Хүүхдийн ядуурлын судалгааг хийнэ

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон ХНХЯ-ны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар “Олон хэмжээст хүүхдийн ядуурал”-ын тусгайлсан тооцоолол хийх шаардлага байгаа талаар санал солилцож, цаашид олон улсын түвшинд хэрэглэгдэж буй арга, аргачлалын дагуу тооцооллыг хамтран хийж тархаах, ингэхдээ хүүхдийн ядуурлыг хэмжих үзүүлэлтийг салбаруудын оролцоог ханган тодорхойлох тал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Дэлхий нийтээрээ “Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох” тэргүүн зорилгыг тавьж,  уг зорилгын хүрээнд улс орон бүр одоо байгаа нөхцөл байдлаа үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох үйл ажиллагааг чухалчилж байна. Ядуурлыг зөвхөн мөнгөн хэмжээсээр хэмжигдэх орлого эсвэл хэрэглээний гэхээс илүү хүний амьдралын бусад олон хүчин зүйлээр тодорхойлох нь бодлогын түвшинд илүү ач холбогдолтой болохыг сүүлийн жилүүдэд илүүтэй онцлох болсон ажээ.

Тиймдээ ч олон хэмжээст ядуурлын үзүүлэлт тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд нэн дундаа хүүхдийн ядуурлыг хэмжихдээ онцгойлон авч үзэх зайлшгүй шаардлага гарч буйг олон улс орон хүлээн зөвшөөрч тооцооллыг хийж байгаа юм.

Монгол Улсын хувьд, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь Статистикийн тухай хуульд 5 жил тутам зохион байгуулахаар заагдсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2018 онд зохион байгуулагдсан. Уг судалгаа нь нийгмийн олон асуудлыг тодорхойлох, тэр дундаа хүүхдийн талаарх цогц мэдээллийг цуглуулсан үндэсний хэмжээний томоохон эх сурвалж тул уг мэдээллээ ашиглаж, илүү нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх нь туйлын чухал гэж үздэг. Тиймээс “Олон хэмжээст хүүхдийн ядуурал”-ын тусгайлсан тооцоолол хийхээр ажиллаж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)