд Ларри бас л ялгаварлан гадуурхалтаас хол байсангүй. Багийн бусад тоглогчид үйлдвэрт өндөр цалинтай ажилладаг байхад Ларри зочид буудалд ор татаж, цэвэрлэгээ хийнэ. 1944 онд түүнийг цэрэгт татсан ч Европ дахь фронт руу илгээсэнгүй. Бусад хоккейчин-цэргүүдийн (NHL-ийн тоглогчдыг оролцуулаад) адилаар “зориулалтынх нь дагуу” ашигладаг байв. Тэднээс баг бүрдүүлж, цэргүүдийг зугаацуулахаар хооронд нь өрсөлдүүлдэг байжээ. Нью-Йорк руу явав Дайн дууссаны дараа Ларри “Трейл” багтаа эргэн нэгдэж, шууд л мужийн аваргад түрүүлжээ. Зүгээр ч үгүй, шигшээ тоглолтод хожлын гоол оруулсан аж. Үүний дараа “Ирээдүйтэй хятад жаал” (хэвлэлийнхний өгсөн хоч)-ыг “Нью-Йорк Рейнжерс” баг дуудаж, фарм клуб болох “Роверс”-доо авчээ. Нью-Йоркод ирээд Квонгийн нөхцөл байдал шууд өөрчлөгдлөө. Ахынхаа хуучин хүрмийг өмсөн шинэ баг руугаа очсон тэрээр жилийн 6000 ам.долларын гэрээ байгуулж, “Мэдисон сквер гарден”-д тоглох болов. Байрлалаа сольж, жигүүрийн довтлогч болсон Ларри Манхэттэний ”Хятад хотхон”-д хамгийн алдартай хүн боллоо. “Роверс”-т өнгөрүүлсэн хоёр дахь улиралдаа 48 тоглолтод 57 оноо авч, нэгдүгээр багаас хүсэн хүлээсэн дуудлагаа авчээ. 1948 оны гуравдугаар сарын 13. Квонгийн мөрөөдөл биелж, тэрээр алдарт Морис Ришарын “Монреаль канадиенс”-тай хийх тоглолтын мэдүүлэгт багтсан байна. Гэвч үүнээс цааших түүх тийм ч сайхан өрнөөгүй юм. Дасгалжуулагч Фрэнк Буше түүнийг талбайд нэг л удаа оруулж, минут орчим л тоглуулжээ. 

“Надад өөрийгөө харуулах боломж үнэндээ гараагүй. Шидтэн л биш бол ганцхан минутад юу хийж чадах билээ” (Ларри Квонг, New York Times, 2013 он) 

“Түүхэн үйл явдал” дууссаны дараа Ларриг хоёрдугаар багт буцааж, дахиж нэг ч тоглолтод дуудаагүй юм. Тэгсэн хэр нь “Роверс”-ын бусад лидер тоглогчдыг (Жишээлбэл Фред Шеро) нэгдүгээр багт байнга дуудаж, талбай дээр удаан гаргадаг байжээ. Хэрэг явдал ингэж эргэсэнд хоёр шалтгаан байсан гэж үздэг. Нэгдүгээрт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл. Ларри Канадад төрсөн ч америкчуудын хувьд хятад хүн байлаа. Харин NHL бол цагаан арьстнуудын лиг. Тиймээс имижээ өөрчлөхийг хүсээгүй хэрэг. Үндэсний хоккейн лигт тоглосон анхны хар арьст тоглогч Уилли О Ри гэхэд л Квонгоос даруй 10-аад жилийн хойно лигт мөрөө гаргасан гэж бодохоор тухайн үеийн нөхцөл байдал тодорхой. Хоёрдугаарт, тэр үед лиг ердөө зургаан багтай байсан тул өрсөлдөөн маш ширүүн явагддаг байсан. Гэтэл Квонг жижиг биетэй (168 см, 68 кг) байлаа. Лигт одоо ч ийм жижиг тоглогчдын орон зай байхгүй шахуу билээ.

NHL-д гялалзаагүй ч од боллоо

Дээр өгүүлсэн хүнд байдлаас болж сэтгэлээр унасан Квонг Квебек мужийн QSHL лигийн “Валлифильд Брэйвс” багт тоглохоор одсон юм. Тэнд долоон жил тоглохдоо 1950-1951 оны улиралд аваргалж, 60 тоглолтод 85 оноо аван лигийн “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарчээ. Тэгэхэд багийн дасгалжуулагч нь “Монреал канадиенс”-ын ахлагч асан Хектор “То” Блэйк, багийн ахлагч нь Жан Беливо байсан гэдэг.

“Квонг дамжуулалт сайтай тул хамтрагчдаа илүү хүчирхэг болгодог. Төвийн тоглогч хүний хийх ёстойг л тэр хийдэг байлаа” (Жан Беливо, New York Times, 2013 он) 

Квонг 1957 онд Европ явж, Английн лигт нэг жил (”Ноттингем”-д тоглож 55 тоглолтод 55 гоол оруулсан), Швейцарийн лигт зургаан жил тогложээ. Дараа нь тэрээр Швейцарьт нэлээд хэдэн жил теннисний (Квонгийн хүүхэд байхаасаа хичээллэсэн бас нэг спорт нь) дасгалжуулагчаар ажилласан юм. Улмаар 1972 онд Канаддаа эргэж ирээд Калгарид суурьшиж, ахын хамтаар хувийн бизнесээ цэцэглүүлжээ.

Домог

Ларри Квонг өнгөрсөн жил 94 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний 14 ах, эгч, дүү нар бараг бүгд хамтдаа энэ хүртэл амьдарсныг нь бас л нэг гайхамшиг гэлтэй. Хөгширсөн хойноо хөлөө тайруулж тэргэнцэрт суусан ч тэрээр хөлбөмбөг, хоккейн тэмцээнийг байнга очиж үздэг, амьдралын идэвхтэй хэмнэлийг барьж байжээ. 

Ларри Квонгийн спортын амжилтыг нь үнэлэн 2013 онд Британийн Колумби мужийн Спортын алдрын танхимд нэрийг нь мөнхөлсөн бол, түүний тухай хийгдсэн баримтат кино Гуанжоуд болсон кино наадмаас шагнал хүртэж байв. Нэг минут бол нэг минут. Гэсэн ч лигийг бүрхсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэдэг хоригийг анхлан давсан хүн бол яалт ч үгүй Ларри Квонг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)