"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаанд үхрийн мах 6600-7000 үнэтэй байна

 “Өвлийн идэш” махны өргөтгөсөн  худалдаа энэ сарын 20-н хүртэл үргэлжилнэ

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Улаанбаатар хотын гурван дүүргийн худалдааны төвүүдэд явагдаж байна.  Өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Скай их дэлгүүрийн урд талбайд Сүхбаатар Дундговь зэрэг аймгаас ирсэн малчид махаа худалдаалж байна. Үнийн хувьд үхрийн мах 7000, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гаргасан гэж салбарын яамнаас мэдээлж байсан. Энэ хүрээнд үнэ ханш боломжийн байгааг иргэд хэлж, малчид ч мах нь хурдан худалдаалагдаж байгааг онцолж байна.

Махны өргөтгөсөн худалдаанд  таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаалж байна

 “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд гарч байгаа юм. Тодруулбал, бидний зорин очсон “Скай” их дэлгүүрийн өргөтгөсөн худалдаанд иргэд олноор цуглажээ. Тэнд нэг кг адууны мах 5500 төгрөг бол үхрийн мах 6800 төгрөгийн үнэтэй байна.

Малчид махны борлуулалт сайн авчирсан махаа өдөртөө дуусгаж байгаагаа ярьсан бол иргэд дундуын ченжийн гар дамжаагүй боломжийн үнээр мах худалдан авч байгаа хэмээн ам сайтай байлаа. 

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд  Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм байна. Гэхдээ авчирсан мах нь өдөртөө дуусаад байгаа учраас зарим аймгийн малчид хот хооронд ирж буцаж байгаа гэв.

Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд өргөтгөсөн худалдаанд үхрийн мах 6600-7000, адууны мах 5800, хонины мах 5500-6000, ямааны мах 4500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)