"Ид шидийн орон" жендэрийн мэдрэмжтэй инновацын шийдлээр шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. 

Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг өнгөрсөн жилээс хийж, тус судалгаанд үндэслэн “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.

Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих юм байна. Чуулганы үеэр “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн төсөлд санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Мөн энэ үеэр “Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага” илтгэлийг  нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, “Төрөөс жендэрийн тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа” илтгэлийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” илтгэлийг Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр боловсруулах багийн зөвлөх Ш.Солонго, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төсөл, хэрэгжүүлэх арга хэмжээний төслийн танилцуулга” илтгэлийг ЖҮХ-ны дэргэдэх ЖҮШБ-ийн ахлагч, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор нар тус тус хүргэж, оролцогчдоор хэлэлцүүлэв.

Түүнчлэн “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы үеэр нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон нийслэлийн Төр, захиргааны байгууллагуудын жендэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нь үнэлэн, жендэрийн мэдрэмжтэй шийдэл бүхий сайн туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шилдэг байгууллагуудыг шалгарууллаа.

  • Жендэрийн мэдрэмжтэй дүүргээр - Чингэлтэй дүүрэг
  • Жендэрийн мэдрэмжтэй хороогоор - Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо
  • Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллагаар - Монгол Улсын Үндэсний статистикийн хороо
  • Жендэрийн мэдрэмжтэй олон улсын байгууллагаар – Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
  • Жендэрийн мэдрэмжтэй аж ахуйн нэгжээр – Нийслэлийн Соёлын төв өргөө
  • Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар – Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз
  • Жендэрийн мэдрэмжтэй бүтээн байгуулалтаар – Бүтээлч 100 төслийн “Нүхэн гарцын тохижилт”
  • Жендэрийн мэдрэмжтэй үйлдвэрлэгчээр – ТЭСО корпораци
  • Жендэрийн мэдрэмжтэй инновацын шийдлээр – “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв тус тус шалгарч, өргөмжлөл хүртлээ.

“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы төгсгөлд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нийслэл Улаанбаатар хотын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээнд нэвтрүүлэх нь иргэдэд ээлтэй хотыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй тул чуулганаас арван заалт бүхий зөвлөмжийг гаргажээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)