Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулна

Энэ оны есөн сарын байдлаар 95 мянган иргэн ипотекийн зээл авчээ

2013 оноос эхэлсэн ипотекийн зээлд энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 95 мянган хүн хамрагдаж, зээлийн хэмжээ 4,5 их наяд төгрөгт хүрчээ. Нийслэлд байгаа 290 мянган өрхөд орон сууцны хангамжаа дээшлүүлэх хэрэгцээ байгаа ч иргэдийн зээлд хамрагдаж байгаа тоон үзүүлэлт 2017 оноос хойш буурсаар байна. Иймээс 8 хувийн ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар болжээ.

2018 онд 309 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4676 иргэн олгосон бол 2019 онд ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөг батлагдсанаас 11 сарын Монголбанкны мэдээллээр 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5287 иргэнд олгоод байна. Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн хүүгийн татааст 60 тэрбум төгрөг баталсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд ирэх оноос Монголбанк ипотекийн зээлийн асуудлыг засгийн газарт буюу сангийн яаманд бүрэн шилжүүлж байгаа. 8 хувийн хүүтэй зээл олголт 2017 он хүртэл өндөр байсан ч 2018 оноос эхлэн зээлийн хэмжээ багасаж, 2019 оны зээл олголтын түвшин 2012 он буюу хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеийн зээл олголтын түвшинтэй ижил болсон байна. Энэ нь нэг талаас зээлийн санхүүжилттэй холбоотой ч нөгөө талаар 30 хувийн урьдчилгаа төлөөд зээлд хамрагдах чадамжтай иргэдийн тоо буурсантай ч холбоотой юм.

Тэнхлэг зууч ХХК-ийн Олон нийттэй харилцах ажилтан П.Алтанболор “Улаанбаатар хотод орон сууц хэрэгцээтэй 217 мянган айлын 16 хувь буюу 30 гаран мянган айлд орон сууц худалдан авах чадамж байгаа юм. Бусад өрхүүдэд орон сууц хэрэгцээтэй ч авах боломжгүй байна. Тэр хүмүүсийг яагаад орон сууцтай болж чадахгүй  байгааг судалж үзэхэд зах зээл дээр байгаа орон сууцны үнэ өндөр, урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх боломж муу, өрхийн орлого зээлд хүрэлцэхгүй байна гэдэг зүйл гарсан. Хамгийн гол зонхилох шалтгаан нь өрхийн орлого муу байгаатай холбоотой байсан

Дунджаар 1,1-1,5 сая төгрөгийн сарын дундаж орлоготой, худалдан авах орон сууцныхаа 30 хувийг төлөх чадвартай иргэн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан ч энэ зээлд хамрагдах чадамжтай хүний  тоо буурч, банкнаас зээлийн олголтоо ч хумисан. Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн хүүгийн татааст 60 тэрбум төгрөг л баталсан нь энэ өмнөх оноос бараг 2 дахин буурсан үзүүлэлт юм. 8 хувийн хүүтэй зээл цаашид үргэлжлэх ч хүртээмж бага байхаар байна. зээлийн журамд өөрчлөлт оруулахаар Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам, сангийн яам зэрэг хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж энэ сардаа багтааж зээлийн журмыг өөрчлөх нь ээ.

Монголын ипотекийн корпорацийн тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил “2020 оны улсын төсөв батлагдахад ирэх жил төлөвлөсөн байсан 60 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх цэвэр зээл биш хүүгийн татаас гэдэг хэлбэрээр төсвийн шууд цэвэр зарлагаар баталсан байгаа. Цаашлаад Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам банкнуудтайгаа нэлээд хамтарч ажиллах байх. Бид ч гэсэн ямар схемээр хэрэгжиж журам хэрхэн батлагдахыг хүлээж байгаа”

БХБЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат “2020 оноос Засгийн газар ипотекийн зээлийн асуудлыг хариуцаж авахаар болж байгаа. 2020 оны улсын төсвийн хуулинд ипотекийн зээлийн хөрөнгийн хэмжээг 60 тэрбум төгрөгөөр батлагдсан.  Үүнтэй холбогдуулаад ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулахаар Сангийн яам, Монголбанк, манай яамнаас хамтран ажиллаж байна” гэв.

Одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн журамд амины орон сууц худалдан авахад 8 хувийн хүүтэй зээл олгох зохицуулалт байгаа ч нэг ч зээл олгогдоогүй байна. Иймээс цаашид зээлийн журамд өөрчлөлт оруулахаар ийнхүү талууд ажиллаж байгаа гэлээ. Энэ сардаа багтаж журмыг батлах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Орлого бага 30 хувь бүрдүүлж чадахгүй байна гэдгийг харсан нь саашаалтай ч, гол асуудал авсан зээлээ нугалж төлж байгаад гол учир нь байна шдээ, хүүний асуудлаа иргэн харах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. Өндөр хөгжилтэй орнууд яагаад зээлийн хүү бага мөртлөө цалин өндөр байгаад манайх эсрэгээрээ байгаад байдгийг нэг тайлбарлаж өгөөч. Энэ ерөөсөө ойлгомжтой асуудал шүүдээ энэ өргөн уудам газартай, цөөхөн хүн амтай улс газар нь үнэтэй, орон сууц нь үнэтэй, зээлийн хүү нь өндөр, урьдчилгаа нь өндөр, цалин нь асар бага, баян ядуугийн ялгаа асар өндөр байгаа нь энэ ялзарсан төрд л байна. Ард иргэдийг үнэхээр амьжиргааны түвшинд сэтгэхүйг нь байлгаж өөр юм бодох боломж олгохгүй байна. Иймэрхүү байдлаар бид хэзээ ч утаанаас салахгүй байсаар бүгд хорт хавдартай, тархины хомсдолтой болсоор нэг улсын колони болох вийдээ халаг гэж. Үүнийг нулимс дуслуулан, сэтгэл шимширч бичлээ.

    0 0 Хариу бичих
  3. Шинээр баригдсан барилгуудын үнэд багагүй нөлөөлдөг зүйл бол: 1-рт өндөр үнэтэй худалдан авсан газар, 2-рт дэд бүтцийн холболт, бусад зөвшөөрөл авахад зарцуулдаг авилгал. Үүнд зарцуулдаг мөнгө нь байхгүй бол Иргэдээ хямд орон сууцаар хангах гэдэг асуудал харьцангуй шийдвэрлэгдэх боломжтой.

    0 0 Хариу бичих